Гашуудал 2:1–22
א [алэф]
2 Ехова Сионы охиныг* уур хилэнгийнхээ үүлээр ингэж хучих гэж!
Тэрбээр Израйлын гоо үзэсгэлэнг тэнгэрээс газар луу чулууджээ.
Тэрбээр уур хилэнгийнхээ өдөр хөлийн тавиураа мартжээ.
ב [бэт]
2 Ехова Иаковын бүх байшинг хайр найргүй залгив.
Тэрбээр уурандаа Иудагийн охины* бэхлэгдсэн газруудыг нураав.
Хаант улсыг ноёдтой нь газарт унагаж, гутаан доромжлов.
ג [гимэл]
3 Тэрбээр догшрон хилэгнэж, Израйлын бүх хүч чадлыг үгүй хийв.
Дайсан ойртоход тэрбээр баруун мутраа татав.
Иаковын нутагт тэрбээр эргэн тойрныхоо бүх юмыг шатаадаг гал мэт дүрэлзэн ассаар байв.
ד [далэт]
4 Тэрбээр дайсан мэт нумаа хөвчилж, өстөн мэт баруун мутраа далайсан.
Бидний хайрлаж хүндэлдэг бүх хүнийг хөнөөсөөр байв.
Тэрбээр Сионы охины* майхан дээр уур хилэнгээ гал мэт буулгав.
ה [хэ]
5 Ехова дайсан мэт болж
Израйлыг залгив.
Израйлын бүх цамхгийг залгиж,
Бэхлэгдсэн газруудыг нь устгав.
Иудагийн охиныг* уй гашуу, уйлаан майлаанаар дүүргэв.
ו [вав]
6 Тэрбээр саравчаа цэцэрлэгт байгаа овоохой шиг нураан хаяв.
Тэрбээр баяр наадмаа дуусгав.
Ехова баяр наадам, амралтын өдрийн тухай дурсамжийг Сионоос арчив.
Тэрбээр зэвүүцэн уурлаж хаан, тахилчийг үл хүндэтгэв.
ז [заяин]
7 Ехова тахилын ширээгээ голов.
Ариун газраа үл тоов.
Бэхлэгдсэн цамхгуудыг нь дайсанд тушаав.
Тэд Еховагийн өргөөнд баярын өдөр мэт чанга хашхирав.
ח [хэт]
8 Ехова Сионы охины* хэрмийг устгахаар шийдэв.
Тэрбээр хэмжих шугамаа сунгажээ.
Тэрбээр мутраа буулгалгүй устгасаар байв.
Бэхлэлт, хана хэрмийг уй гашууд автуулав.
Тэд сульдан доройтов.
ט [тэт]
9 Түүний хаалганууд газарт булагдсан.
Тэрбээр цоож цуургыг нь эвдсэн.
Хаан ба ноёд нь үндэстнүүдэд олзлогджээ.
Хууль* гэж үгүй. Зөнчдөд нь хүртэл Еховагаас үзэгдэл ирэхээ болив.
י [еөд]
10 Сионы охины* ахлагчид газар чимээгүй сууна.
Тэд толгой дээрээ шороо цацаж, таар нөмөрчээ.
Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.
כ [каф]
11 Уйлсаар байгаад нүд минь бүлцийжээ.
Дотор минь үймж байна.
Миний охин, миний ард түмэн сүйрснээс болж,
Хүүхэд, нялхас хотын талбайд ухаан алдаж унаснаас болж элэг зүрх минь эмтрэв*.
ל [ламэд]
12 Тэд ээждээ «Би өлсөөд байна, цангаад байна*» гэж хэлсээр байгаад
Хотын талбайд шархадсан хүн шиг ухаан алдан унаж
Эхийнхээ гар дээр амьсгал хураадаг.
מ [мэм]
13 Иерусалимын охин оо*, би чамайг юутай жишиж,
Эсвэл юутай адилтгах вэ?
Сионы онгон охин* оо, би чамайг тайвшруулахын тулд юутай харьцуулах вэ?
Чиний шарх далай шиг том юм. Хэн чамайг эдгээх вэ?
נ [нүн]
14 Зөнчдийн чинь үзэгдэл хуурамч, хоосон байсан.
Тэд нүглийг чинь илчлээгүй учир чи дайсанд олзлогдсон.
Тэд чамайг төөрөгдүүлэх хуурамч үзэгдэл үздэг байсан.
ס [самэх]
15 Замаар өнгөрөгчид Иерусалимын охиныг* хараад дооглон алга ташиж,
Гайхан шүгэлдэж, толгой сэгсрэн
«Энэ чинь “Дэлхий дахины баяр баясгалан, үзэсгэлэн төгс” гэгддэг хот мөн үү?» гэж хэлнэ.
פ [пэ]
16 Дайснууд чинь бүгдээрээ чамайг элэглэн дооглосон.
Тэд шүгэлдэж, шүдээ хавиран «Бид түүнийг залгичихлаа.
Энэ өдрийг удаан хүлээлээ! Ингээд ирдэг юм байж! Энэ өдрийг үздэг юм байна!» гэж хэлнэ.
ע [аяин]
17 Ехова санаснаа гүйцээж, хэлснээ хэрэгжүүлэн,
Эрт үед тунхагласан үгээ биелүүлэв.
Тэрбээр чамайг хайр найргүй нураав.
Дайснуудыг чинь давуу хүчтэй болгож*, чамайг ялаад баярлах боломжийг тэдэнд олгов.
צ [цади]
18 Сионы охины* хэрэм ээ, оршин суугчид чинь сэтгэл зүрхнээсээ Ехова руу хашхирч байна.
Нулимсаа өдөр шөнөгүй гол мөрөн шиг урсга.
Уйлаад л бай*, бүү амсхий.
ק [көф]
19 Бос! Шөнөжин уйл.
Зүрх сэтгэлээ Еховагийн өмнө ус мэт асга.
Түүн рүү гараа өргөж хүүхдүүддээ амь гуй.
Тэд өлсгөлөнгөөс болж гудамжны мухарт ухаан алдан унаж байна.
ר [рэш]
20 Ехова, та хатуу шийтгэсэн ард түмнээ хараач.
Эмэгтэйчүүд нялх үрсээ, эрүүл чийрэг өсгөж бойжуулсан хүүхдүүдээ идэх ёстой юу?
Тахилчид, зөнчид Еховагийн ариун газар алагдах ёстой юу?
ש [шин]
21 Хөвгүүд, хөгшдийн хүүр гудамжинд хэвтэнэ.
Миний бүсгүйчүүд, залуус илдээр хөнөөгджээ.
Та тэднийг уур хилэнгийнхээ өдөр хөнөөсөн. Та тэднийг хайр найргүй устгасан.
ת [тав]
22 Баярын өдөр хүмүүсийг цуглуулдаг шиг, та зүг бүрээс аймшгийг дуудсан.
Еховагийн уур хилэнгийн өдөр хэн ч зугтаагүй, хэн ч амьд үлдээгүй.
Төрүүлж өсгөсөн хүүхдүүдийг минь дайснууд хүйс тэмтэрчээ.
Зүүлт
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Иерусалимыг хэлсэн бололтой.
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Иерусалимыг хэлсэн бололтой.
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Эсвэл «Заавар»
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Эсвэл «газар асгарав»
^ Үгч. «Үр тариа, дарс хаана байна вэ?»
^ «Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ «Сионы онгон охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ «Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Үгч. «Дайснуудын чинь эврийг өргөж»
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Эсвэл «Нүдээ бүү амраа»