Амос 7:1–17

  • Израйлын төгсгөл ойрхон байгааг үзүүлэв (1-9)

    • Царцаа (1-3), гал (4-6), эгцлүүр (7-9)

  • Зөгнөхөө боль гэж Амост тушаав (10-17)

7  Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийм нэг зүйлийг надад үзүүлсэн юм. Тэрбээр өвлийн тариа* соёолох үеэр царцаан сүргийг цуглуулав. Энэ нь хааны хадланг хадсаны дараа ургадаг үр тариа юм. 2  Царцаан сүрэг тэр газрын бүх ургамлыг идсэний дараа би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, уучлаач! Иаков хэрхэн тэсэж үлдэх вэ? Тэр сул дорой шүү дээ» гэж хэллээ. 3  Тэгтэл Ехова бодлоо өөрчлөв*. «Ийм юм болохгүй» гэж Ехова хэллээ. 4  Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийм нэг зүйлийг надад үзүүлсэн юм. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова газар нутгийг галаар шийтгэв. Тэр гал нь хөлгүй их усыг ширгээж, газрын нэг хэсгийг шатаалаа. 5  Тэгэхэд нь би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, байзнаарай. Иаков хэрхэн тэсэж үлдэх вэ? Тэр сул дорой шүү дээ» гэж хэллээ. 6  Тэгтэл Ехова бодлоо өөрчлөв*. «Ийм юм бас болохгүй» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова хэллээ. 7  Тэрбээр надад ийм зүйл үзүүлэв. Эгцлүүрээр хэмжиж барьсан хэрэм дээр Ехова гартаа эгцлүүр барин зогсож байлаа. 8  Тэгээд Ехова надаас «Амос оо, чи юу харж байна вэ?» гэж асуухад би: «Эгцлүүр» гэв. Тэгэхэд Ехова надад ийн айлдав. «Би өөрийн ард түмэн израйлчуудыг эгцлүүрээр хэмжиж байна. Би тэднийг хойшид уучлахгүй. 9  Исаакийн өндөрлөг газрууд эзгүйрч, Израйлын ариун газрууд сүйрнэ. Би илд барин Иеробоамын үр удам руу дайрна». 10  Бетелийн тахилч Амазиа Израйлын хаан Иеробоамд ийм үг илгээв. «Амос Израйлын үр удмын дунд таны эсрэг хуйвалдаан зохиож байна. Эндхийн хүмүүс түүний үгийг тэвчихгүй. 11  Учир нь Амос: “Иеробоам илдээр хөнөөгдөж, Израйл нь нутгаасаа гарцаагүй цөлөгдөнө” гэж хэлж байна». 12  Дараа нь Амазиа Амост «Хөөе, үзмэрч гуай! Иудагийн нутаг руу зугтаж, тэндээ хоолоо олж ид, тэндээ зөгнө. 13  Бетелд зөгнөхөө боль. Энэ бол хааны ариун газар, хаант улсын сүм байдаг газар» гэв. 14  Тэгэхэд нь Амос Амазиад «Би бол зөнч ч биш, зөнчийн хүү ч биш. Би малчин байсан, инжрийн мод арчилдаг* байсан. 15  Мал хариулж байхад минь Ехова намайг дуудаад “Явж, миний ард түмэн Израйлд зөгнө” гэж хэлсэн. 16  Тиймээс одоо Еховагийн үгийг сонс. “«Израйлыг шийтгэх тухай бүү зөгнө. Исаакийн үр удмыг шүүх тухай битгий ярь» гэж чи хэлж байна. 17  Тиймд Ехова ийн айлдаж байна. «Эхнэр чинь хотод янхан болж, хөвгүүд охид чинь илдээр хөнөөгдөнө. Чиний газрыг хүмүүс хэмжин хувааж авна. Чи өөрөө бузар газар үхнэ. Израйлчууд нутаг орноосоо гарцаагүй цөлөгдөнө»”» гэж хэлэв.

Зүүлт

1, 2-р сард тариалдаг байжээ.
Эсвэл «үүнд харамсав»
Эсвэл «үүнд харамсав»
Эсвэл «удамбар жимсийг хатгадаг байсан»