Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Мөнгийг хайрлаж, гэмт хэрэг үйлдээд их зовсон»

«Мөнгийг хайрлаж, гэмт хэрэг үйлдээд их зовсон»
  • Төрсөн он: 1974

  • Улс: Албани

  • Өмнө нь: Хулгай хийж, хар тамхи наймаалж, шоронд хоригдож явсан

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Манайх Албани улсын нийслэл Тирана хотод амьдардаг ядуу айл байсан. Аав минь их үнэнч шударга хүн, гэр бүлээ тэжээх гэж махран ажиллана. Гэвч бид их тарчиг амьдардаг байв. Хүүхэд байхдаа ядуу байх хэчнээн хэцүү болохыг үзсэн. Өмсөх гуталгүй, өлөн зэлмүүн өссөн дөө.

 Би хар багаасаа хулгай хийдэг болов. Гэр бүлдээ л нэмэр болж байна гэж боддог байлаа. Гэвч сүүлдээ цагдаад баригдав. Ингээд би 1988 онд 14-тэйдөө засан хүмүүжүүлэхэд хоригдож хоёр жил болсон. Тэнд гагнуур хийж сурсан. Суллагдсаныхаа дараа үнэнч шударгаар амьдарна даа гэж бодсон ч ажил олдоогүй. Албанид улс төрийн байдал тогтворгүй байсан учраас ажилгүйдлийн түвшин өндөр байсан. Би гутраад хуучин найзуудтайгаа нийлж эргээд хулгай хийдэг болов. Бид баригдаж гурван жилийн ял эдэлсэн.

 Шоронгоос гарчихаад дахиад л гэмт хэрэг хийдэг боллоо. Албанийн эдийн засаг хямарч, улс оронд засаг замбараагүй байдал үүссэн байв. Тэр хэцүү үед би хууль бус аргаар их мөнгө олдог байлаа. Нэг удаа зэвсэглэсэн дээрэм хийж байтал хоёр хамтрагч маань баригдав. Би олон жилийн ял авахаас айгаад эхнэр Юлинда, нялх хүүтэйгээ эх орноосоо дүрвэсэн.

 Бид Англид ирэв. Амьдралаа шинээр эхэлж, эхнэр хүүхэдтэйгээ түвшин сайхан байя гэж бодсон ч хуучин зуршлаасаа салж чадаагүй. Ингээд дахиад л гэмт хэрэгт холбогдов. Энэ удаа хар тамхины наймаа хийж, их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг болсон юм.

 Хар тамхи наймаалдаг маань Юлиндад ямар санагддаг байсныг өөрөөс нь сонсъё. «Би Албанид байхдаа ядуу амьдралаас салахыг мөрөөддөг байлаа. Иймээс сайхан амьдрахын тулд юу ч хийхээс буцаагүй. Мөнгөтэй л болж байвал жаргалтай амьдарна гэж бодсон учраас хуурч мэхлэх, хулгай хийх, хар тамхи наймаалах зэргээр юу ч хийж байсан Артаныг дэмждэг байв».

«Хуурч мэхлэх, хулгай хийх, хар тамхи наймаалах зэргээр юу ч хийж байсан Артаныг дэмждэг байв»—Юлинда

 2002 онд амьдрал орвонгоороо эргэж, баяжих төлөвлөгөө маань нурсан. Би их хэмжээний хар тамхи тээж явж байгаад баригдаж, дахин торны цаана суусан юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Намайг мэдээ ч үгүй байхад Библи амьдралд маань нөлөөлж эхэлсэн байлаа. 2000 оны эхээр Юлинда Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхлэв. Библийн тухай ярилцах нь уйтгартай гэж боддог байсан учраас би сонирхсонгүй. Гэхдээ эхнэр маань их дуртай байсан. Юлинда ийн ярьж байна. «Би Библийг эрхэмлэн хүндэлдэг, сүсэгтэй айлд өссөн л дөө. Юуны тухай байдгийг нь мэдэхийг дандаа хүсдэг байсан учраас Гэрчүүдтэй Библийн хичээл хийгээд их баярладаг байсан. Библийн олон сургаал их авцалдаатай санагдаж билээ. Мэдэж авснаа хэрэгжүүлээд амьдралаа өөрчилж эхэлсэн. Гэсэн ч мөнгө бол аз жаргалын түлхүүр гэдэг үзлээ хаяагүй явлаа. Харин Артаныг баригдахад сэхээ орж мөнгөний талаар Библид бичсэн бүхэн үнэн гэдгийг ухаарсан. Баяжихын тулд бүхнээ зориулсан ч жаргалтай болоогүй шүү дээ. Тиймээс Бурхны тогтоосон хэм хэмжээг яг таг дагах хэрэгтэйгээ тэгэхэд ойлгосон».

 Би 2004 онд суллагдсаныхаа дараа хар тамхины наймаагаа дахиад хийх гэв. Гэтэл Юлиндагийн үзэл бодол өөрчлөгдсөн байлаа. Тэрбээр: «Одоо надад чиний мөнгө хэрэггүй. Надад эр нөхөр минь, хүүхдүүдэд аав нь хэрэгтэй байна» гэж билээ. Би их гайхсан ч түүний зөв байлаа. Тэгээд ихийг бодох болов. Би удаан хугацаанд гэрийнхнээсээ хол байсан. Мөнгө мөнгө гэж явсаар шударга бусаар амьдарч их ч зовлон үзсэн. Иймээс амьдралаа өөрчлөхөөр шийдэж хуучин найзуудаасаа холбоогоо тасаллаа.

 Эхнэр, хоёр хүүтэйгээ Гэрчүүдийн цуглаанд очоод амьдралаа өөрчлөх хүсэл минь улам лавшрав. Сүүн цагаан сэтгэлтэй, эелдэг найрсан хүмүүс байдгийг хараад их сайхан санагдсан. Тэгээд тэднээр Библийн хичээл заалгах болов.

Их мөнгөтэй л бол жаргалтай амьдарна гэж боддог байлаа

 Би «мөнгөнд дурлах нь бүх муу муухай юмны нэг үндэс юм. Зарим хүн мөнгөнд дурласны гайгаар ... түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» гэж Библид байдгийг мэдэж авсан (1 Тимот 6:9, 10). Энэ үгийн үнэнийг биеэрээ үзсэн. Урьд нь өөрийгөө болон гэрийнхнээ хэчнээн их зовоож байснаа бодоод муу юм хийж явсандаа үнэн голоосоо харамссан (Галат 6:7). Бас Ехова болон Хүү Есүс Христ нь бидэнд маш их хайртайг би мэдэж аваад зан чанараа өөрчилье гэж бодсон. Өөрийгөө гэхээсээ илүү өрөөлийг бодож гэрийнхэнтэйгээ илүү их хамт байх болсон.

ОДОО

 «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» гэсэн Библийн зөвлөгөө надад их хэрэг болсон (Еврей 13:5). Одоо би амар амгалан, сэтгэл зовох юмгүй явдаг. Тийм болохоор урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй баяр хөөрийг мэдэрдэг. Эхнэртэйгээ ч, хүүхдүүдтэйгээ ч улам дотноссон.

 Би урьд нь их мөнгөтэй л бол жаргалтай амьдарна гэж боддог байлаа. Харин одоо бодоход мөнгийг хайрлаж, гэмт хэрэг үйлдээд их зовжээ. Бид баян биш ч үнэндээ бол баян. Еховатай найз болсон. Гэр бүлээрээ Еховагаа шүтээд үнэхээр жаргалтай байна.

Еховагийн Гэрчүүдийн чуулган дээр гэр бүлээрээ