Галатчуудад бичсэн захидал 5:1–26
5 Ийм эрх чөлөөтэй болгох гэж Христ биднийг чөлөөлсөн. Иймээс эрх чөлөөгөө бүү алд. Боолчлолын буулганд дахин бүү ор.
2 Паул би та нарт хэлье. Хэрэв та нар хөвч таслуулбал Христийн хийсэн бүхэн та нарын хувьд ямар ч ашиггүй болно.
3 Хөвч таслуулсан хүн бүрд сануулъя. Та Хуулийн бүх заалтыг сахих ёстой боллоо.
4 Хууль сахиад Бурханд зөв хүн гэж тооцогдохыг хүсдэг та нар Христээс холдож, нигүүлсэлд нь багтахаа больжээ.
5 Харин Бурхны агуу хүчээр удирдуулдаг бид итгэлийнхээ үндсэн дээр Бурханд зөв хүн хэмээн тооцогдохоо найдан хүлээж байна.
6 Христтэй нэгдсэн хүмүүсийн хувьд хөвч таслуулах, таслуулахгүй нь огт чухал биш, харин хайрын сэтгэлд хөтлөгдөн хийсэн үйлсээр илэрдэг итгэл чухал юм.
7 Та нар сайн гүйж байсан. Зөв сургаалыг дагахад тань хэн саад хийв ээ?
8 Та нарыг дуудсан Нэгэн тэгж заагаагүй.
9 Өчүүхэн хөрөнгө, зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.
10 Эзний шавь болсон та бүхний санал минийхтэй нийлнэ гэж итгэж байна. Та нарт гай тариад байгаа тэр нэгэн, хэн ч байсан, шийтгэлээ хүртэнэ.
11 Ах дүү нар минь, хөвч таслуулах хэрэгтэй гэж би тунхагладаг бол хавчигдах байсан уу? Тэгж тунхагладаг бол тарчлаах шон* хүмүүст саад* болохгүй байх байсан.
12 Та нарыг үймүүлээд байгаа хүмүүс өөрсдийгөө тайган болгоосой.
13 Ах дүү нар минь, та нар эрх чөлөө рүү дуудагдсан. Ийм эрх чөлөөтэй гэдгээрээ далимдуулж нүгэлт хүслээ бүү ханга. Харин хайрын сэтгэлээр нэг нэгэндээ үйлчил.
14 Яагаад гэвэл «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг* хайрла» гэсэн тушаалыг биелүүлбэл Хуулийн бүх заалтыг сахисанд тооцогдоно.
15 Харин та нар тэмцэлдэн маргалдаж нэг нэгнээ шархлуулдаг бол бие биеэ хөнөөнө.
16 Бурхны агуу хүчээр үргэлж удирдуулцгаа. Тэгвэл нүгэлт хүслээ огт дагахгүй.
17 Учир нь нүгэлт хүсэл Бурхны агуу хүчний эсрэг, Бурхны агуу хүч нүгэлт хүслийн эсрэг байдаг. Эдгээр нь бие биедээ харшилдаг учир та нар хүсэж явдаг тэр зан чанараа илэрхийлж чадахгүй.
18 Бас та нар Бурхны агуу хүчээр удирдуулдаг бол Хууль сахих шаардлагагүй.
19 Нүгэлт хандлага ийм үйлсээр илэрдэг. Эдгээр нь садар самуун* явдалд орооцолдох, бузар байх, эрээ цээргүй хэрэг* хийх,
20 шүтээн шүтэх, ид шидээр хөөцөлдөх, өширхөх, тэмцэлдэх, хар буруу санах, уурлан хилэгнэх, хэрэлдэж маргах, хагарал гаргах, бүлгэрхэх,
21 атаархах, архидан согтуурах, ёс журамгүй найрлан цэнгэх зэрэг юм. Би анхааруулж хэлснээ дахиж хэлье. Иймэрхүү юм хийдэг хүн Бурхны Хаант төрд багтахгүй.
22 Харин Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар* нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл*, итгэл,
23 дөлгөөн зан, биеэ барих нь юм. Эдгээрийг хориглодог хууль байхгүй.
24 Мөн Христ Есүсийн шавь болсон хэн бүхэн махан биеэ* хүсэл тачаалтай нь шонд хадсан.
25 Бид одоо Бурхны агуу хүчээр удирдуулан амьдарч байгаа юм бол хойшдоо ч тэр хүчээр удирдуулж явъя.
26 Бардам зан гаргахгүй, өрсөлдөхгүй, атаархахгүй байцгаая.
Зүүлт
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «бүдрүүлэх чулуу»
^ Үгч. «хөршөө»
^ Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Грекээр «аселгеяа». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «үр жимс»
^ Грекээр «агатосини». Бас ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримтална гэсэн утгатай.
^ Хүний нүгэлтэй, төгс бусыг хэлжээ.