Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Тулааны урлаг амьдралын минь утга учир байлаа»

«Тулааны урлаг амьдралын минь утга учир байлаа»
  • Төрсөн он: 1962

  • Улс: АНУ

  • Өмнө нь: Тулааны урлагт дурлаж явсан

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би санаандгүй хамт бэлтгэл хийдэг нөхрийнхөө хамар луу өшиглөчихөв. Бэртэл нь бодсоноос хүнд байлаа. Би маш их шаналж, тулааны урлагаар хичээллэхээ больё гэж ч бодов. Олон жил дурлаж, бүхнээ зориулж явсан спортоо яагаад орхих болов гэж үү? Эхлээд яаж яваад тулааны урлагтай холбогдсоноо ярьж өгье.

 Би АНУ-ын Нью-Йорк мужийн Буфалло хотод өсөж торнисон. Манай эцэг эх сүсэг ихтэй, католик шашинтай, тайван хүмүүс байсан. Би католик сургуульд явж, сүмийн үйлчлэлийн үеэр хамбад тусалдаг байв. Аав ээж маань эгч бид хоёрыг сайн сайхан явж, амжилт гаргаасай гэж хүсэж байлаа. Тийм болохоор онц сурах юм бол хичээлийн дараа секц дугуйланд явах юм уу цагийн ажил хийхийг маань зөвшөөрөв. Иймд би багаасаа сахилга баттай болж хүмүүжсэн.

 Би 17-тойдоо бие хамгаалах урлагаар хичээллэж эхлэв. Тэгээд олон жилийн турш 7 хоногийн зургаан өдөр, өдөрт гурван цаг бэлтгэл сургууль хийдэг байлаа. Мөн 7 хоног бүр олон цаг толгой дотроо техник, хөдөлгөөнөө давтаж ур чадвараа сайжруулахын тулд бичлэг үздэг байсан. Би нүдээ боогоод зэвсэгтэй бэлтгэл хийх дуртай байсан. Хавтан, тоосгыг ганц цохилтоор л хуваадаг байв. Сайн тамирчин болж олон тэмцээнд түрүүлсэн. Тулааны урлаг амьдралын маань утга учир байсан юм даа.

 Би өөрийгөө амжилттай яваа гэж бодож байлаа. Их сургуулиа онц төгсөж том компанид компьютер системийн инженерээр ажиллаж байв. Шагнал урамшуулал ч ихтэй, байртай, найз охинтой байсан. Дутагдаж гачигдах юмгүй жаргалтай амьдарч байгаа мэт харагддаг байсан ч дотроо бол чухал асуултуудынхаа хариуг олж чадахгүй жаргалгүй нэгэн байсан.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Тэр асуултуудынхаа хариуг олохын тулд 7 хоногт хоёр удаа сүмд очиж Бурхнаас тусламж гуйн залбирдаг болов. Нэг өдөр найзтайгаа ярилцсан тэр мөчөөс амьдрал минь орвонгоороо өөрчлөгдсөн. Би найздаа «“Хүн юуны төлөө амьдардаг юм бол?” гэж чи бодож байсан уу? Зовлонгүй хүн ч гэж алга. Шударга юм ч гэж алга» гэсэн юм. Тэгтэл найз маань өмнө нь бас тэгж бодож байснаа, зөв хариуг нь Библиэс олсноо хэлдэг байгаа! Тэгээд надад «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун» a гэдэг ном өглөө. Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байгаа гэв. Гэхдээ би өөр шашны ном уншиж болохгүй гэж бодож байсан юм. Гэвч асуултынхаа хариуг мэдэх хүсэлдээ дийлдээд Гэрчүүд юу заадгийг сонирхох болов.

 Библид юу гэж байдгийг мэдээд би их гайхсан. Библиэс Бурхан хүн төрөлхтнийг анх диваажин дэлхийд мөнх амьдруулахаар зорьж байсныг, тэр зорилго нь одоо ч өөрчлөгдөөгүйг мэдэж авсан (Эхлэл 1:28). Бас миний уншдаг Жеймс хааны орчуулгад Бурхны Ехова гэдэг нэр байдгийг мэдээд их гайхсан. Би Эзний залбирлыг хэлэхдээ чухам энэ л нэрийн тухай хэлж байснаа тэгэхэд ойлгосон (Дуулал 83:18; Матай 6:9). Хүмүүс зовохыг Бурхан түр хугацаагаар зөвшөөрсний учрыг ч мэдэж авсан. Мэдсэн бүх зүйл маань их логиктой байсан. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж билээ.

 Еховагийн Гэрчүүдийн цуглаанд анх сууснаа би ер мартдаггүй юм. Бүгдээрээ надтай танилцаад л, их найрсаг хандсан. Тэр өдөр Бурхан ямар залбирлыг сонсдог тухай тусгай илтгэл сонссон. Бурхнаас тусламж гуйн залбирдаг байсан болохоор сэдэв нь их сонирхол татсан юм. Дараа нь Есүсийн үхлийг дурсах цуглаанд суув. Хүүхдүүд хүртэл Библийн зүйлийг нээгээд дагаж уншихыг хараад бүр мэл гайхсан. Эхэндээ би Библийн зүйлээ олж чаддаггүй байсан юм. Гэхдээ Гэрчүүд надад зааж өгсөн.

 Цуглаанд суухын хэрээр Гэрчүүд Библийг их сайн заадгийг ойлгоод биширсэн. Цуглаан болгоноос ихийг мэдэж авдаг байсан болохоор дандаа сэтгэл сэргэчихсэн харьдаг байлаа. Гэрчүүд надаас Библийн хичээл ганцаарчлан хийх үү гэхэд нь би зөвшөөрсөн.

 Тэд манай сүмийнхнээс эрс ялгаатай байв. Гэрчүүд эв нэгдэлтэй, үнэнч, Бурхандаа таалагдах гэж чадах бүхнээ хийдэг хүмүүс. Тэдний дунд Христийн дагалдагчдын онцлог шинж болсон хайр ноёлдгийг би улам л мэдэрч байв (Ёохан 13:35).

 Би Библийг судлах тусам хэм хэмжээнд нь нийцүүлэн амьдрах гэж хичээж байлаа. Гэхдээ бие хамгаалах урлагаа бол хэзээ ч орхиж чадахгүй мэт санагдаж байсан. Бэлтгэл сургуулиа ч хийх дуртай, тэмцээн уралдаанд ч оролцох дуртай учраас тэр л дээ. Энэ тухайгаа Библийн хичээл заадаг Гэрчдээ хэлэхэд «Библиэ л судлаад бай. Аяндаа чи зөв шийдвэр гаргана» гэв. Энэ нь надад яг тохирсон зөвлөгөө байлаа. Би Бурхны тухай мэдэх тусам баярлуулах хүсэлтэй болсон юм.

 Эхэнд дурдсан, найзынхаа хамар луу санамсаргүй өшиглөсөн тэр явдлаас болоод, тулааны урлагаар хичээллэдэг хүнийг амар тайвныг эрхэмлэдэг Христийн дагалдагч гэх үү гэж бодох болсон. Еховагийн зааснаар явдаг хүн «дайтахад суралцахгүй» гэж Исаиа 2:3, 4-т байдаг. Хүмүүс шударга бус хандлаа ч хүч хэрэглэж болохгүй гэж Есүс заасан (Матай 26:52). Ийм болохоор айхтар их дурлаад байсан спортоо орхисон юм даа.

 Үүнээс хойш би «Бурханд үнэнч байхыг зорилго болгон өөрийгөө дасгалжуул» гэсэн Библийн зөвлөгөөг дагадаг болсон (1 Тимот 4:7, зүүлт). Өмнө нь бэлтгэл сургууль хийхэд зориулдаг байсан цаг хүчээ одоо бол Бурхантай дотносож түүнд үйлчлэхэд зориулдаг. Найз охин маань Библи судлахгүй гэсэн учраас бид салсан. Ингээд би 1987 оны 1-р сарын 24-нд баптисм хүртэж Еховагийн Гэрч боллоо. Удалгүй хүмүүст Библи заах ажилд цаг заваа зориулж бүрэн цагаар үйлчлэх болов. Тэгээд одоог хүртэл бүрэн цагаар үйлчилж байна. Нэг хэсэг АНУ-ын Нью-Йорк муж дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд ажиллах завшаан эдэлсэн.

ОДОО

 Би Бурхны тухай үнэнийг мэдээд амьдралд минь дутагдаад байсан зүйлээ олсон. Одоо бол амьдралаа дэмий юманд үрж байгаа мэт санагддаггүй. Утга учиртай, ирээдүйн жинхэнэ найдвартай, үнэн голоосоо жаргалтай амьдарч байна. Би одоо ч тогтмол дасгал хийдэг. Гэхдээ амьдралын маань хамгийн чухал зүйл байхаа больсон. Би Ехова Бурханд үйлчлэхийг эн тэргүүнд тавьдаг.

 Тулааны урлагаар хичээллэдэг байхдаа хүмүүс над руу дайрвал биеэ хамгаалах гээд үргэлж сонор сэргэг явдаг байсан. Одоо ч сонор сэргэг явдаг. Гэхдээ өөр зорилгоор. Хүмүүст туслахын тулд. Библи судалсны ачаар өгөөмөр хүн болсон, бас сайн нөхөр болсон. Одоо хайрт эхнэр Брэндатайгаа жаргалтай амьдарч байна.

 Өмнө нь бие хамгаалах урлаг амьдралын минь утга учир байсан. Харин одоо амьдралынхаа жинхэнэ утга учрыг олсон. Библид «Биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин Бурханд үнэнч байх нь бүх юманд тустай. Үнэнч байдаг бол одоо ч, ирээдүйд ч ивээл хүртэнэ» гэж бий (1 Тимот 4:8).

a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Одоо хэвлэхээ больсон.