Еховагийн Гэрчүүд яагаад төрсөн өдөр тэмдэглэдэггүй вэ?
Төрсөн өдөр тэмдэглэх нь Бурхны таалалд нийцдэггүй гэж бид үздэг. Тэмдэглэж болохгүй гэсэн тодорхой заалт байхгүй ч энэ баяртай холбоотой чухал зүйлийг ойлгож, Бурхны үзэл бодлыг мэдэхэд Библи тусалдаг. Энэ талаар Библийн дөрвөн зарчмыг авч үзье.
Төрсөн өдрийн баяр хуурамч шашнаас үүсэлтэй. Төрсөн өдрөөр нь хүнийг «муу ёрын сүнс, хүчнүүд дайрдаг» бөгөөд «найз нөхөд нь хамт байж, сайн сайхныг ерөөвөл хамгаалагдана» гэсэн итгэлд энэ баяр үндэслэдэг хэмээн нэгэн бүтээлд тэмдэглэсэн байна («Standard Dictionary of Folklore, Mythology, and Legend»). «Төрсөн өдрийн баярын түүх» гэдэг номд «эрт үед төрсөн он сар өдөрт үндэслэн зурхай зохиодог байсан учир энэ өдрийг тэмдэглэж авах нь их чухал байсан. Энэ нь зурхайн нууцлаг ухаанд үндэслэдэг» хэмээн бичсэн байна. Мөн «ард олны итгэдгээр бол асаж буй лаа нь ид шидийн хүчтэй бөгөөд хүслийг биелүүлнэ» хэмээн тэмдэглэжээ.
Гэхдээ Библид ид шид, мэргэ төлгө «гэх зэргийг» буруушаадаг (Дэд хууль 18:14; Галат 5:19–21). Вавилон хотын оршин суугчид ид шидийн нэг хэлбэр болох зурхайгаар хөөцөлдөж байсан учир Бурхан тэднийг буруушаажээ (Исаиа 47:11–15). Еховагийн Гэрчүүд баяр ёслол болгоны гарал үүслийг хэтэрхий чухалчилдаггүй ч Библид гардаг тайлбарыг үл тоомсорлодоггүй.
Эртний христианууд төрсөн өдөр тэмдэглэдэггүй байсан. «Дэлхийн нэвтэрхий толь»-д «Тэд төрсөн өдөр тэмдэглэхийг хуурамч бурхан шүтдэг хүмүүсийн заншил гэж үздэг байв» гэж бичжээ. Библиэс үзвэл, Есүстэй хамт байж, заалгасан элч нар болон бусад хүн, христиан хүнд дагавал зохих жишээ үлдээсэн (2 Тесалоник 3:6).
Христиануудын тэмдэглэх ёстой цорын ганц үйл явдал бол Есүсийн төрсөн өдөр биш, нас барсан өдөр юм. (Лук 22:17–20). Үүнд гайхах хэрэггүй. Учир нь «Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр» гэж Библид бичсэн байдаг (Номлогчийн үгс 7:1). Дэлхий дээрх амьдралаа дуусгах хүртлээ Есүс, Бурхны өмнө сайн нэртэй байсан учир түүний хувьд төрөх өдрөөс үхэх өдөр нь илүү дээр байсан (Еврей 1:4).
Бурхны үйлчлэгч төрсөн өдөр тэмдэглэдэг байсан гэж Библид огт бичээгүй. Энэ нь алдаа биш байсан. Учир нь Бурханд үйлчилдэггүй хүн төрсөн өдөр тэмдэглэсэн тухай хоёр тохиолдол бичигдсэн байдаг. Гэхдээ эдгээр үйл явдлыг сайнгүй өнгөөр бичсэн (Эхлэл 40:20–22; Марк 6:21–29).
Гэрчүүдийн хүүхдүүд төрсөн өдөр тэмдэглэдэггүй болохоор сайхан юмнаас хоцорсон юм шиг байдаг уу?
Гэрчүүд, бусад сайн аав ээжийн адилаар үр хүүхдэдээ хайраа илэрхийлж, жилийн аль ч үед бэлэг өгч, үдэшлэг зохиодог. Тэд хүүхдүүддээ сайныг өгдөг Бурхнаа дуурайхыг хичээдэг (Матай 7:11). Гэрчүүдийн хүүхдүүд сайхан юмнаас хоцорсон гэж боддоггүй нь дараах үгнээс нь харагддаг:
«Огт бодоогүй байхад бэлэг авахлаар илүү гоё байдаг»—Тамми, 12 настай.
«Аав ээж минь надад төрсөн өдрөөр биш, жирийн үед бэлэг авч өгдөг. Би тийм гэнэтийн бэлэг авах дуртай»—Грегори, 11 настай.
«Арван минутын дотор бялуу идэж, ганц дуу дуулахыг л баяр гэдэг гэж үү? Та манайд ирээд жинхэнэ баяр ямар байдгийг үзээрэй!»—Эрик, 6 настай.