Еховагийн Гэрчүүд яагаад зарим баяр ёслолыг тэмдэглэдэггүй вэ?
Баяр ёслол тэмдэглэх эсэхээ Еховагийн Гэрчүүд хэрхэн шийддэг вэ?
Еховагийн Гэрчүүд баяр ёслол тэмдэглэх эсэхээ шийдэхийн тулд Библид юу гэж байдгийг эхлээд судалдаг. Зарим баяр ёслол Библийн зарчимтай зөрчилддөг нь илт байдаг. Тийм баяр ёслолыг огт тэмдэглэдэггүй. Харин зарим тохиолдолд Гэрч хүн бүр «Бурхны хуулийг ч, хүний хуулийг ч зөрчилгүй хүний мөсөөр сайн байхыг ямагт хичээн» өөрсдийн шийдвэрээ гаргах шаардлагатай болдог баяр ёслол бий (Үйлс 24:16).
Еховагийн Гэрчүүд баяр ёслол тэмдэглэх шийдвэр гаргахдаа юу юу анхаардгийг энэ өгүүллээр тайлбарлалаа. a
Баяр ёслол Библийн сургаалтай зөрчилддөг эсэх
Библийн зарчим: «“Тэднээс холдож, тусгаар бай”. “Бузар юманд хүрэхээ боль” гэж Ехова хэлдэг» (2 Коринт 6:15–17).
Библийн сургаалд нийцдэггүй буюу Еховагийн бузар гэж үздэг зүйлээс Еховагийн Гэрчүүд хол байдаг. Зарим жишээг авч үзье.
Өөр бусад бурхдад итгэх эсвэл тэднийг шүтэхтэй холбоотой баяр ёслол. Есүс: «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» гэж хэлсэн байдаг (Матай 4:10). Еховагийн Гэрчүүд энэ тушаалыг дагадаг учраас Зул сарын баяр буюу Крисмас, Улаан өндөгний баяр болон Майн баярыг тэмдэглэдэггүй. Эдгээр нь Еховагаас өөр бурхныг шүтэхтэй холбоотой. Үүнээс гадна тийм баяр ёслол олон бий.
Кванзаа: Кванзаа гэдэг нэр нь «свахили хэлний матунда яа кванза гэдэг үгнээс гаралтай бөгөөд “анхны үр жимс” гэсэн утгатай. Африкийн түүхэнд анх бичигдсэн ургацын баяраас үүдэлтэй гэдгийг нь энэ нэр харуулдаг» (Encyclopedia of Black Studies). Зарим хүн үүнийг шашны баяр ёслол биш гэж үздэг. Харин уг баярыг Африкийн шашны тухай нэгэн толь бичигт ургацын дээжээ «өвөг дээдэс болон бурхдад өргөн талархлаа илэрхийлдэг» баяр ёслолтой адилтган тэмдэглэсэн байдаг. Мөн цааш нь «Африк гаралтай америкчуудийн Кванзаа баяр өвөг дээдсийнхээ ивээл хишигт талархлаа өргөдгөөрөө адил юм» хэмээжээ (Encyclopedia of African Religion).
Намрын дунд сарын баяр: Энэ нь «сарны охин тэнгэрт зориулсан баяр юм» (Holidays, Festivals, and Celebrations of the World Dictionary). Уг баяраар эмэгтэйчүүд сарны охин тэнгэрт мөргөх ёслол хийдэг (Religions of the World—A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices).
Наурыз: «Уг баяр Зороастрианизмаас гаралтай бөгөөд эртний Зороастерийн хуанлийн дагуу хамгийн ариун өдөрт тооцогддог аж. ... Энэ ёс заншлын дагуу “өвлийн сүнс”-нд хөөгдсөн [Рапитвин] гэгдэх “үд дундын сүнс” хүйтэн улирлын турш газар доор байж байгаад буцан гарч ирдэг бөгөөд Наурызын өдрийн үд дунд түүнийг угтан авч баяр ёслол хийдэг ажээ» (ЮНЕСКО—НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага).
Шаб-ээ Ялда: Жилийн хамгийн богино өдөр тэмдэглэдэг уг баярыг Персийн түүхийн нэгэн номд Митра хэмээх гэрлийн бурхныг шүтэх ёслолтой холбоотой гэж бичжээ (Sufism in the Secret History of Persia). Мөн зарим эх сурвалж уг баярыг ромчууд болон грекчүүдийн нарны бурхдыг шүтэхтэй холбон тайлбарладаг. b
Талархлын баяр: Энэ баяр ч мөн Кванзаагийн нэгэн адил янз бүрийн бурхдад талархлаа илэрхийлэн тэмдэглэдэг эрт дээр үеийн ургацын баяруудаас гаралтай аж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр «эртний эдгээр ёс заншлыг Христийн шашныхан дагадаг болжээ» (A Great and Godly Adventure—The Pilgrims and the Myth of the First Thanksgiving).
Заяа төөрөг, мухар сүсэгтэй холбоотой баяр ёслол. Еховагаас нүүр буруулсан хүмүүсийн зарим нь «аз завшааны төлөө ширээ зассан» гэж Библид гардаг (Исаиа 65:11). Тийм учраас Еховагийн Гэрчүүд хувь тавилан, мухар сүсэгтэй холбоотой баяр ёслолыг тэмдэглэдэггүй. Заримыг нь авч үзье.
Иван Купала: Беларусын тухай нэгэн номд энэ баярын үеэр «байгаль дэлхийгээс ид шидийн хүч ялгардаг бөгөөд зоригтой, азтай байвал энэ хүчнээс хүртэх боломжтой гэж хүмүүс итгэдэг» гэжээ (The A to Z of Belarus). Энэ баярыг жилийн хамгийн урт өдөр тэмдэглэдэг байсан бөгөөд Христийн шашинтай ямар ч холбоогүй байв. Харин хожим нь сүмийнхний тэмдэглэдэг байсан Ёоханыг дурсан санах өдөртэй холилдсон хэмээн нэгэн нэвтэрхий тольд тэмдэглэжээ (Encyclopedia of Contemporary Russian Culture).
Цагаан сар: «Энэ баяраар гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сайн сайхныг хүсэн ерөөж, янз бүрийн лус савдгийг тахин аз хийморь, заяа төөргөө даатгадаг» (Mooncakes and Hungry Ghosts—Festivals of China). Солонгосчууд цагаан сараар «өвөг дээдэстээ мөргөн, ирж буй жилдээ гай зэтгэрээс холдуулж, аз хийморьтой байлгахыг гуйдаг ёс заншилтай ажээ. Мөн тухайн жилдээ юу тохиохыг мэдэхийн тулд мэргэ төлөг тавиулдаг байна» (Encyclopedia of New Year’s Holidays Worldwide).
Сүнс гэх ойлголттой холбоотой баяр ёслол. Хүн нас барахад үргэлжлүүлэн амьдардаг үхэшгүй мөнхийн сүнс гэж байхгүй хэмээн Библид тодорхой бичсэн байдаг. Тийм учраас нас барагсад бодож, сэтгэж, мэдэрч чадахгүй гэсэн үг (Номлогчийн үгс 9:5, 10; Дуулал 146:4). Библийн энэ сургаалтай зөрчилддөг баяр ёслолыг Еховагийн Гэрчүүд тэмдэглэдэггүй. Зарим жишээг авч үзье.
Талийгаачдыг дурсах өдөр (All Souls’ Day, Day of the Dead): Нас барсан бүх хүнийг энэ өдөр дурсан санадаг хэмээн «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-д бичжээ. Мөн цааш нь «дундад зууны үеийн хүмүүс ариусгалын ертөнц (сүнснүүд тэнгэрт гарахын тулд нүглийнхээ төлөө шийтгэгдэж ариун болдог газар аж) дэх сүнснүүд энэ өдөр чөтгөрийн гал, шулам, мэлхий гэх мэт дүрстэй болж хувиран өөрсдөд нь шударга бус хандаж байсан хүмүүст харагддаг гэж итгэдэг байв» гэжээ.
Чинмин баяр, Жүнюань баяр: Эдгээр нь өвөг дээдсээ шүтдэг баяр ёслол юм. Чинмин баярын тухай нэгэн номд: «Нас барагсад өлсөхгүй, цангахгүй, мөнгө төгрөгөөр дутахгүй яваасай гэсэндээ хоол унд, мөнгөн тэмдэгт шатаадаг» гэжээ. Мөн Жүнюань баярын талаар «тухайн сард, ялангуяа тэргэл сар гарахад үхэгсэд болон амьд явагсдын хоорондох холбоо илүү хүчтэй болдог. Тийм учраас үхэгсдийг болон өөд болсон өвөг дээдсээ хүндэтгэх тухай энэ үеэр илүү их анхаарах ёстой гэж тэд боддог» хэмээн тэмдэглэжээ (Celebrating Life Customs Around the World—From Baby Showers to Funerals).
Чусок: Энэ баяраар «нас барсан хүмүүсийн сүнсэнд хоол унд, архи дарс өргөдөг» гэж нэг номд бичжээ. Тэд «нас барсан хүний сүнс үргэлжлүүлэн амьдардаг» гэж итгэдэг тул ийнхүү тахил өргөдөг ажээ (The Korean Tradition of Religion, Society, and Ethics).
Ид шидтэй холбоотой баяр ёслол. «Мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч ... ЭЗЭНд жигшүүртэй юм» гэж Библид байдаг (Дэд хууль 18:10–12). Мэргэ төлгөний нэг хэлбэр болох зурхай гэх мэт ид шидтэй холбоотой аливаа зүйлээс хол байхын тулд тэдгээртэй хамаатай байж болзошгүй ямар ч баяр ёслолыг Еховагийн Гэрчүүд тэмдэглэдэггүй. Нэг тодорхой жишээ нь Халловин бөгөөд өөр хэдэн жишээ авч үзье.
Сингал болон Тамилын шинэ жил: «Энэ баяр ёслолоор үйлддэг зан үйл нь ... зурхайчдын өдөр судар тогтоохтой холбоотой» (Encyclopedia of Sri Lanka).
Сонкран: Уг баярыг Азийн орнуудад тэмдэглэдэг. «Нэр нь “хөдөлгөөн”, “өөрчлөлт” гэсэн утгатай ... санскрит үгнээс гаралтай. Зурхайн дагуу нар хонины орд руу шилжих өдрийг [уг баяраар] тэмдэглэдэг» (Food, Feasts, and Faith—An Encyclopedia of Food Culture in World Religions).
Мосегийн хуультай холбоотой баяр ёслол. Есүс нас барснаар Мосегийн хууль хүчингүй болсон. «Христ бол Хуулийн төгсгөл» гэж Библид байдаг (Ром 10:4). Эртний израйлчуудад өгсөн Мосегийн хуулийн үндэс болсон зарчмууд нь өнөөгийн Христийн дагалдагчдад мөн ач тустай. Харин Еховагийн Гэрчүүд Мосегийн хуультай холбоотой баяр ёслол, ялангуяа амласан Мессиатай холбоотой баяр ёслолыг тэмдэглэдэггүй. Яагаад гэвэл тэд Мессиаг аль хэдийн ирчихсэн гэж үздэг. Эдгээр баяр ёслолыг болон Мосегийн хуультай холбоотой зүйлс нь «ирэх юмсын сүүдэр, харин бодит юм нь Христ юм» гэсэн тайлбар Библид бий (Колосай 2:17). Үүнээс гадна энэ баяр ёслолуудаар үйлддэг зарим ёс заншил нь Библийн зарчимд нийцдэггүй. Зарим жишээг авч үзье.
Ханукка: Энэ нь Иерусалим дахь сүмийг шинэтгэн ариусгасныг тэмдэглэдэг иудейчүүдийн баяр юм. Харин Библид Есүс «гараар бариагүй, өөрөөр хэлбэл энэ дэлхийн биш, илүү агуу, илүү төгс асраар [буюу сүмээр] нэвтрэн» орж Бурхны оршихуйд тэргүүн тахилч болсон гэж байдаг (Еврей 9:11). Энэ сүм нь Иерусалим дахь сүмийг орлодог гэж Христийн дагалдагчид үздэг.
Рош Хашана: Энэ нь иудейн цаг тооллын дагуу жилийн хамгийн эхний өдөр юм. Эрт дээр үед энэ өдөр Бурханд онцгой тахил өргөдөг байжээ (Тооллого 29:1–6). Харин амласан Мессиа болох Есүс Христ ирж «тахил болон идээн өргөлийг хориглоход» Бурханд тахил өргөх хэрэггүй болсон (Даниел 9:26, 27).
Баяр ёслол шашин хоорондын хамтын ажиллагааг дэмждэг эсэх
Библийн зарчим: «Бурханд итгэдэг хүн Бурханд итгэдэггүй хүнтэй юугаараа адил юм бэ? Бурхны сүм шүтээнүүдтэй ямар холбоотой юм бэ?» (2 Коринт 6:15–17).
Еховагийн Гэрчүүд шашин шүтэх, эс шүтэх талаар бусдын эрхийг хүндэлж, бүх хүнтэй эв эетэй байхыг хичээдэг. Харин шашин хоорондын хамтын ажиллагааг дэмжсэн баяр ёслолд оролцдоггүй.
Өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг нэгтгэхийг уриалсан шашны зүтгэлтнүүд болон үйл явдлыг онцолсон тэмдэглэлт өдөр. Эрт дээр үед ард түмнээ шинэ газар нутагт нүүж очиход нь Ехова Бурхан өөр шашинтай, харийн хүмүүсийн тухай анхааруулж, «та нар тэдэнтэй, бурхадтай нь гэрээ байгуулж болохгүй. ... Хэрвээ та нар бурхдыг нь шүтвэл та нарт урхи болно» гэж хэлжээ (Египетээс гарсан нь 23:32, 33, ШЕ). Ийм үндэслэлээр Еховагийн Гэрчүүдийн оролцдоггүй баяр ёслол бий. Заримыг нь авч үзье.
Лои Кратонг: Тайландын энэ баяраар «хүмүүс навчаар хийсэн саванд лаа, хүж асаан голын усанд хөвүүлдэг. Энэ нь саад тотгорыг үгүй хийдэг гэж тэд итгэдэг. Уг баяр нь Буддагийн үлдээсэн ариун мөрийг дурсан тэмдэглэдэг баяр аж» (Encyclopedia of Buddhism).
Үндэсний гэмшлийн өдөр: Папуа Шинэ Гвинейн «Нэйшнл» сонинд нэгэн төрийн албан хаагчийн хэлснээр уг тэмдэглэлт үйл явдалд Христийн шашны үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс оролцдог ажээ. Мөн тэрбээр уг өдрийг «улс даяар Христийн шашны үндсэн зарчмуудыг сануулах гол эх сурвалж» гэж тодорхойлсон байна.
Бурхан багшийн их дүйчин өдөр (Весак): «Буддын шашинтнууд энэ өдрийг хамгийн ариун гэж тооцдог бөгөөд Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нас нөхөцсөнийг буюу нирваан дүр үзүүлсэн өдөр хэмээн тэмдэглэдэг» (Holidays, Festivals, and Celebrations of the World Dictionary).
Шашны зан үйлд үндэслэсэн Библид бичигдээгүй баярууд. Есүс шашны удирдагчдад: «Та нар ёс заншлаараа Бурхны үгийг хүчингүй болгосон» гэж хэлж байжээ. Бас тэднийг «хүний тушаалыг [Бурхны] үг мэтээр заадаг учир ... дэмий хоосон шүтдэг» гэж зэмлэсэн (Матай 15:6, 9). Еховагийн Гэрчүүд энэ сануулгыг чухалд үздэг учраас тэмдэглэдэггүй баяр ёслол олон бий. Заримыг нь авч үзье.
Епифани (Гурван хаадын өдөр, Тимкат, Лос Рэес Магос): Уг баяраар зурхайчид Есүс дээр очсоныг эсвэл Есүс баптисм хүртсэнийг тэмдэглэдэг. «Гол орхи, булаг усны лус савдгийг тахидаг өөр шашны хаврын баярыг Христийн шашны баяр болгожээ» (The Christmas Encyclopedia). «Ёс заншилд үндэслэсэн» Тимкат баяр нь бас эдгээртэй холбоотой (Encyclopedia of Society and Culture in the Ancient World).
Гэгээн эх Мариа тэнгэрт гарсныг тэмдэглэдэг баяр: Энэ баярыг тэмдэглэдэг хүмүүс Есүсийн эх Мариа бие махбодоороо тэнгэрт гарсан гэж итгэдэг. Нэгэн толь бичигт «эрт дээр үеийн Христийн шашныхан ийм сургаалыг огт мэддэггүй байсан бөгөөд Библид ч энэ талаар байхгүй» гэж бичжээ (Religion and Society—Encyclopedia of Fundamentalism).
Мариа гэм зэмгүй ариун төрснийг тэмдэглэх баяр: Энэ нь Библид огтхон ч дурдагдаагүй, харин сүмийнхний зохиосон сургаалд үндэслэсэн баяр юм (Католик шашны шинэ нэвтэрхий толь).
Лент: Энэ ёслолын үеэр нүглээ наманчилж мацаг барьдаг бөгөөд «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-д бичсэнээр анх IV зууны үед үүсжээ. Энэ нь Библи бичигдэж дууссанаас хойш хоёр зуугаад жилийн дараа юм. Мөн тус нэвтэрхий тольд мацаг барих эхний өдөр үйлддэг зан үйлийн талаар дурджээ. Тэр өдрийг «Үнсэн лхагва гараг» гэх бөгөөд сүмийн пасторууд хүмүүсийн духан дээр үнсээр загалмай зурж гэмших хэрэгтэйг нь сануулдаг аж. Анх 1091 онд Беневенто дахь сүмийн зөвлөл үүнийг Христийн шашны албан ёсны зан үйл болгосон байна.
Мескел (эсвэл Маскал): Этиопын энэ баяраар Есүсийг цовдолсон загалмайг олсныг тэмдэглэн, түүдэг гал асааж тойрон бүжиглэдэг гэж нэгэн нэвтэрхий тольд тайлбарлажээ (Encyclopedia of Society and Culture in the Medieval World). Харин Еховагийн Гэрчүүд шүтлэгтээ ерөөсөө загалмай хэрэглэдэггүй.
Хувь хүн, албан байгууллага, улс орныг өргөмжлөн тэмдэглэдэг эсэх
Библийн зарчим: «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ”» (Иеремиа 17:5).
Еховагийн Гэрчүүд бусдын ажил үйлсийг магтан сайшааж, тэдний төлөө залбирдаг. Харин баяр ёслол, тэмдэглэлт өдөрт нь оролцдоггүйн шалтгаан бий. Заримыг нь авч үзье.
Эрх баригчид болон алдарт хүмүүсийг өргөмжлөн тэмдэглэдэг өдөр. Библид: «Хамартаа амьсгал нь байдаг хүмүүнд хандахаа боль. Хүмүүнийг бишрээд яах юм бэ?» гэж байдаг (Исаиа 2:22, АБН 2019). Тийм болохоор Еховагийн Гэрчүүд хаад ноёд, эрх баригчдын төрсөн өдөр гэх мэт баярыг тэмдэглэдэггүй.
Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол. Библид «шүтээнээс өөрсдийгөө хамгаал» гэж байдаг учраас Еховагийн Гэрчүүд төрийн далбаанд зориулсан ёслолд оролцдоггүй (1 Ёохан 5:21). Зарим хүн төрийн далбааг шүтээн биш гэж үздэг. Харин түүхч Карлтон Хейс: «Төрийн далбаа нь үндсэрхэг үзлийн гол бэлгэ тэмдэг, шүтлэгийн гол зүйл болжээ» хэмээн тэмдэглэжээ.
Гэгээнтнүүдийг өргөмжилдөг баяр ёслол. Бурхнаас эмээдэг нэгэн эрэгтэй сөгдөн мөргөхөд нь элч Петр: «Та бос, бос. Би бусадтай адил жирийн хүн шүү дээ» гэж хэлээд татан босгосныг Библид тэмдэглэжээ (Үйлс 10:25, 26). Петр ч, бусад элч нар ч өөрсдийг нь онцгойлон хүндэлж бишрээсэй гэж хүсээгүй. Тийм учраас Еховагийн Гэрчүүд гэгээнтнүүд хэмээгддэг хүмүүсийг өргөмжлөн тэмдэглэдэг баяр ёслолд оролцдоггүй. Зарим жишээг үзье.
Гэгээнтнүүдийн өдөр: Энэ баяр ёслолын гарал үүсэл тодорхойгүй болохыг «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-д тэмдэглэжээ.
Гуадалупегийн гэгээн Мариагийн өдөр: Энэ нь «Мексикийг ивээдэг гэгээнтнийг» хүндэтгэн тэмдэглэдэг баяр юм. Зарим хүн энэ гэгээнтнийг Есүсийн эх Мариа гэж үздэг бөгөөд 1531 онд нэгэн тариачинд гайхамшгаар үзэгдсэн гэдэгт итгэдэг (The Greenwood Encyclopedia of Latino Literature).
Улс төрийн асуудлыг эсвэл нийгмийн хөдөлгөөнийг дурсах, дэмжих зорилготой баяр ёслол. Библид: «Хүнд итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр» гэж байдаг (Дуулал 118:8, 9). Еховагийн Гэрчүүд аливаа асуудлыг Ехова Бурхан л шийдэж чадна гэдэгт итгэдэг учраас нийгмийн асуудлыг хүний хүчээр шийдэхийг бэлгэдэн уриалсан тэмдэглэлт өдөрт оролцдоггүй. Тэдгээрийн зарим жишээ нь Хүүхдийн баяр, Эмэгтэйчүүдийн баяр гэх мэт өдөр юм. Мөн ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус явдлыг Бурхны Хаант төр л арилгана гэдэгт итгэдэг тул Боолчлол үгүй болсныг дурсах өдөрт ч (Emancipation Day) оролцдоггүй (Ром 2:11; 8:21).
Аль нэг улс үндэстнийг бусдаас илүүд үзэхийг дэвэргэдэг эсэх
Библийн зарчим: «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг юм» (Үйлс 10:34, 35).
Еховагийн Гэрчүүд эх орондоо хайртай. Гэхдээ үндсэрхэг үзлийг дэвэргэдэг баяр ёслолыг тэмдэглэдэггүй.
Зэвсэгт хүчнийг хүндэтгэн тэмдэглэдэг баяр ёслол. Есүс дагалдагчдадаа дайн дажин дэмжихийг биш, харин ч «дайснаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэж захисан (Матай 5:44). Тийм учраас Еховагийн Гэрчүүд цэрэг армийг хүндэтгэн тэмдэглэдэг баяр ёслолд оролцдоггүй. Зарим жишээг авч үзье.
Анзакийн ойн баяр (Anzac Day): «Австрали болон Шинэ Зеландын армийн корпусыг Анзак гэдэг». Мөн «Анзакийн ойн баяр нь дайнд амь үрэгдсэн хүмүүсийг дурсах тэмдэглэлт өдөр болсон» гэж нэг толь бичигт тодорхойлжээ (Historical Dictionary of Australia).
Ахмад дайчдын өдөр: Энэ нь«дайнд амиа алдсан хүмүүсийг бас зэвсэгт хүчинд он удаан жил зүтгэсэн эсвэл онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг» хүндэтгэн тэмдэглэдэг өдөр юм (Британника нэвтэрхий толь).
Улсын түүх эсвэл тусгаар тогтнолтой нь холбоотой баяр ёслол. Есүс дагалдагчдынхаа тухай: «Би ертөнцийнх бишийн адил тэд ертөнцийнх биш юм» гэжээ (Ёохан 17:16). Еховагийн Гэрчүүд улс орныхоо түүх соёлыг судалж мэдэх дуртай. Харин улс орны түүх соёлтой холбоотой зарим арга хэмжээнд оролцдоггүй. Хэдэн жишээг сонирхуулъя.
Австралийн үндэсний өдөр: Нэгэн толь бичигт бичсэнээр «1788 оны энэ өдөр англи цэргүүд Австралид тугаа босгож колоничилсон» гэжээ. Улмаар Австралийн үндэсний өдөр гэгдэх болсон байна (Worldmark Encyclopedia of Cultures and Daily Life).
Гаи Фооксын өдөр: Энэ нь «1605 онд Гаи Фоокс католик шашинтай дэмжигчдийнхээ хамт I Жеймс хааныг хөнөөж [Английн] парламентыг дэлбэлэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэнийг тэмдэглэдэг» өдөр юм (A Dictionary of English Folklore).
Тусгаар тогтнолын өдөр: Улс орнууд «үндэснийхээ тусгаар тогтнолыг нийтээр тэмдэглэдэг» өдөр (Merriam-Webster’s Unabridged Dictionary).
Ёс бус үйлдлийг хөхүүлэн дэмждэг эсэх
Библийн зарчим: «Та нар эрээ цээргүй хэрэг хийх, хүсэл тачаалаа хорьж дийлэлгүй автах, архидах, эмх замбараагүй найрлан цэнгэх, хэн нь архи их уудгаа үзэх, жигшүүрт шүтээн шүтэх зэргээр харь үндэстнүүдийн таалдаг юмыг хангалттай урт хугацаанд хийж явсан» (1 Петр 4:3).
Энэ зарчмын дагуу Еховагийн Гэрчүүд утга учиргүй найрлан цэнгэж, архидан согтуурахыг хөхүүлэн дэмждэг баяр ёслолд оролцдоггүй. Гэхдээ найз нөхөдтэйгөө баярлаж цэнгэдэггүй гэсэн үг биш. Архи дарс хэрэглэх үе гарах нь бий. Харин хэмжээнээс нь хэтрүүлдэггүй. Яагаад гэвэл Еховагийн Гэрчүүд «идсэн ч уусан ч, юу ч хийсэн, Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий» гэсэн Библийн зөвлөгөөг дагаж мөрддөг (1 Коринт 10:31).
Мөн Библийн зарчимд нийцдэггүй, ёс суртахуунгүй үйлдлийг дэмжсэн ямар ч баяр ёслолд оролцдоггүй. Үүнд иудейчүүдийн аврагдсанаа тэмдэглэдэг Пурим гэдэг баяр багтана. Үүнийг МЭӨ V зуунаас хойш тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин орчин үед хачин сонин хувцасласан (эмэгтэйлэг хувцасласан эрчүүд гэх мэт), бусдын амар тайвныг алдагдуулсан, архи дарс уусан, чимээ шуугиан тарьсан хүмүүсийн баяр болсныг нэг номд тайлбарлажээ (Essential Judaism).
Еховагийн Гэрчүүд зарим баяр ёслол тэмдэглэдэггүй нь гэр бүлийнхнийгээ хайрладаггүй гэсэн үг үү?
Яалаа гэж. Итгэл үнэмшил өөр байлаа ч гэр бүлийнхнийгээ хайрлаж хүндлэх хэрэгтэй гэж Библид бий (1 Петр 3:1, 2, 7). Зарим баяр ёслолыг тэмдэглэдэггүйгээс нь болж хамаатан садан, гэр бүлийнхэн нь Еховагийн Гэрчүүдэд уурлаж гомдох үе гардаг. Харин тэд хамаатан садан, гэрийнхэндээ хайртай хэвээрээ гэдгээ үргэлж илэрхийлэн, тэмдэглэдэггүй болсон учир шалтгаанаа эвтэйхэн тайлбарлаж, баяр ёслолын бус үеэр уулзаж байхыг байнга хичээдэг.
Еховагийн Гэрчүүд бусдыг бас баяр ёслол тэмдэглэхгүй байхыг шаарддаг уу?
Үгүй. Хүн бүр өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй гэж Еховагийн Гэрчүүд үздэг (Иошуа 24:15). Тэд итгэл үнэмшлээс нь үл хамааран «ямар ч хүнийг хүндэлдэг» (1 Петр 2:17).