Угаалгын машин доорх зурвас
Зарина Оросод байхдаа баптисм хүртэж Еховагийн Гэрч болжээ. Дараа нь хоёр охиноо итгэл үнэмшлийнхээ дагуу хүмүүжүүлэхээр Төв Азид байдаг нутагтаа буцаж иржээ. Санхүүгийн байдлаас болоод нэг өрөө байранд эцэг эх, дүү бэр, хоёр охинтойгоо суудаг байв. Хүүхдүүддээ Библийн үнэнийг заахгүй байхыг эцэг эх нь түүнд тушаажээ. Бас ээжтэйгээ Библийн тухай ярьж болохгүй гэж зээ охиддоо захисан байна.
Зарина Еховагийн талаар мэдэж авахад нь охиддоо хэрхэн туслахаа сайтар боджээ (Сургаалт үгс 1:8). Еховад шаргуу залбирч, мэргэн ухаан өгөхийг, удирдан чиглүүлэхийг гуйв. Тэгээд охидтойгоо гадуур явах бүрдээ Бурхны бүтээлийн гайхамшгийн тухай ярилцдаг боллоо. Үүний дүнд охид нь Бүтээгчтэй танилцах хүсэлтэй болжээ.
Дараа нь Зарина «Библийн сургаалыг зөв ойлгох нь» a номыг ашиглан охидынхоо сонирхлыг улам бүр татах нэг арга олов. Уг номын догол мөрүүдийг асуулттай нь хамт цаасан дээр хуулаад, илүү сайн ойлгуулахын тулд нэмж хэдэн өгүүлбэр бичнэ. Тэр цаасаа харандаатай хамт угаалгын машины доор нууна. Охид нь ванны өрөөнд орохоороо нөгөө зурвасыг уншиж, хариултаа бичдэг байв.
Зарина нүүтлээ энэ аргаар «Библийн сургаал» номын хоёр бүлгийг охидтойгоо судалжээ. Өөр байранд ороод ямар ч саадгүйгээр хүүхдүүдээ хүмүүжүүлэх боломжтой болов. 2016 оны 10 дугаар сард хоёр охин нь баптисм хүртжээ. Бурхны тухай үнэнийг зааж өгөхийн тулд ухаалаг, хэрсүү байсан ээждээ тэд баярлаж явдаг ажээ.
a Одоо «Үүрд жаргалтай амьдраарай!» номыг ашиглан хичээл хийдэг хүн олон бий.