Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би өөрийнхөө булшийг өөрөө ухаж байв»

«Би өөрийнхөө булшийг өөрөө ухаж байв»
  • Төрсөн он: 1978

  • Улс: Эль Сальвадор

  • Өмнө нь: Догшин авиртай, дээрмийн бүлгийн гишүүн

ӨМНӨХ АМЬДРАЛ

 «Чи үнэхээр Бурхны тухай мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдээс зуур». Энэ үгийг сонсоод би их гайхсан. Тэр үед би Еховагийн Гэрчүүдтэй хичээл хийгээд эхэлсэн байв. Гайхсанаа тайлбарлахын тулд ямар амьдралтай байснаа яръя.

 Би Эль Сальвадорын Кесалтепеке гэдэг хотод төрсөн. Би 15 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд нь. Аав ээж маань намайг үнэнч шударга, хууль сахидаг хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг байсан. Дээрээс нь Леонардо гэдэг Еховагийн Гэрч бас өөр Гэрчүүд ч үе үе манайд ирж Библийн тухай заадаг байлаа. Харин би сурч мэдсэнээ үл тоомсорлон ар араас нь олон буруу шийдвэр гаргасан. 14 хүрээд би сургуулийн найзуудтайгаа архи ууж, хар тамхи татаж эхэллээ. Тэд нэг нэгээрээ сургуулиасаа гарч дээрмийн бүлгийн гишүүд болов. Би ч тэднийг дагалаа. Бид гудамжинд цаг нөхцөөж, хүмүүсээс нэхэж авсан юм уу хулгай хийж олсон мөнгөө архи, хар тамхинд зориулдаг байв.

 Дээрмийн бүлгийнхэн миний гэр бүл болсон. Тэдэнд үнэнч байх ёстой гэж боддог байв. Жишээ нь нэг өдөр дээрмийн бүлгийн маань нэг гишүүн хар тамхинд мансуураад манай нэг хөрш рүү дайрлаа. Тэгээд зодоон болж манай хөрш найзыг минь дийлээд цагдаа дуудав. Миний уур хүрч найзыгаа явуулах гэсэндээ том цохиураар хөршийнхөө машиныг эвдэж эхлэв. Тэр хөрш маань надаас болихыг гуйсан ч би сонсолгүй, цонхнуудыг нь хагалж машиныг нь сүйтгэсэн.

 Намайг 18-тай байхад манай дээрмийн бүлэг цагдаа нарын эсрэг дайрсан юм. Би гар хийцийн бөмбөг шидэх гэж байтал гар дээр минь дэлбэрсэн. Яг юу болсныг мэдэхгүй. Би гэмтсэн гараа харж байснаа л санаж байна. Тэгээд ухаан алдсан. Эмнэлэгт сэрээд би баруун гараа алдсанаа, баруун чих минь дүлий, баруун нүд минь бараг л сохорсныг мэдсэн юм.

 Гэмтсэн хэрнээ эмнэлгээс гараад шууд бүлгийнхэн дээрээ очсон. Харин удалгүй намайг цагдаа бариад шоронд хийсэн. Тэнд байхдаа би дээрмийн бүлгийн гишүүдтэй бүр илүү дотно болсон. Бид өглөөний цайгаа хамт уучихаад л хар тамхиа татаж эхэлнэ. Тэгээд тэдэнтэй өглөөнөөс орой унтах хүртлээ хамт байдаг байлаа.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Намайг шоронд байхад Леонардо ирж уулзсан юм. Бид ярилцаж байтал Леонардо миний баруун гаран дээрх шивээсийг олж харлаа. Тэгээд «Энэ шивсэн гурван цэг ямар утгатайг мэдэж байна уу?» гэж асуулаа. Би «Мэдээж» гээд «секс, хар тамхи бас рок-н-ролл гэсэн утгатай» гэж хариуллаа. Харин Леонардо: «Миний бодлоор эмнэлэг, шорон бас үхэл гэсэн утгатай. Чи эмнэлэгт хэвтсэн. Одоо шоронд байна. Дараа юу болох нь тодорхой» гэж хэлсэн.

 Би Леонардогийн хэлснийг сонсоод балмагдсан. Хэлсэн үг нь үнэн байсан. Би өөрийнхөө булшийг өөрөө ухаж байв. Леонардо надтай Библийн хичээл хийхийг санал болгож бид хичээл хийж эхэллээ. Библиэс сурч мэдсэн зүйл маань надад амьдралаа өөрчлөх хүсэл төрүүлсэн. Жишээ нь Библид «муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэж байдаг (1Коринт 15:33). Тиймээс би хамгийн түрүүнд шинэ найзуудтай болох хэрэгтэй байлаа. Тэгэхийн тулд би дээрмийн бүлгийн цугларалтад очихоо больж, оронд нь шоронд болдог Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явж эхэллээ. Гэрчүүдийн цуглаан дээр би Андрес гэдэг шоронд баптисм хүртэж Гэрч болсон хоригдолтой танилцсан. Тэр надад өглөөний цай хамт уухыг санал болгосон юм. Ингээд би өглөө бүр хар тамхи татахаа болилоо. Оронд нь Андрестай Библийн зүйл ярилцдаг болсон.

 Дээрмийн бүлгийн гишүүд намайг өөрчлөгдсөнийг шууд анзаарсан. Тиймээс бүлгийн нэг толгойлогч надтай уулзахыг хүссэн юм. Би их айсан. Дээрмийн бүлгээс гарах нь бараг л боломжгүй зүйл учраас миний хэлэх үгийг сонсоод яахыг мэдэхгүй байлаа. Тэр надаас: «Манай цугларалтад ирэхээ больж, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явдаг болсныг чинь анзаарлаа. Чи яах санаатай байна вэ?» гэж асуув. Би Библийг үргэлжлүүлэн судалж амьдралаа өөрчлөхийг хүссэнээ хэллээ. Юу гэж хариулсныг нь сонсоод би их гайхсан. Намайг үнэхээр Еховагийн Гэрч болох хүсэлтэйгээ баталбал дээрмийн бүлгийнхэн шийдвэрийг минь хүндэтгэнэ гэсэн. Тэгээд: «Чи үнэхээр Бурхны тухай мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдээс зуур. Чамайг муу юм хийхээ болихыг хүлээж байя. Баяр хүргэе. Чи зөв зам сонголоо. Еховагийн Гэрчүүд чамд үнэхээр тусалж чадна. Би АНУ-д байхдаа тэдэнтэй хичээл хийдэг байсан. Манай гэр бүлд Еховагийн Гэрч болсон хүмүүс байдаг. Айх хэрэггүй. Битгий бууж өгөөрэй» гэж хэлсэн. Миний айх баярлах хоёр зэрэгцэж байсан. Дотроо Ехова Бурхандаа талархаж байлаа. Надад яг л торноос мултарсан шувуу шиг санагдаж байсан. Тэгээд Есүсийн хэлсэн «Үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэдэг үгийн үнэнийг ойлгосон юм (Ёохан 8:​32).

 Гэхдээ хуучин найзуудын маань зарим нь надад хар тамхи өгч сорьдог байв. Үнэнээ хэлэхэд надад сорилтод бууж өгсөн үе байсан. Тэгсэн ч чин сэтгэлээсээ олон удаа залбирсны хүчээр би эцэст нь муу зуршлаа хаяж чадсан (Дуулал 51:10, 11).

 Олон хүн намайг шоронгоос гараад хуучин амьдралдаа эргэж орно гэж бодож байсан ч би тэгээгүй. Харин ч шоронд очиж хоригдлуудтай Библиэс мэдэж авснаа хуваалцдаг болсон. Эцэст нь хуучин найзууд минь намайг үнэхээр өөрчлөгдснийг ойлгосон. Харамсалтай нь хуучин дайснууд минь ойлгоогүй.

 Нэг өдөр дэлгэрүүлж явтал зэвсэг барьсан өрсөлдөгч дээрмийн бүлгийнхэн хамт явсан Гэрч бид хоёрыг гэнэт бүсэлж зогссон. Тэд нар намайг алахыг хүсэж байв. Хамт явсан Гэрч маань эелдэг ч зоригтойгоор намайг дээрмийн бүлгийн гишүүн байхаа больсныг тайлбарлалаа. Би тайван байхыг хичээж байв. Тэд нар намайг зодоод энэ хэсгээр дахиж хэзээ ч явж болохгүй гэж анхааруулаад буугаа буулган биднийг явууллаа. Библи намайг үнэхээр өөрчилсөн. Өмнө нь ингэсэн бол би өшөө авахыг оролдох байсан. Харин одоо би 1Тесалоник 5:15-д байдаг: «Хэнд ч мууг муугаар бүү хариул. Харин бие биедээ болон бүх хүнд үргэлж сайныг үйлдэж бай» гэсэн Библийн зөвлөгөөг дагадаг.

 Еховагийн Гэрч болсноосоо хойш би үнэнч шударга байхыг хичээж ирсэн. Энэ нь үргэлж амар байгаагүй. Гэсэн хэдий ч Ехова Бурхны, Библийн зөвөлгөөний болон шинэ найзуудынхаа тусламжтайгаар би зорьсондоо хүрч чадсан. Дахиж хэзээ ч өнгөрсөн шигээ амьдармааргүй байна (2Петр 2:​22).

ОДОО

 Би ууртай, догшин зантай хүн байсан. Тэр муу замаараа явсаар байсан бол өнөөдөр амьд байхгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Библиэс сурч мэдсэн зүйл минь намайг их өөрчилсөн. Би муу зуршлаасаа салсан. Хуучин дайснуудтайгаа хэрхэн эвтэй байхыг сурсан (Лук 6:​27). Одоо сайхан зан чанартай болоход минь тусалдаг найзуудтай болсон (Сургаалт үгс 13:20). Би аз жаргалтай, утга учиртай амьдарч, хийсэн бүх муу хэргийг минь уучлахад бэлэн байсан Бурхандаа үйлчилж байна (Исаиа 1:​18).

 2006 онд би сайн мэдээ тунхагладаг ганц бие Христийн дагалдагчдад зориулсан тусгай сургуулийг төгссөн. Хэдэн жилийн дараа би хайртай эхнэртэйгээ гэрлэж охинтой болсон. Надад тусалсан Библийн зарчмуудыг өрөөл бусдад заахын тулд их цаг зарцуулдаг болсон. Нутгийнхаа хуралд ахлагчаар үйлчилж, залуучуудад өөрийнхөө залуу насандаа хийсэн алдааг давтахгүй байхад туслахыг хичээдэг. Одоо би өөрийнхөө булшийг ухахын оронд Бурхны Библид бичүүлж амласан мөнхийн ирээдүйг хүлээж байна.