Ёоханы бичсэн сайн мэдээ 3:1–36
3 Иудейчүүдийн удирдагч Никодем гэгч фарисай
2 шөнө Есүс рүү очиж, «Рабби*, та бол Бурхны явуулсан багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхан туслахгүй бол хэн ч таны үйлддэг гайхамшгийг үйлдэж чадахгүй шүү дээ» гэжээ.
3 Есүс: «Хэрэв хүн дахиж төрөхгүй бол Бурхны Хаант төрийг үзэхгүй гэдгийг би батлан хэлье» гэхэд
4 Никодем: «Хөгшин хүн яаж дахиж төрөх билээ? Эхийнхээ хэвлийд буцаж ороод дахин төрж болдог гэж үү?» хэмээн асуув.
5 Есүс: «Хэрэв хүн усанд шумбаж баптисм хүртээд Бурхны агуу хүчний нөлөөгөөр төрөхгүй бол Бурхны Хаант төрд багтахгүйг батлан хэлье.
6 Махан биеэс хүний хүүхэд төрдөг, Бурхны агуу хүчний нөлөөгөөр Бурхны хүүхэд төрдөг.
7 Хүмүүс та нар дахиж төрөх ёстой гэж хэлсэнд минь бүү гайх.
8 Салхи хаашаа л бол хаашаа салхилдаг. Та нар исгэрэхийг нь сонсдог ч хаанаас хаашаа салхилдгийг мэддэггүй. Бурхны агуу хүчний нөлөөгөөр төрсөн хүн үүнтэй адил юм» гэж өгүүлэв.
9 Тэгтэл Никодем: «Яаж тэгдэг юм бэ?» гэж асуухад
10 Есүс: «Та израйлчуудын багш атлаа үүнийг яагаад мэддэггүй юм бэ?
11 Би батлан хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг. Харин та нар бидний гэрчилснийг хүлээж авдаггүй.
12 Намайг газрын юмыг ярихад итгэхгүй бол тэнгэрийн юмыг ярихад яаж итгэх юм бэ?
13 Түүнээс гадна, нэг ч хүн тэнгэрт гараагүй. Харин хүний Хүү тэнгэрээс бууж ирсэн.
14 Мосе цөлд байхдаа могойг өргөсөн шиг хүний Хүү өргөгдөх ёстой.
15 Энэ нь түүнд итгэдэг хүн бүрийг мөнх амьдруулах гэснийх юм.
16 Учир нь Бурхан хүн төрөлхтнийг* үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм.
17 Бурхан хүн төрөлхтнийг шүүлгэхийн тулд бус, авруулахын тулд Хүүгээ дэлхий рүү илгээсэн билээ.
18 Хүүд итгэдэг хүнийг буруутгахгүй*. Хүүд итгэдэггүй хүн буруутгагдсан*. Яагаад гэвэл, тийм хүн Бурхны цорын ганц Хүүгийн нэрэнд* итгээгүй юм.
19 Шүүх үндэслэл нь энэ юм. Гэрэл дэлхийд ирсэн боловч хүмүүс бузар мууг үйлддэг учир харанхуйг гэрлээс илүү хайрлаж байлаа.
20 Хорон муу юм хийдэг хэн боловч гэрлийг үзэн яддаг бөгөөд хийсэн бүхнээ илчлэгдэх вий гээд гэрэл рүү ирдэггүй.
21 Харин сайныг үйлддэг хэн боловч Бурхны таалалд нийцүүлдгээ илэрхий болгох гээд гэрэл рүү ирдэг» хэмээн ярив.
22 Ингээд Есүс шавь нартайгаа Иудейн хөдөө нутгаар явж, тэдэнтэй хамт хэсэг зуур байн, баптисм хүртээж байв.
23 Харин Ёохан Салимын ойролцоох Айнон гэдэг газар баптисм хүртээж байв. Учир нь тэр газар ус ихтэй байсан бөгөөд хүмүүс баптисм хүртэхээр ирдэг байлаа.
24 Ёохан ч шоронд ороогүй байсан юм.
25 Ёоханы шавь нар угаал үйлдэх заншлын талаар нэг иудей хүнтэй маргалджээ.
26 Тиймээс тэд Ёохан руу ирж «Рабби*, Иорданы цаана тантай хамт байсан, таны гэрчилсэн тэр хүн баптисм хүртээж, бүгд л түүн рүү очиж байна» гэжээ.
27 Ёохан тэдэнд: «Бурхан өгөөгүй л бол хүн юу ч авч чадахгүй.
28 “Би бол Христ биш. Харин түүний өмнө явахаар илгээгдсэн юм” гэж хэлснийг минь та нар гэрчилдэг.
29 Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу. Сүйт залуугийн найз дэргэд нь зогсож, яриаг нь сонсохдоо үлэмж их баярладаг. Үүнтэй адил, би үлэмж их баярлаж байна.
30 Түүний ажил үйлс өргөжиж, минийх хумигдах учиртай» хэмээжээ.
31 Дээрээс ирсэн нь бүгдээс агуу. Газрын хүн бол газрынх бөгөөд газрын юм ярьдаг. Тэнгэрээс ирсэн нь бүгдээс агуу бөгөөд
32 үзсэн, сонссоноо гэрчилдэг. Харин нэг ч хүн үгийг нь хүлээж авдаггүй.
33 Үгийг нь хүлээж авсан хүн Бурхан бол үнэнч гэдгийг батлан тамгаа дардаг.
34 Бурхны илгээсэн нэгэн Бурхны үгийг хэлдэг. Учир нь Бурхан агуу хүчээ харамгүй өгдөг.
35 Эцэг Хүүдээ хайртай, Хүүгийнхээ гарт бүх юмыг даатгасан.
36 Хүүд итгэдэг хүн мөнх амьдарна. Хүүд дуулгаваргүй хүн мөнх амьдрахгүй. Бурхан тийм хүнд уурлан хилэгнэдэг.
Зүүлт
^ Орч. «Багш»
^ Эсвэл «ертөнцийг»
^ Эсвэл «шүүхгүй»
^ Эсвэл «шүүгдчихсэн»
^ Байр суурь, эрх мэдэл гэсэн утга илэрхийлдэг.
^ Орч. «Багш»