Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би хүч хэрэглэхээ больсон»

«Би хүч хэрэглэхээ больсон»
  • Төрсөн он: 1956

  • Улс: Канад

  • Өмнө нь: Амьдралаас залхсан, завхай, хүч хэрэглэдэг байсан

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би Канадын Альберта мужийн Калгари хотод төрсөн. Намайг нялх байхад аав ээж маань салж, ээж намайг аваад эмээ өвөөгийнд нүүж очсон юм билээ. Тэд ээж бид хоёрыг маш их хайрладаг болохоор би их жаргалтай байсан. Бага нас минь хэчнээн сайхан байсныг би одоо болтол санадаг юм.

 Намайг 7-той байхад аав ээж хоёр дахин гэрлэж, бид АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотод нүүж очсон юм. Харамсалтай нь тэр үеэс миний амьдрал орвонгоороо эргэв. Удалгүй, аавыгаа нэлээд харгис хүн гэдгийг нь мэдсэн. Шинэ сургуульд орсон эхний өдрөө л хүүхдүүдэд дээрэлхүүлсэн. Гэхдээ би өөдөөс нь сөргөлдөөгүй. Гэртээ ирээд энэ тухайгаа аавдаа дуулгалаа. Тэгтэл аав уурлан намайг нөгөө хүүхдүүдээс ч илүү хүчтэй цохиод авсан! Энэ явдал надад хүчтэй нөлөөлж, би 7 настайгаасаа эхлээд хүүхдүүдтэй зодолддог болсон.

 Аавын ааш авираас болоод ээж уурлаж, бөөн хэрүүл маргаан болдог байв. Би 11-тэйгээсээ архи ууж, хар тамхи татдаг болсон. Миний зан ааш ч эвдэрч, гудамжинд зодоон цохион хийдэг болов. Дунд сургуулиа төгсөх үед би бүр ч харгис хэрцгий авиртай болсон.

 18-тайдаа АНУ-ын тэнгисийн явган цэргийн ангид элссэн. Тэр сургуульд хүний амь хороох аргыг заадаг байсан. Холбооны мөрдөх товчоонд ажиллах зорилгооор 5 жилийн дараа цэргээсээ сайн дураараа халагдсан. Тэгээд АНУ-ын нэгэн их сургуульд сэтгэл судлалын ангид орсон. Дараа нь Канад руу нүүж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн сурав.

 Их сургуульд сурч байхдаа нийгмийн байдал, хүмүүсийн амьдарч байгааг хараад маш их гутарсан. Хүмүүс их аминч, бүх юм утгагүй хоосон, хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлыг хэн ч шийдвэрлэж чадахгүй юм шиг санагдсан. Дэлхийн нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэхээ больсон.

 Амьдрал утга учиргүй болсон учраас би архи тамхи хэтрүүлэн хэрэглэж, садар самуун амьдарч, мөнгөний араас шунан хөөцөлддөг болов. Тэгээд үдэшлэгээс үдэшлэг хэсэж, янз бүрийн эмэгтэйчүүдтэй амьдардаг байв. Цэргийн бэлтгэл сайтайдаа дулдуйдан зодоон цохион ч их хийнэ. Өөрийгөө шударга гэж боддог болохоор шударга бус хандаж байгаа хүнийг харахаараа тэвчдэггүй байсан. Үнэндээ би гэдэг хүн хүчирхийлэгч болсон байв.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Нэг удаа би найзтайгаа хар тамхинд мансуурчихсан, байрныхаа подвалд марихуан савлаж суулаа. Найз минь надаас Бурханд итгэдэг үгүйг асуув. Би: «Хүмүүсийн зовж байгаад Бурхан буруутай бол ийм Бурхныг мэдэхийг ч хүсэхгүй байна!» гэж хариулж билээ. Маргааш нь ажилд оров. Тэр өдөр хамт ажиллаж байсан нэг Еховагийн Гэрч надаас «Хүмүүсийн зовж байгаад Бурхан буруутай гэж та боддог уу?» гэж асуудаг юм даа. Урьд өдөр нь энэ асуултын талаар ярьж байсан болохоор би гайхаж зогтусав. Сонирхлыг минь ч татав. Би энэ Гэрчтэй 6 сарын турш янз янзын сэдвээр ярилцсан. Хариултыг нь олж чадахгүй байсан миний асуултуудад тэр Гэрч Библиэс хариулж, тайлбарлаж өгсөн.

 Би сүйт бүсгүйдээ Библиэс мэдсэнээ ярьж өгөхөд их дургүйцэв. Нэг ням гарагт, Библи судлах зорилгоор Еховагийн Гэрчүүдийг гэртээ урьснаа хэлсэн юм. Гэтэл маргааш нь ажлаа тараад ирэхэд сүйт бүсгүй минь хамаг юмаа аваад явчихсан байв. Би гадаа гараад уйлж, Бурхнаас тусламж гуйн залбирсан. Ингэж анх удаа Еховагийн нэрийг дуудаж залбирсан (Дуулал 83:18).

 Хоёр хоногийн дараа Еховагийн Гэрч гэр бүлийн хоёр манайд ирээд «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун» гэдэг номоор хичээл хийж эхэлсэн. Тэр хоёрыг явсны дараа нөгөө номоо шөнөжингөө уншиж дуусгав. a Тэгээд Ехова Бурхан, Хүү Есүс Христийнх нь тухай мэдэж аваад сэтгэл минь маш их хөдөлсөн. Еховаг нигүүлсэнгүй Бурхан, биднийг зовж шаналахад бас зовж шаналдаг гэдгийг ойлгосон (Исаиа 63:9). Ялангуяа надад хайртай, миний төлөө хүүгээ тахил болгон өргөсөн гэдэгт сэтгэл минь их хөдөлж билээ (1 Ёохан 4:10). Ехова надад тэвчээртэй хандаж байсныг ойлгосон. «Учир нь тэр хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ» (2 Петр 3:9). Ехова намайг өөр лүүгээ татсан (Ёохан 6:44).

 Тэр долоо хоногоос хойш би цуглаанд явдаг болсон. Би урт үстэй, ээмэг зүүдэг, хүн харахаас аймаар харагддаг байлаа. Гэвч Гэрчүүд намайг удаан уулзаагүй хамаатнаа угтаж байгаа юм шиг л хүлээн авч билээ. Тэд яг Христийн жинхэнэ дагалдагчид шиг байсан. Надад эмээ өвөөгийндөө эргээд очсон юм шиг санагдсан. Гэхдээ тэр үеэс ч илүү сайхан байсан.

 Удалгүй би Библиэс сурч мэдсэнийхээ дагуу амьдрахыг хичээж эхэлсэн. Үсээ тайрч, садар самуун амьдрахаа, хар тамхи хэрэглэхээ, архийг хэтрүүлэн уухаа больсон (1 Кор. 6:9, 10; 11:14). Би Еховад таалагдаж амьдрахыг хүсэж байсан учир буруу зүйл хийснээ ойлговол өөрийгөө зөвтгөдөггүй байсан. Харин ч сэтгэл минь маш их шаналж, «Дахин ийм алдаа гаргаж болохгүй» гэж өөртөө хэлдэг байв. Тэгээд шууд л үзэл бодол, үйл хэргээ өөрчлөх гэж хичээдэг байсан. Еховагийн зааснаар амьдрах нь ямар их ач тустайг удалгүй ойлгосон. Библи судалж эхэлснээсээ хойш хагас жилийн дараа буюу 1989 оны 7-р сарын 29-нд би баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО

 Библи судалсны ачаар миний зан чанар өөрчлөгдсөн. Урьд нь би эвгүй харьцсан хүнтэй шууд л нударга зөрүүлдэг байсан бол одоо «бүх хүнтэй эвтэй байхыг» их хичээж байгаа (Ром 12:18). Өөрийн сайндаа биш л дээ. Еховагийн л ач. Яагаад гэвэл Бурхны Үг, агуу хүч нь хүнийг өөрчлөх хүчтэй (Галат 5:22, 23; Еврей 4:12).

 Садар самуун явдал, хар тамхи, хүчирхийллийн боол байсан би одоо Ехова Бурхнаа баярлуулж, хамгийн сайныгаа өгөхийг хичээж явна. Жишээ нь Бурхны тухай үнэнийг хүмүүст заадаг. Баптисм хүртээд хэдэн жилийн дараа хэрэгцээ ихтэй газар нүүж очсон. Олон жил хүмүүст Библийн үнэнийг зааж, үнэн тэдний амьдралыг өөрчилж байгааг хараад үнэхээр их баярладаг. Бас нэг намайг баярлуулсан зүйл бол ээж минь Еховагийн Гэрч болсон явдал юм. Миний сайн хүн болж өөрчлөгдсөн нь ээжид минь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

 Би 1999 онд Сальвадорт, одоогийнхоор Сайн мэдээ тунхаглагчийн сургуулийг дүүргэсэн. Энэ сургуульд их юм сурсан. Дэлгэрүүлэх ажлыг удирдах, хурлынхандаа заах, тэднийгээ урамшуулан зоригжуулах талаар заалгасан. Тэр жилдээ би хайртай эхнэр Эухениатайгаа гэрлэсэн. Одоо бид хоёр Гватемалд бүрэн цагаар үйлчилж байна.

 Утга учиргүй санагддаг байсан амьдрал минь одоо дүүрэн жаргалтай болсон. Библиэс мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлснээр садар самуун амьдрахаа, хүч хэрэглэхээ больсон. Одоо би жинхэнэ хайр, амар тайван гэж юу болохыг мэддэг болсон.

a Еховагийн Гэрчүүд гол төлөв «Библиэс юу мэдэж авах вэ?» гэдэг номоор Библийн хичээл хийдэг.