Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Миний амьдралын хамгийн том шагнал

Миний амьдралын хамгийн том шагнал
  • ТӨРСӨН ОН: 1967

  • УЛС: ФИНЛАНД

  • ӨМНӨ НЬ: МЭРГЭЖЛИЙН ТАЛБАЙН ТЕННИСЧИН

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би Финландын Тампере хотын захад, ой модоор хүрээлүүлсэн нам гүм газар өссөн. Манайх шүтлэгтэй айл байгаагүй ч боловсролтой, боловсон байхыг их чухалд үздэг байсан. Ээж маань герман хүн. Тийм болохоор би хүүхэд байхдаа Баруун Германд амьдардаг өвөө, эмээ дээрээ очдог байв.

 Би багаасаа л спортод дуртай хүүхэд байв. Бүх л спортоор хичээллэнэ. 14-тэй байхдаа теннисчин болохоор шийдсэн. 16-тайдаа өдөрт хоёроос гурван удаа дасгал сургуулилалт хийдэг байв. Мэргэжлийн дасгалжуулагчтай хоёр ээлжийн бэлтгэлд хамрагдаж, орой нь хувиараа бэлтгэл хийнэ. Талбайн теннис олон давуу талтай болохоор би соронз мэт татагдсан. Сэтгэхүйг хөгжүүлж, хурд хүчийг их сорьдог төрөл л дөө. Би хэчнээн завгүй ч найзуудтайгаа нийлдэг, хааяа нэг тэдэнтэйгээ пиво уудаг байсан. Гэхдээ хэзээ ч согтууруулах ундаа, мансууруулах бодисоос болж хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Миний амьдралын хамгийн чухал зүйл теннис байсан.

 Би 17-тойгоосоо МТХ-ны тэмцээнд оролцож эхэлсэн. a Олон тэмцээнд түрүүлж олны танил хүн болсон. 22 насандаа дэлхийн топ 50 теннисчний нэг болсон.

 Би олон жил тэмцээн уралдаанд оролцохоор дэлхийг тойрон аялсан. Олон ч сайхан газар очиж үзсэн. Аялж явахдаа гэмт хэрэг, мансууруулах бодис, байгаль орчны асуудал гээд дэлхий дахинд тулгамдсан асуудал их байдгийг анзаарсан. Жишээлбэл биднийг Америкт байхад зарим хотын гэмт хэрэг ихтэй газруудаар явахгүй байхыг сануулж байсан. Би дэлхий дахины энэ бүх тулгамдсан асуудлаас болоод шаналдаг байв. Хэдийгээр дуртай ажлаа хийдэг байсан ч орой болохоор сэтгэл нэг л хоосон оргидог байлаа.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Миний найз охин Санна Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхэлсэн. Шашин сонирхдогийг нь мэдээд жаахан гайхсан ч би дургүйцээгүй. Бид хоёр 1990 онд гэрлэж, дараа жил нь эхнэр маань баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. Би шүтлэгтэй хүн байгаагүй ч Бурхан байдаг гэдэгт эргэлздэггүй байсан. Би эхнэрээ анх Библи судлахад Германд амьдардаг эмээгээ Библи үргэлж уншдаг байсныг санасан. Тэр байтугай эмээ маань надад яаж залбирахыг зааж өгч байсан юм.

 Нэг өдөр Санна бид хоёр Гэрч хосынд зочилсон юм. Нөхөр Кари нь надад «эцсийн өдрүүдийн» талаарх Библийн зөгнөлийг үзүүлсэн (2 Тимот 3:​1–5). Дэлхий даяар муу муухай бүхэн яагаад газар авч байгааг би тэр зүйлээс ойлгож авсан юм. Гэхдээ бид шашны тухай үргэлжлүүлж яриагүй. Харин дараа нь Каритай үе үе Библийн тухай ярилцдаг болсон. Ярьсан бүх зүйл нь надад зөв санагддаг байсан. Завгүй хуваарь, байнга ийш тийшээ явдгаасаа болоод Каритай тогтмол уулзаж чаддаггүй байсан ч Кари бууж өгөөгүй. Хичээлийн үеэр асуусан асуултын маань хариуг захиагаар явуулна. Амьдралын талаарх нарийн ширийн асуултын хариу Библид няцаахын аргагүй тов тодорхой байдаг байв. Бурхны Хаант төр Бурхны санаа зорилгыг биелүүлэх нь Библийн гол сэдэв гэдгийг би яваандаа ойлгосон. Бурхны нэрийг Ехова гэдгийг, бидний төлөө юу хийснийг нь мэдээд сэтгэл их хөдөлсөн (Дуулал 83:18). Ялангуяа золиосны тухай судлаад сэтгэл бүр ч их хөдөлсөн. Бурхан зүгээр нэг хуульдаа баригдаж золиосыг өгсөн юм биш, харин хайрандаа хөтлөгдөж өгснийг ойлгосон (Ёохан 3:16). Бас Бурхны найз болж, диваажин болсон дэлхий дээрээ мөнх амьдрах боломжтойг мэдэж авсан (Яаков 4:8). Тэгээд би «Бурханд талархаж байгаагаа яаж илэрхийлэх вэ?» гэж боддог болсон.

 Би өнгөрсөн амьдралаа эргэн харж, нухацтай бодсон. Бусдад өгдөг хүн жинхэнэ ёсоор жаргалтай амьдардгийг Библиэс мэдсэн болохоор сурч мэдсэн зүйлээ хүмүүстэй хуваалцахыг хүссэн (Үйлс 20:35). Би мэргэжлийн тамирчин учраас жилийн бараг 200 өдөр тэмцээнд оролцоод гэрийн бараа хардаггүй байлаа. Манай гэрийнхэн миний бэлтгэл сургуулилалт, цагийн хуваарь, ажлыг их анхаардаг байсан. Тэд маань миний аясаар л амьдардаг байсан даа. Тийм учраас би өөрчлөгдөх хэрэгтэйгээ ухаарсан.

 Намайг шашнаас болж нэр алдар, ирээдүйтэй мэргэжлээ орхихоор хүмүүс ойлгохгүйг би мэдэж байсан. Гэхдээ Еховатай дотно танилцаж, мөнх амьдрах нь ямар ч тэмцээнээс авах шагналтай харьцуулахын аргагүй үнэ цэнтэй учраас шийдвэр гаргахад хэцүү байгаагүй. Хүмүүс юу ч гэж хэлсэн би тоохгүй байхаар бат шийдсэн. Энэ бол миний л гаргах шийдвэр. Хүмүүсийн дарамт шахалтыг сөрөн зогсоход тус болсон Библийн зүйл бол Дуулал 118:6. Тэнд «ЭЗЭН миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» гэж байдаг.

 Тухайн үед ивээн тэтгэгч байгууллагууд надад янз бүрийн ашигтай санал тавьсан. Саналыг нь хүлээж авбал теннисээ тоглож ирээдүйдээ санаа зовох юмгүй амьдрах боломжтой байсан. Гэхдээ би аль хэдийн шийдчихсэн болохоор аль ч саналыг нь хүлээж аваагүй. МТХ-ноос ч гарсан. Би Библиэ үргэлжлүүлэн судалж, 1994 оны 7 сарын 2​-нд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО

 Миний амьдралд Бурхныг хайхад хүргэсэн гай зовлон тохиолдоогүй. Бас би өөрийгөө үнэнийг хайж байсан гэхгүй. Дутагдаж гачигдах юмгүй сайхан амьдарч байсан. Гэхдээ Библийн үнэнийг мэдсэнээр амьдрал илүү утга учиртайг ойлгосон. Миний амьдрал төсөөлөхийн аргагүй сайхан болсон. Манайх өмнөхөөсөө илүү дотно, эв нэгдэлтэй болсон. Гурван хүү маань тамирчин болж биш, харин Христийн дагалдагч болж намайг дагасанд би маш их баяртай байдаг.

 Би одоо ч теннис тоглох дуртай. Дасгалжуулагч, теннисний клубийн менежер зэрэг теннистэй холбоотой ажил хийж байна. Гэхдээ спорт миний амьдралд гол зүйл байхаа больсон. Би өмнө нь ур чадвараа сайжруулж, тэмцээнд ялахын тулд долоо хоног бүр олон цагаар бэлтгэл хийдэг байсан бол, одоо Бурхандаа бүрэн цагаар үйлчилж байна. Амьдралыг маань өөрчилсөн үнэнийг хүмүүст мэдүүлж, Библийн зарчмыг ажил хэрэг болгоход нь туслахын тулд цаг заваа зориулж явдагтаа сэтгэл өег байдаг. Еховатай тогтоосон харьцаагаа амьдралынхаа эн тэргүүнд тавьж, ирээдүйн сайхан найдварынхаа тухай хүмүүст ярьдаг болсноороо жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна (1 Тимот 6:​19).

a МТХ нь Мэргэжлийн Теннисчдийн Холбооны товчилсон нэр. Удирдах зөвлөл бүхий мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбоо юм. МТХ нь чансаа өндөртэй тэмцээнүүд зохион байгуулдаг бөгөөд түрүүлсэн тамирчдад оноо болон мөнгөн шагнал олгодог. Цуглуулсан нийт оноогоор нь дэлхийд чансаагаараа хэдэд орохыг нь тогтоодог.