Еховагийн Гэрчүүд өөрийн гэсэн Библитэй юү?
Еховагийн Гэрчүүд янз бүрийн Библи ашигладаг. Гэхдээ «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» тухайн хэлээр гарсан бол энэ орчуулгыг барихыг илүүд үздэг. Яагаад гэвэл Бурхны нэр байдаг, үнэн зөв, ойлгомжтой орчуулга юм.
Бурхны нэр байдаг. Библийг эрхлэн гаргагчдын зарим нь магтаал хүндэтгэл хүлээх зохистой Библийн Зохиогчийг алдаршуулдаггүй. Жишээлбэл нэгэн Библийн орчуулгад уг Библийг гаргахад хувь нэмрээ оруулсан 70 гаруй хүний нэрийг жагсаан бичжээ. Тэгсэн хэр нь Библийн Зохиогч Ехова Бурхны нэрийг хаана нь ч бичээгүй байна!
Библийн эх бичвэрт Бурхны нэр олон мянган удаа гардаг. «Шинэ ертөнц орчуулга»-д Бурхны нэрийг байх ёстой газар нь оруулсан бөгөөд орчуулсан хүмүүсийнх нь нэрийг бичээгүй байдаг.
Үнэн зөв. Библийн олон орчуулга байдаг ч үнэн зөв буулгасан байдлаараа харилцан адилгүй. Жишээ нь нэг орчуулгад Матай 23:15-ыг ингэж буулгасан байдаг. «Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ». Гэхдээ Библийн эх бичвэрт «там» биш «Гехенна» гэдэг үг байдаг. Энэ үгийг үгчилж орчуулбал «Хинномын хөндий» гэсэн утгатай. Энэ хөндий эртний Иерусалимын ойролцоо байдаг байв. Есүсийн үед энэ хөндийд хог шатаадаг байжээ. Есүс Гехенна гэдэг үгээр бүрмөсөн устгахыг бэлгэдэж хэлсэн. Тэгвэл орчуулагчид яагаад там гэж орчуулсан юм бол? Тэд муу хүмүүсийг мөнхөд тамд тарчилна гэдэгт итгэдэг учраас тэгж орчуулсан бололтой. Гэхдээ Библид хүмүүс тамд тарчлах тухай огт гардаггүй. Тийм учраас «Шинэ ертөнц орчуулга»-д «Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Яагаад гэвэл та нар ганц хүнийг бүлэгтээ оруулахын тулд тэнгис, газраар хэрэн явдаг. Тэгээд оруулсан хүнээ Гехеннад хаягдахад бүр ч илүү таарсан нүгэлтэн болгодог» гэж үнэн зөв буулгасан байдаг.
Ойлгомжтой. Сайн орчуулга үнэн зөв байхаас гадна тодорхой, ойлгоход хялбар байдаг. Жишээ татъя. Христийн дагалдагч, элч Паул Ром 12:11-д, махчлан орчуулбал «агуу хүчээр шат» гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Энэ үг орчин үеийн уншигчдад ойлгомжгүй учраас «Шинэ ертөнц орчуулга»-д «Бурхны агуу хүчээр удирдуулан хичээл зүтгэлтэй бай» гэж ойлгомжтой буулгасан байдаг.
«Шинэ ертөнц орчуулга» Бурхны нэрийг байх ёстой газар нь оруулсан, үнэн зөв, ойлгомжтой орчуулга болсноос гадна бас нэг онцлогтой. Бүх хүнд үнэ төлбөргүй өгдөг. Тийм учраас сая сая хүн, тэр дундаа Библи авах боломжгүй хүн ч эх хэлээрээ Библийг унших боломжтой болсон.