БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Аавтайгаа эвлэрсэн минь
ТӨРСӨН ОН: 1954
УЛС: Филиппин
ӨМНӨ НЬ: Ууртай догшин ааваасаа зугтаж гэрээсээ явсан
ӨМНӨХ АМЬДРАЛ
Филиппиний Пагсанхан хотын ойролцоох хүрхрээнүүдийг үзэх гэж жуулчин их ирдэг. Тэнд миний аав Нардо Лерон ядуу айлд төрж өссөн юм. Аав минь эрх баригчид, цагдаа нар, хамт ажилладаг хүмүүсийнхээ шударга бус үйлдлээс болж уурлаж бухимддаг, догшин ширүүн авиртай болсон.
Аав ээж хоёр минь найман хүүхдээ өсгөх гэж борви бохис хийлгүй зүтгэсэн. Ууланд гарч будаа тариалдаг болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их. Роделио ах бид хоёр хоёулхнаа үлддэг, өлсөж цангах үе бишгүй л байлаа. Тоглож наадах гэдгийг бид бараг мэдэхгүй өссөн дөө. Тэр үед бид долоон нас хүрээд л талбайд ажиллаж эхэлдэг байсан. Наргил модны самрыг үүрээд уулын замаар явна. Өргөж дийлэхгүй бол чирээд яв гэдэг байсан.
Аав биднийг их зодно, тэр зодуурыг тэвчих амаргүй байсан. Гэхдээ зодуулж байгаа ээжийгээ харах хамгийн хэцүү байв. Аавыг болиулах гэж оролдсон ч бид яаж дийлэх вэ дээ. Роделио ах бид хоёр том болоод аавыг ална гэж тохирсон юм. Хайрлаж халамжилдаг аавтай болохыг л хүсэж явсан даа.
Харгис ширүүн аавдаа уурлаж хорссон би 14 настайдаа гэрээсээ явлаа. Нэг хэсэг гудамжинд амьдарсан. Тэгээд марихуан татдаг болов. Тэгж яваад завьчин болж, жуулчдад хүрхрээ үзүүлдэг боллоо.
Хэдэн жилийн дараа би Манилад байдаг их сургуульд оров. Гэхдээ амралтын өдрүүдэд Пагсанхан руу явж ажил хийдэг байсан болохоор хичээл хийх цаг бараг гардаггүй байлаа. Амьдрал их хэцүү, утга учиргүй санагдана, марихуан ч намайг тайвшруулахаа больсон. Ингээд сэргээш, кокайн, героиныг хэрэглэдэг боллоо. Мансууруулах бодис хэрэглэдэг хүн садар самуун явдалд ч бас орооцолддог юм байна билээ. Би хаана ч очсон, ядуурал, шударга бус явдал, зовлон зүдүүрийг харж байсан. Энэ бүхэнд эрх баригчдыг буруутгаж, үзэн яддаг байв. Тэгээд Бурханд залбирч «Амьдрал яагаад ийм байдаг юм бэ?» гэж асууж үзлээ. Янз бүрийн шашныг сонирхож үзсэн ч асуултуудынхаа хариуг авч чадаагүй. Цөхрөнгөө барж мансууруулах бодис бүр их хэрэглэдэг болсон.
1972 онд Филиппинд оюутнууд засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн юм. Би нэг удаа жагсаалд оролцож байтал эмх замбараагүй байдал үүссэн. Олон хүн баривчлагдаж, хэдэн сарын дараа улс орон даяар дайны байдал зарласан.
Ингээд би дахиад гудамжинд гарлаа. Жагсаалд оролцсон болохоор эрх мэдэлтнүүдээс айсандаа тэр шүү дээ. Мансууруулах бодис авах мөнгө олохын тулд хулгай хийхээс өөр замгүй болж, эцэстээ баячуудад, гадныханд биеэ үнэлдэг болсон. Үхсэн ч яадаг юм гэж боддог байв.
Намайг тэгж явахад ээж, эрэгтэй дүү хоёр маань Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхэлж л дээ. Аав их уурлаж, Библид үндэслэсэн хэвлэлийг нь шатаасан гэсэн. Гэхдээ ээж дүү хоёр бууж өгөлгүй баптисм хүртэж Гэрч болсон юм байна билээ.
Нэг Гэрч, Бурхан дэлхий дахинд шударга ёс тогтоох тухай Библид бичсэн байдгийг аавд ярьж өгчээ (Дуулал 72:12–14). Энэ сэдэв аавын сонирхлыг татаж, өөрөө судалж үзэхээр шийджээ. Тэгээд Библи судлаад шударга сайн засгийн газрын талаарх Бурхны амлалтыг мэдээд зогсохгүй нөхөр, эцэг хүнийг Бурхан ямар байгаасай гэж хүсдэгийг мэдэж авчээ (Эфэс 5:28; 6:4). Удалгүй манай гэрийнхэн бүгдээрээ Гэрч болсон юм байна билээ. Би гэрээсээ хол байсан болохоор энэ бүгдийг мэдэлгүй өнгөрсөн юм.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН
1978 онд би Австрали руу нүүсэн. Баян чинээлэг, тайван амгалан улсад ирсэн ч амар тайвныг мэдэрч чаддаггүй байлаа. Урьдынх шигээ л уудаг, мансуурдаг байсан. Жилийн дараа Еховагийн Гэрчүүд манайд ирсэн юм. Тэд дэлхий даяар хүмүүс тайван амгалан амьдрах цаг ирэх тухай Библиэс үзүүлэхэд сэтгэл хөдөлсөн ч тэднээс болгоомжилж байлаа.
Дараахан нь би Филиппин рүү хэдэн долоо хоногоор явсан юм. Дүү нар маань аавыг зан авираа засах гэж яаж хичээж мэрийснийг надад ярьж өглөө. Тэглээ ч би аавд голдоо ортол гомдож явсан болохоор уулзъя гэж бодсон ч үгүй.
Дүү охин маань зовлон зүдүүр, шударга бус явдал яагаад ийм их байдгийг надад Библиэс тайлбарлаж өглөө. Амьдралын туршлага гээд байх юмгүй, өсвөр насны охин миний бодож явдаг асуултуудын хариуг мэдэж байсан нь гайхлыг минь төрүүлсэн. Аав намайг явахаас өмнө «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун» гэдэг номыг a өгөөд «Одоо ингэж явахаа боль. Энэ номыг уншаарай. Тэгвэл хайгаад байгаа юмаа олно» гэлээ. Бас Австралид буцаж очоод Еховагийн Гэрчүүдийг олж уулзахыг захисан юм.
Би аавын захиснаар Брисбэнд байдаг гэрийнхээ ойролцоох Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд очлоо. Тэгээд Библийн хичээл ч хийхээр болов. Библийн зөгнөлүүдийг, тухайлбал Даниел 7-р бүлэг, Исаиа 9-р бүлэгт байдаг зөгнөлүүдийг судлаад Бурхан шударга бус явдал, хээл хахуулиас ангид засгийн газар байгуулсныг, тэр засгийн газар хүн төрөлхтнийг захирахыг мэдсэн юм. Бас дэлхий маань диваажин болохыг мэдэж авсан. Би Бурхны сэтгэлд нийцдэг хүн болохыг хүсэх боллоо. Гэхдээ үүний тулд биеэ барьж сурах, архи уух, мансууруулах бодис хэрэглэх зуршлаасаа салах ёстойгоо, садар самуун явдалд орооцолдох ёсгүйгээ ойлгосон юм. Хамт амьдардаг бүсгүйгээсээ салж, хорт зуршлуудаа хаясан. Еховад итгэж найддаг болохын хэрээр амьдралаа бүрмөсөн өөрчлөхийн тулд тусламж гуйн залбирдаг байсан.
Сурч мэдсэн зүйл маань хүнийг өөрчлөх чадалтайг би аажмаар ойлгосон юм. Хүчин чармайлт гаргавал «шинэ хүнийг өмсөж» болдгийг Библид бичсэн байдаг (Колосай 3:9, 10). Би өөрөө өөрчлөгдөхийн хэрээр аавынхаа яаж өөрчлөгдсөнийг ойлгосон. Аавдаа хорсож дайсагнаж явахын оронд аавтайгаа эвлэрэх хүсэл төрсөн. Тэгээд аавыгаа уучилж, багаас дотор минь бугласан хорсох сэтгэлээ хаяж чадсан юм даа.
ОДОО
Би залуудаа олныг дагаж болох бүтэхгүй юм их хийж явсан. Библийн үгийн үнэнийг би биеэрээ үзсэн. Муу хүмүүстэй нөхөрлөөд замаа алдсан юм (1 Коринт 15:33). Гэхдээ би Еховагийн Гэрчүүдийн дундаас итгэл даадаг олон сайн найзтай болсон. Тэд намайг хүн шиг хүн болоход тусалсан даа. Бас тэдний дундаас Лоретта гэдэг сайхан эмэгтэйтэй танилцаж, бид ханилсан юм. Одоо бид Библийг судалж ач тус хүртэхэд нь хүмүүст тусалж явна.
Библийн ачаар аав минь халамжтай хань, даруухан, эв эеийг эрхэмлэдэг Христийн дагалдагч болж өөрчлөгдсөн. Би аавыг ингэж өөрчлөгдөнө гэж огт бодож байгаагүй. Би 1987 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон юм. Дараа нь аавтайгаа уулзахад намайг анх удаа тэвэрч билээ.
Найдвар төрүүлдэг Библийн мэдээг хүмүүст хүргэх ажлыг аав, ээжтэй хамт 35 гаруй жил хийсэн. Аав их хичээнгүй, хүнийг гэсэн сэтгэлтэй хүн болсон. Тусч гэдгээр нь хүмүүс их сайн мэддэг. Би аавыгаа хайрлаж, хүндэлж сурсан. Би ааваараа их бахархдаг! Аав минь 2016 онд нас барсан юм. Аав ч, би ч Библийн зөвлөгөөг хэрэгжүүлээд тэс өөр хүмүүс болсон болохоор аавын тухай сайхан дурсамж л надад үлдсэн. Урьдын уур хорсол ул мөргүй арилсан. Бас айл гэрийн аз жаргалыг бусниулдаг бүхнийг үгүй хийхээ амласан тэнгэрийн Эцэг Ехова Бурхнаа таньж мэдсэндээ би туйлын их баяртай явдаг.
a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Одоо хэвлэхээ больсон.