БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Би жинхэнэ утгаар баян болсон
Төрсөн он: 1968
Улс: АНУ
Өмнө нь: Баян болгооч гэж залбирч байсан менежер
ӨМНӨХ АМЬДРАЛ
Би Нью-Йоркийн Рочестерт католик шашинтай гэр бүлд өсөж торнисон. Намайг 8-тай байхад аав ээж хоёр маань салсан. Ээж амьжиргааны түвшин доогуур өрхөд улсаас өгдөг байранд, харин аав баячуудын хороололд амьдардаг байв. Би ажлын өдрүүдэд ээж дээрээ, амралтын өдрүүдэд аав дээрээ байдаг байлаа. Зургаан хүүхдээ өсгөх гэж ядарч байгаа ээжийгээ хараад би баян болж гэрийнхэндээ туслах юм сан гэж мөрөөддөг байлаа.
Аав намайг сайн сайхан яваасай гэж хүсдэг байсан. Тиймээс зочид буудлын менежментийн алдартай сургуулийг үзүүлсэн юм. Сургууль надад маш их таалагдаад, би шууд л элсчихэв. Баян, аз жаргалтай болгож өгөөч гэсэн залбиралд минь Бурхан хариулж байна гэж бодож билээ. Тэгээд зочид буудлын менежмент, бизнесийн хууль, санхүүгийн удирдлагын чиглэлээр 5 жил суралцсаны зэрэгцээ Невада мужийн Лас Вегас дахь казино зочид буудалд ажиллав.
Би 22-тойдоо казино зочид буудлын дэд ерөнхийлөгчийн туслах болсон байлаа. Тансаг хоол идэж, хамгийн үнэтэй дарс уудаг байсан болохоор ойр хавийнхан маань намайг амжилтад хүрсэн баян хүн гэж боддог байсан л даа. Хамт ажилладаг хүмүүс: «Энэ ертөнцөд мөнгөөр бүхнийг шийднэ. Мөнгөтэй л байвал боллоо» гэж үргэлж ярьдаг байв. Тэдний хувьд мөнгө бол аз жаргалын нууц байсан юм.
Би Лас Вегаст мөрийтэй тоглохоор ирдэг баячуудад үйлчлэх ажлыг хариуцдаг байлаа. Тэд мөнгөнд умбасан ч ерөөсөө жаргалгүй харагддаг байв. Би ч бас жаргалгүй байгаагаа мэдэрч эхэлсэн. Үнэндээ хөрөнгө хураахын хэрээр улам сэтгэл тавгүйтэж, шөнө ч унтаж чадахаа больсон. Цаашид энэ янзаараа амьдрах гэж үү хэмээн бодох болсон. Амьдрах сонирхолгүй болж, жинхэнэ аз жаргалыг хаанаас олох вэ гэж Бурхнаас асуухад хүрсэн.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН
Яг тэр үед хоёр эгч маань Лас Вегаст нүүж ирсэн. Тэд Еховагийн Гэрч юм. Сэтгүүл өгөхөд нь авдаггүй байсан ч өөрийнхөө Библийг тэдэнтэй уншихыг зөвшөөрсөн. Тэр Библид Есүсийн хэлсэн үгийг улаанаар бичсэн байдаг. Би Есүсийн хэлсэн үгийг бүгдийг нь хүлээж зөвшөөрдөг байсан учраас эгч нар маань ихэвчлэн түүний хэлсэн үгний талаар надтай ярилцдаг байв. Мэдээж би ганцаараа байхдаа ч Библиэ уншдаг байв.
Би Библи уншаад олон гайхалтай зүйлийг олж мэдсэн. Жишээ нь, Есүс: «Залбирахдаа харь үндэстнүүд шиг нэг юмаа дахин дахин бүү хэл. Тэд олон үг хэлснийх нь төлөө Бурхан сонсоно гэж боддог юм» гэсэн (Матай 6:7). Өмнө нь нэг санваартан надад Есүсийн зургийг өгөөд энэ зургандаа дахин дахин залбирвал хүссэн мөнгийг чинь Бурхан өгнө гэж хэлсэн. «Ингэж залбирах нь утгагүй хоосон үг давтаж байгаагаас ямар ялгаа байна?» гэж бодогдов. Бас Есүс: «Газар дээр хэнийг ч эцэг гэж бүү дууд. Учир нь та нар тэнгэрт байдаг нэг Эцэгтэй» гэж хэлсэн (Матай 23:9). Тэгээд «Манай католик шашинтнууд санваартнаа яагаад “Эцэг” гэж дууддаг юм бол?» гэж бас гайхсан.
Би Библийн «Яаков» номыг уншаад амьдралаа эргэн нэг харсан. 4 дүгээр бүлэгт нь «Ертөнцтэй нөхөрлөдөг хүн Бурхантай дайсагнаж байгаа хэрэг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ертөнцтэй нөхөрлөхийг хүсдэг хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа хэрэг» гэж бий (Яаков 4:4). Ялангуяа 17 дугаар зүйлд байгаа «Зөвийг үйлдэхээ мэддэг хэрнээ үйлддэггүй бол энэ нь нүгэл юм» гэсэн үг надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд би эгч нар луугаа утасдаж «Миний ажил мөрийтэй тоглоомтой холбоотой, шуналыг дэвэргэдэг учраас эндээс гарахаар боллоо» гэж хэлэв.
«Би Библийн “Яаков” номыг уншаад амьдралаа эргэн нэг харсан»
Би Бурхантай, бас гэрийнхэнтэйгээ илүү ойртож дотносъё гэж бодоод амьдралаа өөрчлөхөөр шийдсэн. Гэхдээ энэ нь амаргүй байлаа. Жишээ нь, надад казино зочид буудалд албан тушаал ахиж, хоёр гурав дахин илүү цалинтай ажил хийх хорхой хүргэм санал тавьсан. Энэ тухай Бурханд залбирсныхаа дараа би дахин ингэж амьдрахгүй гэж шийдсэн. Ингээд би ажлаасаа гарч ээжийнхээ гараашийг тохижуулаад нүүж орсон. Тэгээд рестораны хоолны цэсийг ламинатордах жижиг бизнесээ эхлэв.
Библийн тусламжтайгаар амьдралд юу илүү чухал болохыг мэдэж авсан ч би Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явдаггүй байв. Эгч нар маань надаас Еховагийн Гэрчүүд яагаад таалагдахгүй байгааг асуув. Би: «Та нарын итгэдэг Ехова Бурхан гэр бүлийнхнийг бие биеэс нь хөндийрүүлдэг. Гэрийнхэнтэйгээ уулзаж учирдаг Крисмас, төрсөн өдөр гэх мэт баярыг та нар тэмдэглэдэггүй» гэж хэлэхэд эгч нарын маань нэг нь уйлаад: «Жилд олон өдөр бий шүү дээ. Аль ч өдөр ирсэн бид чамайг дуртайяа хүлээж авна. Харин чи зөвхөн баярын өдрүүдэд, ёсыг бодож зав гаргадаг биз дээ?» гэж хэлсэн. Түүний үг надад хүчтэй нөлөөлж, би ч уйлсан.
Ингээд би Еховагийн Гэрчүүд гэр бүлдээ маш их хайртайг, бас тэдний талаар буруу бодолтой явснаа ухаарсан. Тэгээд би гэрийнхээ ойролцоох цуглааны танхимд очиж үзэхээр болсон юм. Тэнд би Библийн хичээл сайн заадаг Кевин гэдэг хүнтэй танилцаж, түүнтэй хамт Библи судлахаар болсон.
Кевин эхнэртэйгээ энгийн амьдарч, Библийг таньж мэдэхэд нь бусдад туслахад аль болох олон цагийг зарцуулдаг хүн байв. Тэд олсон мөнгөөрөө бүр Африк, Төв Америкт очиж, Еховагийн Гэрчүүдийн салбарын барилга барих ажилд тусалж байжээ. Тэд бие биедээ маш хайртай, үнэхээр жаргалтай хос байлаа. Би ч бас тэгж амьдрах юм сан гэж бодсон.
Кевин надад миссионероор үйлчлэхийн баяр хөөрийг харуулсан видео үзүүлэв. Би ч миссионер болох хүсэлтэй болсон. Би Библийг 6 сар шаргуу судлаад 1995 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. Урьд нь баян болгож өгөөч гэж залбирдаг байсан бол тэр үеэс хойш «Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач» гэж залбирдаг болсон (Сургаалт үгс 30:8).
ОДОО
Одоо бол би үнэхээр баян хүн. Гэхдээ мөнгө төгрөгний хувьд биш, харин Бурхантай сайн харьцаатай байж, жаргалтай амьдарч байгаа учраас тэр. Би Хондураст хайртай эхнэр Нуриатайгаа танилцаж, хамтдаа Панам, Мексикт миссионероор үйлчилсэн. «ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна» гэсэн Библийн үг юутай үнэн бэ! (Сургаалт үгс 10:22).