Гашуудал 3:1–66

  • Иеремиа сэтгэгдлээ бичиж итгэл найдвараа илэрхийлсэн нь

    • «Тэвчээртэй хүлээнэ» (21)

    • Бурхан өглөө бүр энэрэл үзүүлдэг (22, 23)

    • Бурхан өөрт нь найддаг хүмүүст сайн (25)

    • «Залуудаа буулга үүрэх нь сайн» (27)

    • Өөр лүү нь очих замыг Бурхан үүлээр хаасан (43, 44)

א [алэф] 3  Би түүний уур хилэнгийн саваанаас болж зовсон хүн.  2  Тэрбээр намайг хөөж гэрэлд биш, харанхуйд алхуулсан.  3  Намайг өдөржин гараараа цохидог. ב [бэт]  4  Арьс, махыг минь сулруулж Ясыг минь хугалсан.  5  Намайг бүсэлж гашуун хор болон зовлонгоор хүрээлэв.  6  Тэрбээр намайг хэдийнээ үхсэн хүн шиг, харанхуй газар хүчээр суулгасан. ג [гимэл]  7  Намайг хашиж, зугтах аргагүй болгосон. Хүнд зэс дөнгөөр дөнгөлсөн.  8  Тусламж гуйн цөхрөлтгүй хашхирсан ч залбирлыг минь сонсдоггүй.  9  Тэрбээр зассан чулуугаар замыг минь хааж Явдаг замыг минь мурийлгасан. ד [далэт] 10  Намайг баавгай шиг, бас нуугдаж буй арслан шиг отон хүлээдэг. 11  Намайг замаас түлхэн гаргаж, хэсэглэн тасчив*. Тэрбээр намайг сүйрүүлсэн. 12  Нумаа хөвчилж, над руу сумаа онилдог. ה [хэ] 13  Саадагтай сумаараа бөөрийг минь нэвт сүлбэсэн. 14  Би бүх ард түмний элэг доог, өдөржин тэдний дууны сэдэв болов. 15  Тэрбээр надад гашуун юм идүүлж, гэдсийг минь агиар цатгаж байв. ו [вав] 16  Хайрга идүүлэн шүдийг минь хугалж, Намайг үнсэнд хаяв. 17  Та надаас амар тайвныг булаасан. Би сайн юмыг мартсан. 18  Тиймээс би: «Алдар хүнд минь үгүй болж, Еховаг гэсэн итгэл найдвар минь хөсөрдлөө» гэж хэлэв. ז [заяин] 19  Зовж шаналан, орон гэргүйдэж, агь, гашуун хороор хооллож байгааг минь санаач. 20  Та заавал санаж над руу бөхийнө. 21  Би үүнийг дурсан санадаг. Тийм ч учраас тэвчээртэй хүлээнэ. ח [хэт] 22  Ехова үнэнчээр хайрладаг тул бид сөнөөгүй. Учир нь түүний энэрэл хэзээ ч дуусахгүй. 23  Тэрбээр өглөө бүр энэрэл үзүүлдэг. Түүний үнэнч байдал агуу. 24  «Ехова бол миний хувь учраас түүнийг тэвчээртэй хүлээнэ» гэж би хэлэв. ט [тэт] 25  Ехова өөрт нь найддаг, удирдлага зааврыг нь хайдаг хүнд сайн. 26  Еховагийн аврахыг чимээгүй* хүлээх нь сайн. 27  Хүн залуудаа буулга үүрэх нь сайн. י [еөд] 28  Бурхан үүнийг үүрүүлсэн бол тэрбээр ганцаараа суугаад чимээгүй байг. 29  Тэрбээр нүүрээ шороонд хутгаг. Найдвар байж юуны магад. 30  Өөрийг нь цохиж буй хүнд хацраа өгөг. Доромжлолыг бүрэн хүртэг. כ [каф] 31  Учир нь Ехова биднийг үүрд орхихгүй. 32  Тэрбээр уй гашууд автуулсан ч үнэнч хайр нь агуу тул энэрлээ үзүүлнэ. 33  Тэрбээр хүмүүст уй гашуу, гай зовлон авчрахыг хүсдэггүй. ל [ламэд] 34  Дэлхий дээрх бүх хоригдлыг хөлөөрөө дэвслэхийг, 35  Хамгийн дээд Нэгний өмнө хүнтэй шударга бусаар харьцахыг, 36  Шүүх дээр хүнийг хууран мэхлэхийг Ехова тэвчдэггүй. מ [мэм] 37  Хэрэв Еховагийн хүсэл биш байсан бол хэн үг хэлж, түүнийгээ биелүүлж чадах билээ? 38  Хамгийн дээд Нэгний амнаас Сайн, муу юм зэрэг гардаггүй. 39  Хүн нүглийнхээ үр дагаврыг амсаж байгаа бол яагаад гомдоллох ёстой гэж? נ [нүн] 40  Яаж амьдарч байгаагаа нягталж сайтар бодоод Ехова руу буцаж очицгооё. 41  Тэнгэрт байгаа Бурхан руу гараа өргөн, чин сэтгэлээсээ түүнд хандан ингэж хэлцгээе. 42  «Бид нүгэл үйлдэж, тэрсэлсэн. Та уучлаагүй. ס [самэх] 43  Та уурлан хилэгнэж, очих замыг маань хаав. Биднийг мөшгөн хөөж, өршөөлгүй алж устгав. 44  Тан руу очих замыг маань та үүлээр хаасан. Тиймээс залбирал маань хүрдэггүй. 45  Биднийг та ард түмнүүдийн дунд хог хаягдал болгов. פ [пэ] 46  Дайснууд бүгдээрээ биднийг дооглон тохуурхана. 47  Айдас, урхи, сүйрэл, хоосрол бидний хувь болсон. 48  Миний охин, миний ард түмэн сүйрснээс болж нулимс минь гол адил урсаж байна. ע [аяин] 49  Би зогсоо зайгүй уйлж, нулимс минь бөмбөрөн урсана. 50  Еховаг тэнгэрээс өнгийж хартал урсана. 51  Хотынхоо охидыг харахлаар сэтгэл өвдөж байна. צ [цади] 52  Дайснууд намайг шалтгаангүйгээр шувуу шиг агнасан. 53  Тэд намайг алах гэж нүхэнд хийсэн. Над руу чулуу шидээд л байв. 54  Намайг ус бүрхэн авахад «Ингээд өнгөрлөө!» гэж бодсон. ק [көф] 55  Ехова минь ээ, би нүхний ёроолоос таны нэрийг дуудсан. 56  Дууг минь сонсооч. Аврал, тусламж гуйн хашхирахад минь чихээ бүү таглаач. 57  Тан руу хашхирсан тэр өдөр та дэргэд минь ирж «Бүү ай» гэж хэлсэн. ר [рэш] 58  Ехова минь ээ, та намайг өмгөөлж, амийг минь аварсан. 59  Ехова минь ээ, надад учирсан шударга бус явдлыг та харсан. Намайг шударгаар шүүгээч. 60  Тэд надаас өшөө авч, надад бузар муу юм хийхээр төлөвлөснийг та харсан. ש [син] эсвэл [шин] 61  Ехова минь ээ, та тэдний доог тохууг сонссон. Надад бузар муу юм хийхээр төлөвлөснийг нь та харсан. 62  Миний дайснууд юу ярихыг, намайг хорлох гэж өдөржин шивнэлдэхийг та сонссон. 63  Тэднийг хараач! Тэд суусан ч, боссон ч намайг шоглон дуулж байна. ת [тав] 64  Ехова минь ээ, та үйлсийнх нь дагуу тэдэнд хариулна. 65  Та тэднийг харааж зүрх сэтгэлийг хатууруулна. 66  Та уур хилэнтэйгээр тэднийг мөшгөн, Еховагийн тэнгэр дороос арчин зайлуулна.

Зүүлт

Эсвэл «атар газар болгов» гэсэн бололтой.
Эсвэл «тэвчээртэй»