Skip to content

Еховагийн Гэрчүүд яагаад үндсэрхэг үзэл илэрхийлсэн ёслолд оролцдоггүй вэ?

Еховагийн Гэрчүүд яагаад үндсэрхэг үзэл илэрхийлсэн ёслолд оролцдоггүй вэ?

 Еховагийн Гэрчүүд засгийн газар болон үндэсний бэлгэ тэмдгийг нь хүндэтгэдэг. Бусад хүн тангараг өргөх, туг далбаанд ёслох юм уу төрийн дуулал дуулахыг бид буруушаадаггүй.

 Гэхдээ Еховагийн Гэрчүүд ийм ёслолд оролцдоггүй. Учир нь ингэх нь Библийн сургаалтай зөрчилддөг гэж бид ойлгодог. Бид хүмүүсийн үзэл бодлыг хүндэлдэг шиг тэд ч биднийхийг хүндлэхэд баярладаг.

Энэ өгүүллээр:

 Библид ямар зарчим байдаг вэ?

 Бидний байр суурь дараах 2 зарчимд үндэслэдэг.

  •   Зөвхөн Бурхан л шүтүүлэх эрхтэй. Библид «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» гэж бий (Лук 4:8). Тангараг, төрийн дууллын үг нь юунаас ч илүү эх орондоо үнэнч байх амлалт бүхий утга гол төлөв агуулдаг. Тиймээс Еховагийн Гэрчүүд ийм үйл ажиллагаанд оролцохыг буруу гэж үздэг.

     Мөн Еховагийн Гэрчүүд туг далбаанд ёслохыг шүтээн шүтэх нэг хэлбэр гэж үздэг бөгөөд Библид үүнийг буруушаадаг (1 Коринт 10:14). Төрийн далбаа нь үндсэндээ шашны бэлгэ тэмдэг гэдгийг зарим түүхчид хүлээн зөвшөөрдөг. Түүхч Карлтон Ж. Х. Хэйз: «Үндсэрхэг үзэл нь шашинтай адил бөгөөд шүтдэг бэлгэ тэмдэг нь туг далбаа юм» гэжээ. a Христийн эртний дагалдагчдын талаар зохиолч Даниел П. Манникс: «Христийн дагалдагчид [Ромын] эзэн хааны тэнгэр сахиуст утлага уугиулахаас татгалздаг байсан нь өнөөдөр туг далбаанд ёслохоос татгалздагтай адил» гэж хэлсэн. b

    Еховагийн Гэрчүүд туг далбаанд ёсолдоггүй ч, төрийн далбаа шатаах, сүйтгэх зэрэг үл хүндэтгэсэн үйлдэл хийдэггүй. Үндэсний өөр бэлгэ тэмдгийн хувьд ч мөн ялгаагүй.

  •   Бурхны нүдэнд бүх хүн тэгш эрхтэй (Үйлс 10:34, 35). Бурхан «нэг хүнээс бүх үндэстнийг бий болгосон» гэж Библид байдаг (Үйлс 17:26). Тиймээс Еховагийн Гэрчүүд аль нэг үндэстэн ястныг бусдаас дээгүүр тавьж, алдаршуулахыг буруу гэж үздэг. Хаана төрж, хаана амьдарч байгаагаас үл хамааран бид бүх хүнийг хүндэлдэг (1 Петр 2:17).

 Зарим үйл ажиллагаа, ёслолд оролцохыг хуулиар шаардсан бол яах вэ?

 Еховагийн Гэрчүүд засгийн газрыг эсэргүүцдэггүй. Учир нь «Бурх[ан] тогтоож», зөвшөөрсөн учраас засгийн газрууд эрх мэдэлтэй байдгийг бид мэддэг (Ром 13:1–7). Мөн Христийн дагалдагчид эрх мэдэлтнүүдэд захирагдах ёстойг ч ойлгодог (Лук 20:25).

 Гэхдээ төр засгийн хууль Бурхныхтай зөрчилдвөл яах вэ? Зарим тохиолдолд хуульд өөрчлөлт оруулах талаар засгийн газарт албан ёсны хүсэлт гаргах боломжтой байдаг. c Хэрэв өөрчлөлт оруулах боломжгүй байвал Еховагийн Гэрчүүд засгийн газрыг хүндэтгэсэн хэвээр байх ч, «хүнд бус, Бурханд захирагдана» гэсэн зарчмыг дагадаг (Үйлс 5:29).

 Еховагийн Гэрчүүд нийгэм, улс төрийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлдэг үү?

 Үгүй. Еховагийн Гэрчүүд нийгэм болон улс төрийн асуудалд аль нэг талыг дэмждэггүй. Бид тангараг өргөх, туг далбаанд ёслох, төрийн дуу дуулахаас татгалздаг нь улс төрийн ямар ч утга агуулдаггүй бөгөөд Библид үндэслэсэн итгэл үнэмшлийнхээ дагуу хандаж байгаа хэрэг юм.

a «Essays on Nationalism», хуудас 107, 108.

b «The Way of the Gladiator», хуудас 212.

c Жишээлбэл, «Итгэл, эр зоригийн ялалт. 75 жилийн өмнө Дээд шүүхийн гаргасан чухал шийдвэр» гэсэн өгүүллийг үзээрэй (англи).