Амос 1:1–15
1 Текоагийн хоньчин Амосын* үг. Иудаг Уззиа, Израйлыг Иоашийн хүү Иеробоам захирч байх үед, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Амос Израйлын тухай үзэгдэл үзжээ.
2 Тэрбээр хэлсэн нь:
«Ехова Сионоос архирна.
Иерусалимаас дуугаа өндөрсгөнө.
Хонин сүргийн бэлчээр гандаж,Кармелын орой хатна».
3 «Ехова ийн айлдаж байна.
“«Дамаск гурав дөрвөн удаа тэрсэлсэн* учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тариан дээгүүр үтрэмийн төмөр чарга* явуулдгийн адил тэд Гилеадыг газартай тэгшилсэн.
4 Би Хазаелын гэр дээр гал буулгана.
Тэр гал Бен-хададын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ.
5 Би Дамаскийн хаалганы түгжээг эвдэнэ.
Бикат-авены оршин суугчдыг устгана.
Бет-едений хааныг* хөнөөнө.
Сирийн ард түмэн Кир лүү цөлөгдөнө» гэж Ехова айлдаж байна”.
6 Ехова ийн айлдаж байна.
“«Газ гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд олзлогдогсдыг едомчуудад барьж өгсөн.
7 Тиймээс би Газын хэрэм дээр гал буулгана.
Тэр гал бэхлэгдсэн цамхгуудыг нь түймэрдэнэ.
8 Би Ашдодын оршин суугчдыг устгана.
Ашкелоны хааныг* хөнөөнө.
Би Екроны эсрэг мутраа сунгана.
Филистчүүдээс үлдсэн хүмүүс устгагдана» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна”.
9 Ехова ийн айлдаж байна.
“Тир гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд олзлогдогсдыг едомчуудад барьж өгсөн.
Бас тэд ах дүүгийн гэрээгээ умартсан.
10 Тиймд би Тирийн хэрэм дээр гал буулгана.
Тэр гал бэхлэгдсэн цамхгуудыг нь түймэрдэнэ”.
11 Ехова ийн айлдаж байна.
“Едом гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэрбээр илд барин дүүгээ хөөсөн.
Түүнийг өршөөж энэрээгүй.
Уурандаа тэднийг хэрцгийгээр тасар татдаг.
Уур хилэнгээ үргэлж хадгалдаг.
12 Тиймд би Теман дээр гал буулгана.
Тэр гал Бозрагийн бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ”.
13 Ехова ийн айлдаж байна.
“«Аммончууд гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд газар нутгаа тэлэх гэж Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлсэн.
14 Тиймд би Раббагийн хэрэм дээр гал буулгана.
Тэр гал тулааны өдөр дайны уухайн дуунаар,Хуй салхитай өдөр хүчит шуурганаар
Бэхлэгдсэн цамхгуудыг нь түймэрдэнэ.
15 Хаан нь ноёдтой хамт цөллөгт явна» гэж Ехова айлдаж байна”.
Зүүлт
^ «Ачаа болох», эсвэл «ачаа зөөх» гэсэн утгатай.
^ Эсвэл «гэмт хэрэг үйлдсэн»
^ Тариа цайруулахад хэрэглэдэг багажийг хэлжээ.
^ Үгч. «очирт таяг баригчийг»
^ Үгч. «очирт таяг баригчийг»