Амос 6:1–14

  • Өөртөө итгэлтэй хүмүүс харамсалтай яа! (1-14)

    • Зааны ясан ор; хул хулаар дарс (4,6)

6  «Сион дахь өөртөө итгэлтэй* хүмүүс,Самарийн уулан дахь амар тайван хүмүүс,Тусламж гуйхаар израйлчуудын очдог,Үндэстнүүдийн дундах нэр алдартай удирдагчид харамсалтай яа!  2  Калне руу очоод хар. Тэндээсээ Их Хамат руу яв. Тэгээд Филистийн Гат руу урууд. Тэд эдгээр хаант улсаас* илүү дээр үү? Эсвэл тэдний газар нутаг та нарынхаас том уу?  3  Гамшиг тохиолдох гэж байгааг та нар бодохыг ч хүсэхгүй байна. Газар нутгаа дарангуйлагчдын мэдэлд өгч* байна.  4  Та нар зааны ясан орон дээр хажуулж, буйдан дээр тарайн хэвтэжТарган хонь, бордсон тугал иддэг.  5  Мөн босоо ятгын* хөг аялгуунд тааруулан дуу зохиож,Давидын адилаар хөгжмийн зэмсэг зохион бүтээдэг.  6  Дарсыг хул хулаар ууж,Хамгийн сайн тосоор биеэ тосолдог. Гэсэн ч Иосефын зовлонг огт тоодоггүй.  7  Тиймээс та нар олзлогдож, олзны хүмүүсийн тэргүүн эгнээнд явна. Тарайн хэвтэгч та нарын найр наадам дуусна.  8  Тэнгэрийн цэргийн Бурхан Ехова ийн тунхаглаж байна. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова өөрөөрөө тангарагласан нь: «Би Иаковын бардамналыг жигшдэг. Бэхлэгдсэн цамхгуудыг нь үзэн яддаг. Би хотыг болон түүн дотор байгаа бүхнийг дайснуудынх нь гарт өгнө. 9  Нэг гэрт арван хүн үлдсэн байлаа ч бас л үхнэ. 10  Хамаатан* нь ирж тэднийг гаргаад нэг нэгээр нь шатаана. Тэрбээр яснуудыг нь байшингаас гаргаж, байшингийн дотоод өрөөнд байгаа хүнээс “Чамаас өөр хүн байна уу?” гэж асуухад “Хэн ч байхгүй!” гэж хариулна. Тэгэхэд хамаатан нь: “Дуугүй бай. Одоо Еховагийн нэрийг дурдах цаг биш” гэж хэлнэ». 11  Учир нь Ехова тушаал буулгаж,Том байшинг хэмхэлж нуранги болгонЖижиг байшинг хэлтэрхий болгоно. 12  Морьд хадан дээр давхих уу? Эсвэл хэн нэг нь тэнд үхэр хөллөн газар хагалах уу? Харин та нар шударга ёсыг хортой ургамал болгож,Зөв шударгын үр жимсийг агь* болгосон. 13  Та нар дэмий юманд баярлаж,«Бид өөрсдийнхөө сайнд хүчтэй болоогүй* гэж үү?» гэдэг. 14  Тийм учраас Израйлын үр удам аа, би нэг үндэстнийг та нар луу турхирна”. Тэнгэрийн цэргийн Бурхан Ехова: “Тэд та нарыг Лебо-хаматаас* Арабагийн сайр* хүртэл дарлах болно” гэж тунхаглаж байна».

Зүүлт

Эсвэл «тайван»
Иуда болон Израйлын хаант улсыг хэлсэн нь дамжиггүй.
Үгч. «Хүчирхийллийн суудлыг авчирч»
Эсвэл «чавхдаст хөгжмийн зэмсгийн»
Үгч. «Авга ах»
Эсвэл «гашуун»
Үгч. «өөрсдөдөө эвэр аваагүй»
Эсвэл «Хаматын үүднээс»
«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.