2017 ОНЫ 4-Р САРЫН 21
ОРОС
Орос дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг Дээд шүүх хууль бус гэж үзжээ
2017 оны 4-р сарын 20-нд ОХУ-ын Дээд шүүх дэлхий нийтийн санал шүүмжлэлийг үл хэрэгсэн Орос дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хууль бус гэж үзжээ. Дээд шүүхийн шүүгч Юрий Григориевич Иваненко Хууль зүйн яамнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх шийдвэр гаргажээ. Хууль Зүйн яам «“Орос дахь Еховагийн Гэрчүүдийн Удирдах төв” буюу шашны байгууллага болон түүний бүтцэд багтах орон нутгийн шашны байгууллагуудыг татан буулгаж, татан буугдсан шашны байгууллагын бүх өмч хөрөнгийг Оросын Холбооны Улсад шилжүүлэх»-ийг шаардсан юм.
Шүүгч Юрий Иваненко шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхийг хэлж, Орос даяарх Гэрчүүдийн хуулийн бүх этгээдийн үйл ажиллагааг зогсоохыг мэдэгджээ. Еховагийн Гэрчүүд шашин шүтлэгийг нь хориглосон шийдвэр буюу шүүгчийн захирамжид гомдол гаргаж Дээд шүүхэд давж заалдаж байна.
Еховагийн Гэрч гэдгээсээ болж 4 настайдаа эцэг эхтэйгээ Сибирь лүү цөлөгдсөн Василий Калин: «Энэ шийдвэрийг зарласан мөчөөс Орос дахь Еховагийн Гэрч хүн бүрийн, айл бүрийн амьдрал орвонгоороо эргэлээ. Гэрчүүд ердөө л итгэл үнэмшлээсээ болж эрүүгийн хуулиар ял шийтгэл хүлээж, шоронд хоригдох аюул нүүрлээд байна» гэж хэлсэн юм.
Еховагийн Гэрчүүдийн хуулийн зөвлөх Филип Брамлэй: «Ийм шийдвэр гаргасанд сэтгэл гонсойхгүй байхын аргагүй байна. Бичгээр өгсөн баримт болон нотлох баримтуудыг яг байгаагаар нь хянаж үзвэл байгууллагын Удирдах төв экстремист гэх үйл ажиллагааг хэзээ ч явуулж байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрэх нь зүй ёсны байсан. Бид давж заалдах шатны шүүхэд хандсан» гэжээ.