Гашуудал 1:1–22
א [алэф*]
1 Цагтаа хүн ихтэй байсан хот ингэж эзгүйрэх гэж!
Үндэстнүүдийн дунд алдраа дуурьсгаж* байсан хот ингэж бэлэвсэн эмэгтэй шиг болох гэж!
Мужуудад хатан шиг байсан хот ингэж боол шиг болох гэж!
ב [бэт]
2 Тэрбээр шөнөжингөө асгартал уйлав. Нулимс хацрыг нь даган урсана.
Амрагуудынх нь нэг нь ч түүнийг тайвшруулахгүй юм.
Анд нөхөд нь түүнээс урваж, дайсан болцгоосон.
ג [гимэл]
3 Иуда олзлогдон явсан. Тэрбээр зовж зүдэрсэн, боолчлолд нухлагдсан.
Тэрбээр үндэстнүүдийн дунд амьдарна. Амар амгаланг үзэхгүй.
Хүчин мөхөстөх үед нь хавчигчид түүн рүү дайрсан.
ד [далэт]
4 Баяр наадамд хэн ч очихгүй байгаа тул Сионы замууд халаглана.
Хотын бүх хаалга эвдрэн сүйдэж, тахилчид нь санаа алдана.
Онгон охид нь уй гашуу болж, хот өөрөө ч эмгэнэн гашуудна.
ה [хэ]
5 Дайснууд нь түүнийг захирч, өстнүүд нь санаа зовох юмгүй амьдардаг.
Ехова түүнийг их нүглээс нь болж уй гашууд автуулсан.
Өстнүүд хүүхдүүдийг нь олзлон авч явсан.
ו [вав]
6 Сионы охины* цог жавхлан тэр чигтээ үгүй болов.
Ноёд нь бэлчээрээ олоогүй буга мэт ажээ.
Тэд мөшгөн хөөгчдийн урд арай ядан гэлдэрнэ.
ז [заяин]
7 Иерусалим гэр оронгүй зүдэрч явахдаа
Өмнө нь эдэлж хэрэглэж байсан үнэтэй бүхнээ санав.
Оршин суугчид нь дайсны гарт орж, хот туслагчгүй хоцроход
Өстнүүд түүнийг хараад, нуран унахад нь шоолон инээлдэв.
ח [хэт]
8 Иерусалим асар их нүгэл үйлдсэн.
Тийм ч учраас бузартсан.
Түүнийг хүндэлдэг байсан бүхэн нүцгэн биеийг нь харсан учир одоо жигшин зэвүүцдэг.
Тэр өөрөө ч ёолох бөгөөд ичсэндээ нүүр буруулна.
ט [тэт]
9 Түүний хувцас толбо болсон.
Тэрбээр ирээдүйгээ огт бодоогүй.
Сүйрэл нь бүх хүнийг гайхшируулсан. Тайвшруулах хэн ч алга.
Ехова минь ээ, яаж зовж байгааг минь хараач! Дайснууд онгирон сагсуурч байна.
י [еөд]
10 Дайснууд түүний бүх эрдэнэсийг тоносон.
Үндэстнүүдийг ариун газар луу орохыг тэрбээр харсан.
Үнэндээ та тэр үндэстнүүдэд ард түмэнтэй тань хамт цуглахыг хориглосон билээ.
כ [каф]
11 Бүх оршин суугч нь санаа алдан, талх хайж байна.
Тэд амьд үлдэх гэсэндээ идэх юмны төлөө үнэтэй зүйлсээ өгсөн.
Ехова минь ээ, хөөрхийлөлтэй эмэгтэй* болсныг минь хараач!
ל [ламэд]
12 Замаар өнгөрч яваа та нарт хамаагүй гэж үү?
Үзээч, хараач!
Над шиг зовж шаналсан өөр хэн байна вэ?
Ехова дүрэлзсэн уур хилэнгийнхээ өдөр намайг ингэж зовоосон юм.
מ [мэм]
13 Тэрбээр хамаг ясыг минь шатаах гэж дээрээс гал илгээв.
Хөлд минь тор хаяв. Намайг ухрахаас өөр аргагүйд хүргэв.
Түүнээс болж би ганцаараа хоцорсон эмэгтэй болов.
Би өдөржин зовж шаналж байна.
נ [нүн]
14 Үйлдсэн нүгэл минь хүндээр дарах нь Бурхан над дээр буулга тохсон мэт.
Хүзүүн дээрх гэм нүглээс болж хүч чадал минь барагджээ.
Хүчээр давуу хүмүүсийн гарт Ехова намайг өгчээ.
ס [самэх]
15 Ехова миний дайчдыг бүгдийг нь хөөн зайлуулав.
Залуусыг минь хиар цохихоор цэргүүдийг цуглуулав.
Ехова Иудагийн онгон охиныг* усан үзэм шахах мэт бяцлан дэвслэв.
ע [аяин]
16 Энэ бүхнээс болоод би уйлж байна. Нүднээс минь нулимс мэлмэрнэ.
Учир нь намайг тайвшруулах, сэргээх бүхэн надаас хэтэрхий хол байна.
Дайснууд эзлэн авсан тул хөвгүүд минь цөхөрчээ.
פ [пэ]
17 Сион тусламж эрэн гараа сарвайсан ч түүнийг тайвшруулах хэн ч алга.
Иаковтай дайтахыг эргэн тойрных нь бүх дайсанд Ехова тушаав.
Иерусалим тэдний жигшлийг төрүүлжээ.
צ [цади]
18 Ехова зөв шударга. Харин би түүний үг тушаалыг зөрчсөн.
Ард түмнүүд ээ, сонсоцгоо. Яаж зовж байгааг минь харцгаа.
Миний охид хөвгүүд олзлогдон явлаа.
ק [көф]
19 Би амрагуудаа дуудсан боловч тэд надаас урвасан.
Миний тахилчид, ахлагчид амьд үлдэхийн тулд
Хоол хайн явсаар хотод үхэцгээсэн.
ר [рэш]
20 Ехова минь ээ, ямар их зовж байгааг минь хараач.
Сэтгэл минь үймж байна.
Би яасан тэрслүү байсан юм бэ! Үүнээс болж зүрх минь шаналж байна.
Гадаа гудамжинд хүүхдүүд илдээр хөнөөгдөж, гэр дотор хүмүүс үхэж байна.
ש [шин]
21 Санаа алдахыг минь хүмүүс сонссон. Намайг тайвшруулах хэн ч алга.
Надад гай зовлон тохиолдсоныг дайснууд бүгд сонсжээ.
Та намайг зовоосонд тэд баяртай байна.
Гэвч таны амласан өдөр болоход минийх шиг зовлонг тэд амсана.
ת [тав]
22 Тэдний бузар үйлсийг анхаараач. Гэм нүглээс минь болж намайг шийтгэсэн шигээ
Тэднийг хатуу шийтгээч.
Би эцэс төгсгөлгүй санаа алдаж байна. Зүрх минь өвдөн шаналж байна.
Зүүлт
^ 1–4-р бүлэг нь еврей цагаан толгойн дарааллаар бичсэн гашуудлын дуу юм.
^ Эсвэл «хүн ам ихтэй»
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Иерусалимыг хүншүүлжээ.
^ Иерусалимыг хэлсэн бололтой.