Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би хүссэн бүхнээ олоод авчихсан гэж бодож байлаа»

«Би хүссэн бүхнээ олоод авчихсан гэж бодож байлаа»
  • ТӨРСӨН ОН: 1962

  • УЛС: Канад

  • ӨМНӨ НЬ: Ёс журамгүй амьдралтай явсан

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би Канадын Монреал хотод төрсөн. Кэбэк мужийн хамгийн том хот л доо. Би нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Аав ээж биднийг хайр халамжаар дутаахгүй сайхан өсгөсөн. Манайх Розмонт гэдэг газар амар жимэр амьдарч байсан.

 Би багаасаа Библийг сонирхдог байсан. 12 настайдаа Шинэ Гэрээнээс Есүсийн тухай уншиж байснаа санадаг юм. Уншсан зүйл маань надад их таалагдсан. Тэгээд хүнийг хайрлаж, өрөвддөг Есүс шиг хүн болох юм сан гэж хүсдэг болов. Даанч өсөж томроод муу хүмүүстэй нийлдэг болж, энэ хүсэл минь яваандаа унтарсан.

 Аав маань саксофонч байсан. Надад хөгжмөө өвлүүлснээс гадна хөгжимд дурлуулсан хүн дээ. Ингээд хөгжим миний амьдралын хамгийн чухал зүйл боллоо. Би хөгжимд их дуртай байсан болохоор удалгүй гитар тоглож сурсан юм. Тэгээд найзуудтайгаа нийлж рок хамтлаг байгуулаад хэдэн тоглолтод оролцсон. Хөгжмийн ертөнцөд нэр нөлөө бүхий продюсерууд намайг ажиглаж л дээ. Тэгээд хамтарч ажиллах санал тавьж, би дуу бичлэгийн нэг том студитэй гэрээ байгууллаа. Би нэр алдартай болж, Кэбэкийн радиогоор миний уран бүтээлийг цацдаг байсан.

 Би хүссэн бүхнээ олоод авчихсан гэж бодож байлаа. Залуу насандаа нэр алдартай болж, дуртай юмаа хийгээд мөнгө их олсон. Өдөр нь фитнесст явна, ярилцлага өгнө, фэнүүдтэйгээ уулзаж гарын үсэг зурна. Бас зурагтын нэвтрүүлэгт оролцоно. Орой нь тоглолт хийж, үдэшлэгт явна. Байнга олны анхаарлын төвд байх их дарамттай байсан. Тайвшрахын тулд согтууруулах ундаа ууж эхэлсэн юм. Яваандаа мансууруулах бодис хэрэглэдэг боллоо. Би гэдэг хүн улам л хувиа хичээдэг, ёс журамгүй амьдралтай хүн болсон юм.

 Намайг жаргаж яваа гэж боддог хүмүүс надад атаархдаг байв. Гэвч үнэндээ надад бүх юм дэмий хоосон санагддаг байсан. Ялангуяа, ганцаараа байх үед тийм бодол их төрдөг байлаа. Сэтгэл санаа хямарч, түгшдэг байв. Харамсалтай нь, намайг их амжилттай явах үед хоёр продюсер маань ДОХ-оор нас барсан юм. Би ийм юм болно гэж огт санаагүй! Би хөгжимд үнэхээр дуртай байсан ч хөгжмийн ертөнцийнхний амьдрал бол дурлах юм огт биш гэж бодох болов.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Би амжилтад хүрсэн ч хүн төрөлхтний амьдрал яагаад ч юм болж бүтэхгүй байгаа юм шиг санагдсан. Шударга бус явдал яагаад ийм их гардаг юм бол? Бурхан энэ бүхнийг яагаад шийдээд өгчихдөггүй юм бол гэж их боддог байв. Тэгээд учрыг нь мэдэх гэж Бурханд байнга залбирдаг байлаа. Нэг удаа аялан тоглолт хийж яваад хэсэг зуур завсарлачихаад байв. Тэр үедээ Библийг дахиад уншиж эхэлсэн юм. Уншсан зүйлийнхээ ихэнхийг бүрэн гүйцэд ойлгоогүй ч ертөнцийн төгсгөл ойрхон байгаа юм байна гэдгийг сайн ойлгож авсан.

 Библийг уншиж байгаад, Есүс цөлд 40 хоног мацаг барьсныг мэдлээ (Матай 4:1, 2). Тэгээд намайг бас мацаг баривал Бурхан өөрийгөө илчилж магадгүй гэж бодоод өдөр товлолоо. Мацаг барихаас хоёр долоо хоногийн өмнө Еховагийн Гэрч хоёр хүн манай хаалгыг тогшсон юм. Би ч тэдний ирэхийг хүлээж байсан юм шиг гэртээ шууд оруулав. Тэгээд тэдний нэг болох Жакийн нүд рүү нь харж байгаад «Бид эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа яаж мэдэх вэ?» гэж асуулаа. Тэгэхэд тэр Библиэ нээж 2 Тимот 3:1–5-ыг уншиж өгсөн. Би тэр хоёрыг асуултаар булж гарав. Тэд Библид үндэслэж, энгийн, ойлгомжтой тайлбарлан бүх асуултад минь хариулсан нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэдэнтэй хэдэн удаа уулзсаныхаа дараа мацаг барих шаардлагагүйг ойлгосон доо.

 Би Гэрчүүдтэй Библийн хичээл тогтмол хийх болов. Урт үсээ тайрч, бүх цуглаанд явдаг боллоо. Гэрчүүд намайг халуун дотноор угтдаг байсан болохоор үнэнийг олсон гэдэгтээ улам бат итгэсэн.

 Библийн хичээл хийгээд сурч мэдсэн юмаа амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд олон том өөрчлөлт хийх хэрэгтэй болов. Жишээ нь, мансууруулах бодис хэрэглэхээ больж, ёс журамгүй амьдралаа орхих ёстой байлаа. Бас хувиа хичээсэн хандлагаа засаж, бусдыг илүү анхаардаг болох хэрэгтэй байв. Хүү охин хоёроо ганцаараа өсгөж байсан болохоор тэднийхээ сэтгэл санааг анхаарч, Бурхны тухай зааж сургах шаардлагатай байлаа. Тэгээд би хөгжим хөөхөө больж, үйлдвэрт бага цалинтай ажилд орсон юм.

 Ингэж өөрчлөгдөх амаргүй байсан. Мансууруулах бодис хэрэглэхээ болихоор хүчтэй зовуурь илэрдэг. Үүнийг давж чадалгүй дахиж хэдэн удаа хэрэглэсэн юм (Ром 7:19, 21–24). Ёс журамгүй амьдралаа орхих хамгийн хэцүү байсан. Бас шинэ ажилд ороод их ядарч, авсан цалин хаанаа ч хүрдэггүй байв. Хоёрхон цаг хөгжим тоглоод олдог мөнгийг үйлдвэрт гурван сар ажиллаад олдог байлаа.

 Залбирдаг байсны ачаар энэ бүх амаргүй давааг давсан. Бас Библийг тогтмол унших нь их тустай юм билээ. Библийн хэдэн зүйл надад асар их урам хайрласан. Нэг нь, 2 Коринт 7:1 юм. Тэнд «бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэе» гэж Христийн дагалдагчдад уриалсан байдаг. Муу зуршлаа хаяж болдгийг ойлгуулсан Библийн өөр нэг зүйл бол Филиппой 4:13 юм. Тэнд «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж байдаг. Ехова Бурхан миний залбиралд хариулж, Библийн үнэнийг ойлгож, амьдралдаа мөрдлөг болгоход минь тусалсан юм (1 Петр 4:1, 2). Би 1997 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО

 Хэрэв би урьдынх шигээ амьдарч байсан бол аль хэдийн үхчихсэн байх байсан. Харин одоо би жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч байна. Би Еховагийн ивээлээр Элви гэдэг сайхан эмэгтэйтэй гэрлэсэн. Одоо эхнэр бид хоёр хүмүүст Библи заах ажилд бүрэн цагаар оролцож, баяр жаргалтай явна. Ехова намайг өөртөө татсанд талархаад баршгүй (Ёохан 6:44).