Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Асуух юм л маш их гардаг байсан»

«Асуух юм л маш их гардаг байсан»
  • Төрсөн он: 1976

  • Улс: Хондурас

  • Өмнө нь: Сүмийн пастор

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би Хондурасын Ла Сейба хотод төрсөн. Айлын ганц хүү, дээрээ дөрвөн эгчтэй. Манай гэрээс би л ганцаараа сонсголгүй. Манайх аюултай дүүрэгт нэн ядуу амьдардаг байлаа. Намайг 4-тэй байхад аав маань ажил дээрээ осолд орж нас барсан. Тэгээд манайх гэдэг айл бүр дордсон.

 Ээж маань бид нарыг өсгөх гэж хамаг чадлаараа зүтгэдэг байсан ч надад хувцас авч чаддаггүй байлаа. Бороо орох бүрд дулаан хувцасгүйгээсээ болоод их даардаг байж билээ.

 Яваандаа би хондурас дохионы хэл сурч, сонсголгүй хүмүүстэй харилцдаг болсон. Гэвч ээж эгч нар маань хондурас дохио мэдэхгүй. Надтай харилцдаг хэдхэн дохиотой. Бас өөрсдийнхөөрөө дохиж зангана. Ээж минь намайг хайрладаг, аюул ослоос хамгаалдаг байв. Жишээ нь тамхи татах, архидан согтуурах гэх мэтийн муу зуршлаас хол явахыг цөөхөн хэдэн дохиогоороо ойлгуулсан. Муу зуршилгүй хүн болгож өсгөсөн ээждээ талархаж явдаг.

 Ээж минь намайг бага байхад католик сүмд авч явдаг ч би юу ч ойлгодоггүй байлаа. Дохионы хэлээр орчуулаад өгдөг хүн байхгүй юм чинь. Сүүлдээ уйтгартай санагдаад 10 хүрмэгцээ сүмд очихоо больсон. Гэлээ ч Бурхны тухай илүү ихийг мэдэх гэсэн хүсэл унтраагүй.

 1999 онд 23-тайдаа Евангелийн сүмийн америк эмэгтэйтэй танилцав. Тэрбээр надад Библийн хичээл, америк дохионы хэл зааж өглөө. Библиэс мэдсэн зүйл маань надад маш их таалагдаж, би бүр пастор болохоор шийдэв. Тэгээд сонсголгүй хүмүүст зориулсан Библийн сургуульд сурахаар Пуэрто Рико руу явлаа. Би 2002 онд Ла Сейбад буцаж ирээд, хэдэн найзынхаа дэмээр сонсголгүй хүмүүст зориулсан сүм байгуулав. Тэр найзуудын маань нэг Патрисиа хожим нь миний эхнэр болсон доо.

 Би сүмийнхээ пастор нь учраас сонсголгүй хүмүүст Библийг ойлгуулахын тулд чадах бүхнээ хийдэг байлаа. Хондурас дохионы хэлээр номлол уншиж, Библийн түүхийг харуулсан зураг үзүүлж, Библид үндэслэсэн жүжиг тоглоно. Ойр хавийн хотуудад очиж сонсголгүй хүмүүст урам зориг өгч, бэрхшээлээ давахад нь туслахыг оролдоно. Тэр байтугай, АНУ, Замби улсад миссионерын аялал хийж байсан. Гэхдээ үнэндээ бол надад Библийн мэдлэг гэхээр юм бараг байгаагүй. Зөвхөн заалгасан эсвэл зургаас ойлгосон юмаа ярьдаг байв. Асуух юм л маш их гардаг байсан.

 Нэг удаа манай сүмийн зарим гишүүн миний талаар хов жив тараав. Тэд намайг архичин, эхнэрээ араар нь тавьдаг гэж худлаа ярьсан. Үүнээс болоод уур маш их хүрэв. Тэгээд удаа ч үгүй Патрисиа бид хоёр сүмээсээ гарч билээ.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Еховагийн Гэрчүүд манайд ирдэг байсан ч бид хоёр тэднийг ерөөсөө сонсдоггүй байлаа. Харин сүмээсээ гараад удаагүй байхад Патрисиа нэгэн Гэрч хосоор Библийн хичээл заалгаж эхэлсэн юм. Нөхрийг нь Томас, эхнэрийг нь Ликси гэнэ. Тэд сонсголтой атлаа дохионы хэл мэддэг нь надад гайхалтай санагдсан учраас би бас Патрисиатай хамт хичээл заалгадаг боллоо.

 Бид америк дохионы хэлээр гарсан видео ашиглан нэлээд хэдэн сар хичээл хийв. Тэгтэл зарим найз маань бидэнд, Еховагийн Гэрчүүд Бурхныг бус хүнийг дагадаг гэж хэлэв. Тэгэхээр нь бид хоёр хичээлээ хийхээ болилоо. Еховагийн Гэрчүүд хүнийг дагадаггүй гэсэн баталгааг Томас надад үзүүлсэн ч би итгээгүй юм.

 Хэдэн сар өнгөрлөө. Патрисиа сэтгэл гутралд орчихоод байхдаа Гэрчүүдийг дахин ирүүлж өгөөч гэж Бурханд залбирчээ. Дараахан нь хөрш айлын Гэрч эмэгтэй манайд ирэв. Тэрбээр Патрисиатай уулзаж ярилцаад, Ликсиг ир гэж хэлэх үү гэж асуув. Ликси ч жинхэнэ найз гэдгээ баталсан даа. Долоо хоног бүр Патрисиа дээр ирж урмыг нь сэргээн, Библийн хичээл хийнэ. Харин би Гэрчүүдэд итгэхгүй л байлаа.

 Еховагийн Гэрчүүд хондурас дохионы хэлээр гарсан «Үнэнийг мэдмээр байна уу?» гэдэг видеог танилцуулах тусгай аяныг 2012 онд явууллаа. Ликси манайд ирэхдээ тэр видеог авчирч өгөв. Миний заадаг байсан галт там, үхэшгүй мөнхийн сүнс гэх мэтийн олон сургаал Библид байдаггүйг би тэр видеоноос ойлгоод шоконд орсон.

 Би Томастай ярилцахын тулд дараагийн 7 хоногт нь Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд явж очив. Сонсголгүй хүмүүст Библийн үнэнийг заамаар байна, гэхдээ Еховагийн Гэрч болохгүй гэж түүнд хэлсэн. Би сонсголгүй хүмүүст зориулсан өөрийн гэсэн сүм байгуулах санаатай байлаа. Томас намайг хичээл зүтгэлтэй байна гэж магтаад, дараа нь Эфэс 4:5-ыг үзүүлэв. Тэнд, Христийн жинхэнэ дагалдагчид нэгдмэл байх ёстойг онцолсон байсан.

 Томас бас надад америк дохионы хэлээр гарсан «Еховагийн Гэрчүүд ба амьд итгэл: Харанхуйгаас» гэдэг видео өгөв. Хэсэг эрчүүд үндсэн сургаалыг үнэн зөвөөр нь ойлгохын тулд Библийг хэрхэн нямбай судалж байгааг харуулдаг юм. Би тэднийг маш сайн ойлгож байлаа. Яагаад гэвэл би ч бас үнэнийг хайж байсан шүү дээ. Итгэж үнэмшдэг бүхэн нь зөвхөн Библид үндэслэдгийг тэр видеонд тайлбарлаж байсан учраас Гэрчүүд үнэнийг заадаг юм байна гэдэгт би итгэсэн. Ингээд Библийн хичээлээ дахин хийж эхэллээ. Патрисиа бид хоёр 2014 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО

 Бурхан цэвэр ариун байдаг шиг, Еховагийн Гэрчүүдийн хурал цэвэр ариун. Тийм учраас би Гэрчүүддээ хайртай. Тэдний үг яриа, үйл хэрэг ч цэвэр. Тэд хоорондоо эвтэй, бие биедээ санаа тавьдаг. Гэрчүүд үзэл бодлын хувьд нэгдмэл байдаг. Тэд хаана ч амьдардаг, ямар ч хэлээр ярьдаг бай, заадаг сургаал нь адилхан.

 Библийн сургаалыг зөв ойлгосондоо би их баярладаг. Жишээлбэл, Еховаг Төгс хүчит Бурхан, орчлонт ертөнцийн хэмжээлшгүй эрхт Эзэн гэдгийг мэдэж авсан. Тэрбээр сонсголтой, сонсголгүй бүх хүнийг хайрладаг. Бурхан надад хайртай гэж бодохоор сайхан санагддаг. Дэлхий маань удахгүй үзэсгэлэнтэй диваажин болно, бид эрүүл саруул болж мөнх амьдарна. Энэ бүхэн биелэхийг би тэсэж ядан хүлээдэг!

 Патрисиа бид хоёр сонсголгүй хүмүүстэй Библийн тухай ярих дуртай. Бид хоёр хуучин сүмийнхээ хэдэн хүнд Библийн хичээл зааж байгаа. Би пастор байхдаа, заадаг зүйлээ сайн ойлгодоггүй байсан. Харин Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаад бүх асуултынхаа хариуг олсон учраас одоо итгэлтэй заадаг.