Ёоханы бичсэн сайн мэдээ 19:1–42

  • Есүсийг ташуурдав, доромжлов (1-7)

  • Пилат Есүсээс дахин асуув (8-16а)

  • Есүсийг Голгота гэдэг газар шонд хадав (16б-24)

  • Есүс эхийгээ шавьдаа даатгав (25-27)

  • Есүсийн үхэл (28-37)

  • Есүсийг оршуулав (38-42)

19  Пилат цэргүүдэд Есүсийг авч яваад ташуурдахыг тушаав.  2  Цэргүүд өргөст ургамлаар титэм сүлжиж Есүсийн толгой дээр тавиад нил ягаан нөмрөг нөмрүүлэв.  3  Тэгээд тэд: «Иудейчүүдийн Хаан таны амрыг эрье!» гэцгээж, хацрыг нь алгадаж байлаа.  4  Пилат дахин гарч ирээд иудейчүүдэд «Энэ хүн ямар ч буруугүй юм байна. Та нарт үүнийг мэдүүлэх гэж нааш нь авчирлаа» гэв.  5  Тэгэхэд нил ягаан нөмрөгтэй, өргөст ургамлаар хийсэн титэмтэй Есүс гарч ирэв. Пилат хүмүүст «Энэ хүнийг харцгаа!» гэлээ.  6  Харин ахлах тахилчид болон харуулууд Есүсийг хараад «Наадахаа шонд хад! Шонд хад!» гэж хашхирч гарав. Пилат тэдэнд «Энэ хүнээ ав. Өөрсдөө цаазал. Би энэ хүнээс ямар ч буруу юм олсонгүй» гэхэд  7  иудейчүүд: «Бид хуультай хүмүүс. Энэ хүн өөрийгөө Бурхны хүү гэсэн учраас манай хуулиар бол үхэх ёстой» хэмээв. 8  Үүнийг сонсоод Пилат бүр ч их айж  9  ордондоо буцаж ороод Есүсээс «Та хаанаас ирсэн юм бэ?» гэж асуухад Есүс юу ч хариулсангүй.  10  Тэгэхэд Пилат: «Та надад хэлэхгүй юм уу? Би таныг суллах, шонд хадах эрхтэй гэдгийг мэдэхгүй гэж үү?» гэхэд  11  Есүс: «Бурхан зөвшөөрөөгүй л бол та намайг захирах эрхгүй байх байсан. Тиймээс намайг танд тушаасан хүн илүү нүгэлтэй» гэжээ. 12  Иймээс Пилат Есүсийг суллах арга хайж байлаа. Харин иудейчүүд: «Хэрэв та энэ хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан гэсэн хэн боловч Цезарийг эсэргүүцсэн хэрэг» гэлээ.  13  Үүнийг сонссон Пилат Есүсийг гаргаж ирүүлээд еврейгээр Габата гэдэг Шигтгэмэл чулуун индэр дээрх шүүгчийн суудалдаа суув.  14  Тэр өдөр Дээгүүр өнгөрөх баярт* бэлтгэх өдөр бөгөөд зургаадугаар цагийн* орчим байлаа. Пилат иудейчүүдэд «Энэ бол танай хаан!» гэв.  15  Харин иудейчүүд: «Наадахаа тонилго! Тонилго! Шонд хад!» гэж хашхиралдлаа. Пилат: «Танай хааныг би шонд хадах гэж үү?» гэхэд ахлах тахилчид: «Бидэнд Цезариас өөр хаан байхгүй» гэжээ.  16  Тэгэхэд Пилат Есүсийг шонд хадуулахаар өгөв. Цэргүүд Есүсийг авч явлаа.  17  Есүс тарчлаах шонгоо* үүрээд еврейгээр Голгота буюу Гавал гэдэг газар луу явав.  18  Тэнд Есүсийг, бас өөр хоёр хүнийг шонд хадлаа. Есүсийг дунд нь, тэднийг хоёр талд нь хадав.  19  Пилат пайзан дээр «Иудейчүүдийн Хаан Назарын Есүс» гэж бичээд тэр пайзыг тарчлаах шонд нь хадуулав.  20  Пайзан дээрх бичгийг олон иудей хүн уншжээ. Учир нь Есүсийг шонд хадсан газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн байлаа.  21  Иудейчүүдийн ахлах тахилчид: «“Иудейчүүдийн Хаан” гэж биш, харин өөрийнх нь хэлснээр “Би бол иудейчүүдийн Хаан” гэж бичих хэрэгтэй» гэжээ.  22  Пилат: «Би бичсэнээ өөрчлөхгүй» хэмээв. 23  Цэргүүд Есүсийг шонд хадаад гадуур хувцсыг нь дөрөв хувааж хүн бүр авчээ. Бас дотуураа өмсөж байсан хувцсыг нь авлаа. Тэр нь дээрээс нь доош битүү нэхсэн, ямар ч оёдолгүй байв.  24  Цэргүүд: «Үүнийг урахгүй. Харин шодоод хэн нь авахаа шийдье» гэлээ. Сударт «Тэд миний гадуур хувцсыг хувааж, хувцасны минь төлөө шодно» гэж бичсэн нь ийнхүү биелжээ. Энэ бүхнийг цэргүүд хийсэн юм. 25  Есүсийн тарчлаах шонгийн дэргэд эх нь, нагац эгч нь, Клопын эхнэр Мариа болон Магдалын Мариа зогсож байв.  26  Есүс эхийгээ болон хажууд нь зогсож байгаа хайртай шавиа хараад эхдээ «Энэ бол таны хүү» гэжээ.  27  Тэгээд өнөөх шавьдаа «Энэ бол чиний эх» гэжээ. Үүнээс хойш тэр шавь эхийг нь гэртээ байлгах болжээ. 28  Дараа нь Есүс бүх юм дууссаныг мэдээд «Цангаж байна» гэсэн нь сударт бичсэнийг биелүүлэх гэснийх ажээ.  29  Исгэлэн дарсаар дүүрэн сав тэнд байжээ. Дарсанд дүрсэн далайн хөвөнг хиссопын* мөчирт торгоон аманд нь хүргэв.  30  Есүс дарснаас амсаад «Бүх юм гүйцлээ!» гэжээ. Тэгээд толгойгоо гудайлган амьсгал хураав. 31  Тэр өдөр нь Бэлтгэлийн өдөр байв. Амралтын өдөр (Тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан) цогцсыг шонд хадаатай байлгахгүйн тулд иудейчүүд тэдний хөлийг хугалж цогцсыг нь буулгаж авахыг Пилатаас гуйжээ.  32  Тэгээд цэргүүд ирж Есүсийн хажуудах шонд хадуулсан хоёр эрийн хөлийг хугалжээ.  33  Харин Есүс рүү ирээд хэдийн үхсэн байхыг хараад хөлийг нь хугалсангүй.  34  Гэтэл нэг цэрэг хавирга руу нь жадалмагц цус, ус гоожлоо.  35  Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн. Ярьсан юм нь үнэн гэдгийг тэр хүн мэддэг бөгөөд та нарыг бас итгээсэй гэсэндээ үүнийг ярьсан юм.  36  «Түүний нэг ч яс хугарахгүй*» гэсэн нь биелэх ёстой байсан учир энэ бүхэн болжээ.  37  Мөн сударт «Тэд жадалсан хүнээ харна» гэж байдаг. 38  Үүний дараа Ариматын Иосеф гэгч хүн Есүсийн шарилыг өгөхийг Пилатаас гуйв. Тэр иудейчүүдээс айгаад Есүсийн шавь гэдгээ нуудаг байлаа. Пилатыг зөвшөөрөхөд Иосеф очиж, шарилыг аваад явжээ.  39  Мөн Есүстэй анх уулзахдаа шөнө очиж байсан Никодем гэгч хүн 100 литра* мирр болон агарын холимог* авчрав.  40  Ингээд тэд Есүсийн шарилыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэн шингээсэн даавуунд ороолоо.  41  Есүсийг цаазалсан тэр газар цэцэрлэг байжээ. Тэнд хүн тавиагүй булш байв.  42  Тэр өдөр Бэлтгэлийн өдөр байсны зэрэгцээ тэр булш ойрхон байсан тул Есүсийг тэнд оршуулжээ.

Зүүлт

Энд «Дээгүүр өнгөрөх баяр» гэдэгт долоо хоног тэмдэглэдэг Исгээгүй талхны баярыг мөн багтаажээ. Лу 22:1-тэй харьцуулна уу.
Үдийн 12 цагийн орчим
Эсвэл «няцрахгүй»
1 литра нь 327 грамм
Эсвэл «ороомог» гэсэн бололтой.