Skip to content

2016 оны 10-р сарын 19
South Korea

Өмнөд Солонгосын Давж заалдах шатны шүүх итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалзсан явдлыг буруугүй гэж үзжээ

Өмнөд Солонгосын Давж заалдах шатны шүүх итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалзсан явдлыг буруугүй гэж үзжээ

2016 оны 10-р сарын 18-нд Гуанжу хот дахь Давж заалдах шатны шүүх итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалзсан Ким Хэ Мин, Жу Раг Хүн, Ким Хён Гөн нарыг гэм буруугүй гэж үзжээ. Энэ гурван залуу Еховагийн Гэрч бөгөөд итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалзаад Давж заалдах шатны шүүхээс буруугүйд тооцогдсон Өмнөд Солонгосын анхны иргэд болж байна.

Шүүгч Ким Ёнг Шиг: «Тэд итгэл үнэмшлийнхээ улмаас цэргийн алба хаахаас татгалзаж байгааг шүүх хүлээн зөвшөөрч байна. Шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Үндсэн хуулиар хамгаалдаг бөгөөд энэ эрхээ эдэлж байгаагийнх нь төлөө шийтгэл оноож, улмаар эрхийг нь хязгаарлах ёсгүй» хэмээжээ.

Хэрэв прокурор уг шийдвэрт гомдол гарган давж заалдвал Дээд шүүх хянан шийдвэрлэх ажээ. Одоогийн байдлаар, адилхан үндэслэлээр буруутайд тооцогдсон 40 гаруй хүний хэргийг Дээд шүүх хянан шийдвэрлэх гэж байгаа билээ. Еховагийн Гэрчүүдийн Хуулийн зөвлөх Филип Брамлэй: «Өмнөд Солонгосын Дээд Шүүх болон Үндсэн Хуулийн Цэц итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалзах эрхийг одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Давж заалдах шатны шүүх олон улсын хэм хэмжээнд нийцдэг шийдвэр гаргалаа. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан 500 гаруй тогтоолыг үзвэл ийм эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм» гэж тэмдэглэжээ.