2017 ОНЫ 8-Р САРЫН 2
ОРОС
Еховагийн Гэрчүүдийн эсрэг гаргасан Оросын Дээд шүүхийн шийдвэр ба олон улсын байр суурь
ОХУ-ын Дээд шүүх тус улс дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хууль бусад тооцох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн талаар олон улсын байгууллагууд, удирдах албаны хүмүүс байр сууриа илэрхийлжээ. Үйл ажиллагаагаа тайван замаар явуулдаг шашны энэ цөөнхөд Орос улс шударга бус, харгис хандлаа гэж шүүмжилж байна.
2017 оны 7-р сарын 17-нд ОХУ-ын Дээд шүүхийн Давж заалдах шатны танхим гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, «“Орос дахь Еховагийн Гэрчүүдийн Удирдах төв” шашны байгууллага болон түүний бүтцэд багтах орон нутгийн шашны байгууллагуудыг татан буулгаж, татан буугдсан шашны байгууллагын бүх өмч хөрөнгийг Оросын Холбооны Улсад шилжүүлэх» гэсэн 4-р сарын 20-ны шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн. Шүүхийн энэ шийдвэрийн улмаас Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа Орос улс даяар хориотой боллоо.
Давж заалдах шатны танхимын 2017 оны 7-р сарын 17-ны шийдвэрийн талаар
ОХУ-ын Дээд шүүхийн давж заалдах шатны танхим 2017 оны 4-р сарын 20-ны шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээх шийдвэр 7-р сарын 17-нд гаргасан. Энэ талаар олон улсын байгууллагууд, удирдах албаны хүмүүсийн хэлсэн үгийг хэсэгчлэн хүргэж байна.
«Еховагийн Гэрчүүдийг «эктремист» гэж үзсэн шийдвэрт давж заалдсан гомдлыг ОХУ-ын Дээд шүүх хэрэгсэхгүй болгосонд бид туйлын их эмзэглэж байна. Ийн шийдсэн нь Оросын 175 000 иргэний шашин шүтлэгийг хууль бус гэж тооцож, тус улсын Үндсэн хуулиар хамгаалдаг, шашин шүтэх эрхэнд халдсан явдал юм». (Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яамны Хүний эрхийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Уимблдоны Лорд Ахмад) https://www.gov.uk/government/news/minister-for-human-rights-statement-on-russian-supreme-court-ruling
«Энэ долоо хоногт Оросын Дээд шүүхийн гаргасан шийдвэр Оросод шашны цөөнхийг хавчиж хяхдагийг батлах хамгийн сүүлийн тод жишээ боллоо. Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглосон шийдвэрээ цуцалж, Удирдах төвийг нь хаах шийдвэрээ эргэн харж, шашны цөөнхөд хамаарах хүнийг «экстремист» гэх үйл ажиллагаа явуулсан хэмээн шударга бусаар хорьж саатуулж байгаа бол суллахыг бид Оросын эрх баригчдаас шаардаж байна». (АНУ-ын Төрийн Департаментийн хэвлэлийн төлөөлөгч Хээдэр Науэрт) https://www.state.gov/r/pa/prs/ps/2017/07/272679.htm
«Еховагийн Гэрчүүд ч бусад шашныхантай адил, хэний ч саадгүйгээр тайван замаар цуглаан хийх эрх чөлөөтэй байх ёстой. Энэхүү эрх чөлөөг Оросын Холбооны Улсын Үндсэн хууль төдийгүй Оросын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд, олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр баталгаажуулдаг». (Европын Холбооны Гадаад харилцааны албаны хэвлэлийн төлөөлөгч) https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/30022/statement-spokesperson-upheld-ban-activities-jehovahs-witnesses-russia_en
«Дээд шүүх ийм шийдвэр гаргасан нь шашин шүтэх эрх чөлөөгөө тайван замаар эдлэхийг экстремизмтэй адилтган үздэг засгийн газрын байр суурийн нэг илрэл юм. Еховагийн Гэрчүүд бол экстремистүүд биш бөгөөд шашин шүтэх эрхээ олон нийтэд нээлттэй, чөлөөтэй, төр засгийн хавчлага дарамтгүй эдлэх ёстой». (АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний асуудлаарх Комиссын дарга Даниел Марк) http://www.uscirf.gov/news-room/press-releases/russia-jehovah-s-witnesses-banned-after-supreme-court-rejects-appeals
«Орос улсад Еховагийн Гэрчүүдийг хориглох шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн нь намайг их түгшээж байна. Бид хэд хэдэн түвшинд хандсан ч ингэж шийдсэн нь шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрхээ тайван замаар эдлэхийг эрүүгийн гэмт хэрэг үйлдэхтэй адилтгасан хэрэг». (Германы Гадаад Хэргийн Яамны Орос, Төв Ази, Зүүний түншлэлийн орнуудтай хамтарч ажиллах хэлтсийн зохицуулагч Гернот Эрлэр) http://www.auswaertiges-amt.de/sid_5DAC942B7DE50BCC4AFCDFC864C2E383/EN/Infoservice/Presse/Meldungen/2017/170719-Ko_RUS-Zeugen_Jehovas.html
«Орос улс Еховагийн Гэрчүүдийн шашны байгууллагыг хууль ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж зүйд нийцэхгүй шийдвэр гарган Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 18 дугаар зүйлээр хамгаалдаг шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрхийг ноцтой зөрчлөө. ... Сүсэг бишрэлтэй сайн санаат бүх хүн, шашин шүтэх эрхийг дээдэлдэг хэн боловч Орос дахь Еховагийн Гэрчүүдийг өмгөөлөн хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэх ёстой». (Лантос сангийн ерөнхийлөгч, доктор Катрина Лантос Свэтт) https://www.lantosfoundation.org/news/2017/7/17/lantos-foundation-condemns-russias-outrageous-decision-to-ban-jehovahs-witnesses
Дээд шүүхийн 2017 оны 4-р сарын 20-ны шийдвэрийн талаар
Давж заалдах шатны танхимын шийдвэр гарахаас өмнө зарим удирдах албаны хүмүүс, олон улсын байгууллагууд 2017 оны 4-р сарын 20-ны шийдвэрийг ийн шүүмжилсэн.
«Би цөөнхийн болон Еховагийн Гэрчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар Ерөнхийлөгчийн хувьд арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Путинээс хүссэн» гэж Германы Канцлер Ангела Меркель Ерөнхийлөгч Путинтэй хамт хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн. http://uk.reuters.com/article/uk-russia-germany-putin-syria-idUKKBN17Y1JZ
«ОХУ дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагыг экстремист ажиллагаа явуулдаг гэж үзээд Удирдах төв болон орон нутгийн 395 байгууллагыг нь татан буулгахаар Дээд шүүх саяхан шийдвэрлэлээ. Энэ шийдвэр Орос улсад шашин шүтэх эрх чөлөө байгаа эсэхэд тун их эргэлзээ төрүүлж, бидний санааг их зовоож байна. Мөн энэ явдал экстремизмтэй тэмцэх хууль тогтоомжийг үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан хийх эрхийг хааж боох зорилгоор буруу ашиглаж байгаагийн нэг жишээ юм». (Европын Зөвлөлийн Парламентын Ассемблейн ОХУ-ыг хариуцдаг хорооны мэргэжилтэн Теодора Бакояннис, Лилиан Мори Паскье) http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6599
«Орос улс шашин шүтэх эрхийг үл хүндэлж байгаа нь Москвагийн нэгдсэн ЕАБХАБ-ын (Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага) дүрмийг дахиад ноцтой зөрчсөн хэрэг юм. Шашин шүтэх эрхээ тайван замаар эдэлдэг хүнийг хавчих, торгох, хорих ёсгүй. Бас Еховагийн Гэрчүүдийн байгууллагын өмч хөрөнгийг хураахаар шийдсэн нь гал дээр тос нэмсэн явдал боллоо. Энэ хэргээр Европын Хүний Эрхийн Шүүхэд хандаж давж заалдана гэж бодож байна». (Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны хорооны тэргүүн, сенатор Рожер Викер) http://csce.emailnewsletter.us/mail/util.cfm?gpiv=2100141660.2454.614
«ОХУ-ын Дээд шүүх өчигдөр Орос дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын Удирдах төвийг «экстремист» ажиллагаа явуулдаг гэсэн үндэслэлээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглохоор шийдсэн нь Еховагийн Гэрчүүдийг дан ганц шүтлэг мөргөлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө эрүүгийн хэргээр ял тулгах нөхцөлийг бий болгож байна. Еховагийн Гэрчүүд ч бусад шашныхантай адил, хэний ч саадгүйгээр тайван замаар цуглаан хийх эрх чөлөөтэй байх ёстой. Энэхүү эрх чөлөөг Оросын Холбооны Улсын Үндсэн хууль төдийгүй Орос улсын нэгдсэн олон улсын гэрээнүүд, олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр баталгаажуулдаг». (Европын Холбооны Гадаад харилцааны албаны төлөөлөгч) https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/24870/statement-ban-activities-jeho
«Орос дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын гишүүд үйл ажиллагаагаа тайван замаар явуулдаг атал үндэслэлгүйгээр хууль бус гэж үзэж, уг байгууллагыг татан буулгаж байгаад би маш их харамсаж байна. Дээд шүүхийн энэ шийдвэр ардчилсан, чөлөөт, нээлттэй, хүлээцтэй, олон эшт үзэл бүхий нийгмийн тулгуур багана болсон үнэт зүйл, зарчмуудыг үгүй хийх аюултай». (ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын дарга Мишаел Георг Линк) http://www.osce.org/odihr/313561
«Энхийг эрхэмлэдэг хүмүүсийг тайван замаар шашны зан үйлээ явууллаа гэж хавчиж, хориглох шийдвэр гаргасан нь хүний үндсэн эрх буюу шашин шүтэх эрх, цаашлаад ОХУ-ын Үндсэн хуулиар хамгаалдаг, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг илэрхий зөрчиж байна. Үүнийг нэн даруй засах шаардлагатай». (ЕАБХАБ-ын Арьсны өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх хорооны даргын бие төлөөлөгч, профессор Ингеборг Габриел) http://www.osce.org/odihr/313561
«Оросын Дээд шүүх Еховагийн Гэрчүүдийг «экстремист» гэж үзсэн нь намайг цочирдууллаа. Ийнхүү Оросын 175 000 иргэний шашин шүтлэгийг хууль бус гэж тооцож, тус улсын Үндсэн хуулиар хамгаалдаг, шашин шүтэх эрхэнд халдаж байна. Хүний үндсэн эрхийг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Их Британи Оросын засгийн газраас шаардаж байна». (Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яамны Гадаад хэрэг, НҮБ-ын хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга агсан, бароны ахайтан Жойс Анэлэй) https://www.gov.uk/government/news/minister-for-human-rights-criticises-russian-supreme-court-ruling-for-labelling-jehovahs-witnesses-as-extremist
Оросын Дээд шүүхийн шийдвэр ба олон улсын шүүмжлэл
Европын Холбооны (ЕХ) мэдэгдлийг ЕАБХАБ-ын Байнгын Зөвлөл 2017 оны 7-р сарын 20-нд танилцуулсан. Уг мэдэгдэлд дурдсанаар Еховагийн Гэрчүүдэд «хэний ч саадгүйгээр, тайван замаар цуглаан хийхийг зөвшөөрөх буюу ОХУ-ын Үндсэн хууль, тус улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр баталгааждаг эрх чөлөөг эдлүүлэхийг» Орос улсаас шаарджээ. Мэдэгдлийг Венад ЕХ-ны гишүүн 28 улс бүгд санал нэгтэй баталжээ. Мөн Австрали, Канад, Норвеги гэх зэргийн гишүүн бус улсууд уг мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. https://eeas.europa.eu/sites/eeas/files/pc_1155_eu_jehovahs_witnesses_in_russia.pdf
Оросын Дээд шүүх Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг улс даяар хориглож шударга бус шийдвэр гаргасан нь дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн сэтгэлийг ихэд гонсойлгож байна. Орос улс Еховагийн Гэрчүүдийг «экстремист» гэж үзсэн нь шударга бус явдал бөгөөд тус улс Үндсэн хууль, олон улсын гэрээний дагуу шашин шүтэх эрхийг хамгаалах үүргээ уландаа гишгэсэн явдал болж байна гэж олон улсын байгууллагууд, удирдах албаны хүмүүс мэдэгдэж байна. Энэ хэргийг Европын Хүний Эрхийн Шүүх хянан хэлэлцэх бөгөөд улс даяар тогтоосон хоригийг цуцална гэж найдаж байна.