Ёоханы бичсэн сайн мэдээ 14:1–31

  • Есүс бол Эцэгт хүрэх цорын ганц зам (1-14)

    • «Би бол зам, үнэн, амь» (6)

  • Есүс агуу хүч өгөхийг амлав (15-31)

    • «Эцэг надаас агуу» (28)

14  Есүс бас ийн ярив. «Санаа зовох хэрэггүй. Бурханд итгэ. Бас надад итгэ.  2  Эцгийн минь гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол би та нарт ингэж хэлэхгүй. Одоо би та нарт орон байр бэлдэхээр явж байна.  3  Би та нарт орон байр бэлдэхээр явбал дахиж ирээд та нарыг авч явна. Би хаана байна, та нар тэнд байна.  4  Миний очих газарт хүрэх замыг та нар мэднэ». 5  Тэгэхэд Томас: «Эзэн, хаашаа явж байгааг тань бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр замыг нь яаж мэдэх юм бэ?» гэв. 6  Есүс: «Би бол зам, үнэн, амь. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй.  7  Та нар намайг үнэхээр мэдсэн бол Эцгийг минь бас мэдэх байсан. Энэ мөчөөс эхлэн та нар түүнийг мэдэх болно. Үнэндээ, та нар түүнийг харсан» хэмээжээ. 8  Филип: «Эзэн, бидэнд Эцгээ харуулаач. Энэ л хангалттай» гэхэд 9  Есүс: «Би та нартай хамт ийм удаан байхад чи намайг мэдсэнгүй юү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан. Гэтэл чи: “Бидэнд Эцгээ харуулаач” гэж яаж хэлнэ вэ?  10  Би Эцэгтэй, Эцэг надтай санаа нийлдэг гэдэгт чи итгэдэггүй юм уу? Та нарт ярьдаг юмаа би санаан зоргоор ярьдаггүй. Харин надтай санаа нийлдэг Эцэг ажлаа хийж байгаа юм.  11  Би Эцэгтэй, Эцэг надтай санаа нийлдэг гэж хэлж байгаад минь итгээрэй. Хэлсэнд минь итгэхгүй бол юу хийснийг минь хараад итгэ.  12  Би батлан хэлье. Надад итгэдэг хүн миний хийснийг хийх бөгөөд эдгээрээс ч агуу ажил хийнэ. Яагаад гэвэл би Эцэг рүүгээ явж байна.  13  Түүнээс гадна, та нар миний нэрээр юу ч гуйсан, Хүү нь Эцгээ алдаршуулах зорилгоор би гуйсныг тань биелүүлнэ.  14  Миний нэрээр юу ч гуйсан, би биелүүлнэ. 15  Хэрэв та нар надад хайртай бол миний тушаалуудыг биелүүлнэ.  16  Намайг гуйхад Эцэг та нарт өөр нэг туслагчийг* өгнө. Тэр туслагч та нартай үүрд хамт байна.  17  Энэ нь үнэний дагуух агуу хүч юм. Ертөнц түүнийг хардаг ч үгүй, мэддэг ч үгүй учраас түүнийг авч чадахгүй. Та нар мэддэг учраас агуу хүч та нартай хамт байдаг, та нарын дотор байдаг.  18  Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Та нар луу буцаж ирнэ.  19  Удахгүй ертөнц намайг дахиж харахгүй. Харин та нар харна. Би амьд учир та нар амьдарна.  20  Би Эцэгтэйгээ, та нар надтай, би та нартай санаа нийлдгийг тэр өдөр та нар мэднэ.  21  Миний тушаалыг зөв гэж үздэг, биелүүлдэг хүн бол надад хайртай хүн. Надад хайртай хүнийг Эцэг минь хайрлана. Би тэр хүнийг хайрлана, өөрийгөө сайн мэдүүлнэ» гэж хэлэв. 22  Тэгэхэд Юудас (Искариот Юудас биш): «Эзэн, юу болсон учир та бидэнд өөрийгөө мэдүүлэх гэж байгаа атлаа ертөнцөд мэдүүлэхгүй юм бэ?» гэж асуулаа. 23  Есүс: «Хэрэв хүн надад хайртай бол хэлснийг минь биелүүлнэ. Эцэг минь тэр хүнийг хайрлана. Бид түүн рүү очно, тэр хүн бидэнтэй хамт байна.  24  Надад хайргүй хүн хэлснийг минь биелүүлдэггүй. Та нарын сонсож байгаа үг бол минийх биш, харин намайг илгээсэн Эцгийнх юм. 25  Би та нартай байхдаа бүхнийг хэлсэн.  26  Харин туслагч буюу миний нэрээр Эцгийн явуулах агуу хүч та нарт бүгдийг заана, хэлсэн бүхнийг минь сануулна.  27  Намайг байхад та нар тайван байсан, надаас хойш ч тийм л байна. Би та нарыг амар тайван байлгадаг. Энэ нь ертөнцийн амар тайвнаас өөр юм. Санаа зовох хэрэггүй, айх хэрэггүй.  28  “Би яваад буцаж ирнэ” гэснийг минь та нар сонссон. Та нар надад хайртай бол Эцэг рүүгээ явж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг надаас агуу.  29  Хожим ийм явдал болоход та нарыг итгээсэй гэсэндээ би үүнийг одоо хэлж байна.  30  Би та нарт их юм ярихгүй. Яагаад гэвэл ертөнцийн захирагч ирж байна. Тэр намайг гартаа оруулж чадахгүй.  31  Харин би Эцгээ хайрладгаа ертөнцөд мэдүүлэхийн тулд Эцгийнхээ тушааснаар л хийж байна. Босоцгоо, эндээс явцгаая» гэж өгүүлэв.

Зүүлт

Эсвэл «тайвшруулагчийг»