Нил ягаан гурвалжин
Францад амьдардаг Мауд нэг сургуульд ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг. Саяхан нэг ангид еврейчүүдийг хоморголон устгасан явдал болон нацистын хорих лагерийн тухай үзсэн. Хоригдлууд янз бүрийн өнгийн даавуугаар оёсон ялгах тэмдэгтэй байжээ. Тухайн хүн ямар хэргээр хоригдож байгааг өнгө хэлбэрээр нь мэддэг байв.
Багш нь нил ягаан гурвалжинг «Ижил хүйстнийг ялгах тэмдэг байх» гэж ярьсан. Хичээлийн дараа Мауд багштай уулзаад нил ягаан гурвалжингаар Еховагийн Гэрчүүдийг ялгадаг байсныг тайлбарлаж, холбогдох зарим материал авчиръя гэжээ. a Багш ч дуртайяа зөвшөөрч, түүнийг хичээл дээр хүүхдүүдэд үзүүлээрэй гэв.
Өөр нэг багш дээрх сэдвээр хичээл заахдаа хоригдлуудын ялгах тэмдгүүдийг хүснэгтээр үзүүлсэн. Тэр хүснэгтийг үзвэл нил ягаан гурвалжин нь Еховагийн Гэрчүүдийг таних тэмдэг гэдгийг мэдэж болох байв. Мауд бас энэ багшид нэмэлт материал авчрахыг санал болгов. Багш зөвшөөрсөн. Харин хүүхдүүдэд энэ тухай Мауд ярьж өгөхөөр болов.
Мауд эхний ангийн хүүхдүүдэд зориулж 15 минутын тайлбар бэлдэв. Гэтэл яг хичээл эхлэхээс өмнө багш нь түүнд «Чиний мэдэлд нэг цаг байгаа шүү» гэжээ. Мауд эхлээд, нацистууд Еховагийн Гэрчүүдийг хэрхэн хавчиж байсныг харуулсан баримтад кино үзүүлсэн. Нацистууд Гэрчүүдийн 800 хүүхдийг эцэг эхээс нь салгасан тухай гарахад Мауд киногоо түр зогсоогоод тэр хүүхдүүдийн гуравт нь тохиолдсон явдлыг ярьж өгөв. Кино дууссаны дараа Герхард Штайнакер гэдэг 19 настай Австрали Гэрчийн 1940 онд бичсэн захиаг уншсан. Уг захиаг нацистуудад цаазлагдахаасаа хэдэн цагийн өмнө эцэг эхдээ бичсэн ажээ. b
Мауд дараагийн ангид ч ийм маягаар материалаа танилцуулсан. Эр зоригтой ярьсан Маудын ачаар хоёр багш нь нацистын хорих лагерьт хэлмэгдэгсдийн тухай ярихдаа Еховагийн Гэрчүүдийн талаар ч дурддаг болсон байна.
a Германд Еховагийн Гэрчүүд «Bibelforscher» (Библи Судлаачид) гэдэг нэрээр олонд танигдсан байсан бөгөөд тэднийг дэлхийн ІІ дайны үед нацист дэглэмийг дэмжихээс татгалзсан гэж шоронд хорьж байжээ.
b Герхард Штайнакерт Германы армид алба хаахаас татгалзсаны улмаас алах ял оноосон. Сүүлчийн захидалдаа тэрбээр: «Би хүүхэд шүү дээ. Зөвхөн Эзэн надад хүч өгвөл бат зогсож чадна. Үүнийг л гуйж байна» гэж бичжээ. Өглөө нь түүнийг цаазалсан юм. Булшин дээр нь «Тэрбээр үхэн үхтэлээ Бурхныг алдаршуулсан» гэсэн бичээс байдаг.