Skip to content

Хоморголон устгах явдлын үеэр Еховагийн Гэрчүүдэд юу тохиолдсон бэ?

Хоморголон устгах явдлын үеэр Еховагийн Гэрчүүдэд юу тохиолдсон бэ?

 Хоморголон устгах явдлын (Холокост) үеэр Герман болон нацистуудын эзэлсэн улс орнуудад амьдарч байсан 35 000 орчим Гэрчүүдээс ойролцоогоор 1 500 нь амь үрэгдсэн. Тэдний зарим нь ямар нөхцөлд нас барсан нь тодорхойгүй. Энэ талаар одоо ч судалж байгаа учраас тоо, баримтууд шинэчлэгдэх магадлалтай.

 Тэд хэрхэн нас барсан бэ?

  • Нацистуудын хэрэглэж байсан гильотин

      Цаазын ял: Герман болон нацистын эрхшээлд байсан орнуудад 400 шахам Еховагийн Гэрч цаазаар авхуулсан. Тэдний ихэнх нь шүүгдэж, үхлийн ял сонсож, толгойгоо цавчуулсан. Заримыг нь шүүх хурал ч хийлгүй буудах юм уу дүүжилсэн байна.

  •   Хатуу чанга нөхцөл: Нацистын бөөнөөр хорих лагерь болон шоронгуудад 1 000 гаруй Гэрч амиа алдсан. Тэд хүнд хүчир хөдөлмөр, эрүү шүүлт, өлсгөлөн, хахир хүйтэн, өвчин зовлон, эмнэлгийн тусламж дутмаг байдлаас болж нас баржээ. Ийм хүнлэг бус, харгис харьцааны улмаас зарим нь дэлхийн ІІ дайны төгсгөлд чөлөөлөгдсөн ч удалгүй нас барсан.x

  •   Бусад шалтгаан: Тусгай өрөөнд хорт хийгээр утах, шинжлэх ухааны харгис туршилтын золиос болгох, хорт тариа тарих зэргээр зарим Гэрчийн амийг хороожээ.

 Яагаад хавчигдсан бэ?

 Еховагийн Гэрчүүд Библийн сургаалыг чанд сахидгаасаа болж хавчигдсан. Нацистууд Библид хориглосон юм хийхийг шаардахад тэд татгалздаг байв. Учир нь «хүнд бус, Бурханд захирагдахаар» бат шийдсэн байжээ (Үйлс 5:29). Ийнхүү шийдсэнээ дараах 2 нөхцөлд харуулсан.

  1.   Улс төрийн асуудалд төвийг сахих. Дэлхий дахины өнөөгийн Гэрчүүд улс төрийн асуудлаар төвийг сахидаг. Нацист дэглэмийн эрхшээлд байсан тэд ч мөн адил (Ёохан 18:36). Тиймээс дараахыг хийхээс татгалзжээ.

    •   Цэрэгт явах, дайныг дэмжсэн ажил хийх (Исаиа 2:4; Матай 26:52).

    •   Сонгуульд санал өгөх , нацист байгууллагад элсэх (Ёохан 17:16).

    •   Хас тэмдэгт туг далбаанд ёслох, «Хайль Гитлер!» гэж хэлэх (Матай 23:10; 1 Коринт 10:14).

  2.   Итгэл үнэмшлээ илэрхийлэх. Итгэл үнэмшлээ илэрхийлэхийг нь хориглоход Еховагийн Гэрчүүд яасан бэ?

    •   Залбирч, Бурхныг шүтэхээр цуглахаа болиогүй (Еврей 10:24, 25).

    •   Библийн мэдээ түгээх болон Библид үндэслэсэн ном хэвлэл тараасан хэвээр байв (Матай 28:19, 20).

    •   Хүмүүст, тэр дундаа еврейчүүдэд сайхан сэтгэлээр ханддаг байв (Марк 12:31).

    •   Үнэнч байдлаа хадгалан, итгэл үнэмшлээсээ татгалзах хуудсанд гарын үсэг зураагүй (Марк 12:30).

 Еховагийн Гэрчүүдийн талаар профессор Роберт Герварт: «Зөвхөн тэд л нацист дэглэмийн үед итгэл үнэмшлээсээ болж хавчигдсан хүмүүс юм» гэж дүгнэжээ. a Тэдний ийм бат байр суурьтай байсныг харсан бусад хоригдол гайхан биширч байв. Австрийн нэг хоригдол: «Тэд дайнд явдаггүй. Хүний амь хороосноос өөрөө үхсэн нь дээр гэж үздэг» гэжээ.

 Хаана нас барсан бэ?

  •   Хорих лагериуд: Еховагийн ихэнх Гэрч хорих лагериудад нас барсан. Тэдгээрээс дурдвал: Освенцим, Бухенвальд, Дахау, Флоссенбург, Маутхаузен, Нойенгамме, Нидерхаген, Равенсбрюк, Заксенхаузен юм. Заксенхаузенд л гэхэд ойролцоогоор 200 Гэрч нас барсныг тогтоожээ.

  •   Шоронгууд: Энд Еховагийн зарим Гэрчийг тамлан зовоож алсан. Зарим нь байцаалтын явцад авсан гэмтлээсээ болоод үхжээ.

  •   Цаазын газрууд: Еховагийн Гэрчүүдийг гол төлөв Берлин-Плёценсе, Брандэнбүрг, Халлэ зэрэг шоронгуудад цаазалсан. Түүнээс гадна өөр 70 гаруй газарт цаазалсныг баримтад тэмдэглэн үлдээжээ.

 Цаазын ял авсан зарим хүн

  •  Нэр: Хелене Готтхолд

     Цаазалсан газар: Плёценсе (Берлин)

     Хелене хоёр хүүхдийн ээж бөгөөд эхнэр хүн юм. Хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. 1937 онд маш харгис байцаалтын үеэр хэвлий дэх хүүхдээ алдсан. Түүнийг 1944 оны 12-р сарын 8-нд Берлиний Плёценсе шоронд гильотин гэдэг төхөөрөмж дээр цаазалжээ.

  •  Нэр: Герхард Либолд

     Цаазалсан газар: Брандэнбүрг

     1943 оны 5-р сарын 6-нд 20 настайд нь цаазалсан. Үүнээс 2 жилийн өмнө аавыг нь бас тус шоронд цаазалсан байна. Герхард сүйт бүсгүй болон гэрийнхэнтэйгээ салах ёс хийсэн захиандаа «Эзэн хүч өгөөгүй бол би энэ замын төгсгөл хүртэл явж чадахгүй байх байсан» гэж бичжээ.

  •  Нэр: Рудолф Аушнер

     Цаазалсан газар: Халлэ

     Түүнийг 1944 оны 9-р сарын 22-нд дөнгөж 17-той байхад нь цаазалсан. Ээждээ хаягласан сүүлчийн захидалдаа тэрбээр: «Олон ах дүү маань энэ замыг туулсан. Би ч тэгнэ» гэж бичсэн байсан.

a «Hitler’s Hangman: The Life of Heydrich», page 105.