Гашуудал 4:1–22
א [алэф]
4 Гялалзаж гялтганасан шижир алт өнгөө ингэж алдах ч гэж дээ!
Ариун газрын чулуунууд гудамж болгоны мухарт ингэж хэвтэх ч гэж дээ!
ב [бэт]
2 Шижир алт шиг үнэ цэнтэй байсан Сионы хүндэт хөвгүүд
Одоо ваарчны гарын бүтээл,
Шавар ваар мэт тооцогдох ч гэж дээ!
ג [гимэл]
3 Чононцрууд хүртэл бэлтрэгээ хөхүүлдэг байхад
Миний охин, миний ард түмэн зэлүүд газрын тэмээн хяруул шиг харгис болжээ.
ד [далэт]
4 Хөхүүл хүүхэд цангаснаас болж хэл нь тагнайдаа наалджээ.
Хүүхдүүд талх гуйх боловч хэн ч юу ч өгөхгүй юм.
ה [хэ]
5 Тансаг амттан иддэг байсан хүмүүс гудамжинд өлбөрч байна.
Час улаан чамин хувцас өмсөж өссөн хүмүүс үнс нурман дунд хэвтэнэ.
ו [вав]
6 Миний охин, миний ард түмний хүртсэн шийтгэл нүгэлт Содомынхоос ч хатуу.
Содом хормын дотор устгагдсан билээ. Түүнд туслах хэн ч байгаагүй.
ז [заяин]
7 Назирууд нь цаснаас цэвэр, сүүнээс цагаан,
Шүрнээс улаан байв. Тэд өнгөлсөн индранил шиг байлаа.
ח [хэт]
8 Одоо тэд хөөнөөс ч хар болжээ.
Гудамжинд таарсан хүмүүс тэднийг таньдаггүй.
Ясыг нь бүрхсэн арьс нь үрчийж, хуурай мод шиг болсон байна.
ט [тэт]
9 Илдээр хөнөөгдсөн хүмүүс өлсгөлөнгөөр үхэгсдээс дээр.
Талбайн ургацгүйгээс болж үхэж үрэгдэж буй хүмүүсээс дээр.
י [еөд]
10 Өр нимгэн бүсгүйчүүд өөрсдийн гараар хүүхдүүдээ чанав.
Миний охин, миний ард түмнийг сүйрэх үед хүүхдүүд нь гашуудлын хоол болсон юм.
כ [каф]
11 Ехова уураа гаргаж,
Дүрэлзсэн хилэнгээ асгав.
Сионд гал тавьж, суурьтай нь шатаав.
ל [ламэд]
12 Иерусалимын хаалгаар өстөн дайсан орно гэж
Дэлхийн хаад ч, үржил шимтэй газрын оршин суугчид ч итгээгүй.
מ [мэм]
13 Энэ нь зөнчдийнх нь нүгэл, тахилчдынх нь алдаанаас болсон юм.
Тэд хотод байсан зөв шударга хүмүүсийн цусыг урсгасан билээ.
נ [нүн]
14 Тэд сохор хүн шиг гудамжаар тэнэсэн.
Хувцас нь цусанд будагдсан тул
Хэн ч хүрч чаддаггүй.
ס [самэх]
15 Хүмүүс: «Зайл! Бузрууд аа! Зайл, зайл! Бидэнд битгий хүр!» гэж тэдэн рүү хашхирдаг.
Учир нь тэд орон гэргүй болсон тул тэнүүчлэн явдаг.
«Тэд бидэнтэй хамт байж болохгүй» гэж үндэстнүүд ярьдаг.
פ [пэ]
16 Ехова тэднийг тараасан.
Тэрбээр тэднийг сайшаан харахаа болино.
Хүмүүс тахилчдыг үл хүндэтгэж, ахлагчдыг таашаахгүй».
ע [аяин]
17 Тусална гэж горьдон хүлээсээр нүд чиллээ.
Аварч чадахгүй үндэстнийг тусална гэж бид горьдсоор л байлаа.
צ [цади]
18 Дайснууд алхам бүрийг маань отож байгаа учраас бид гудамж талбайгаар явж чадахгүй байна.
Бидний төгсгөл ойртжээ. Өдөр хоногууд маань дуусжээ. Бидний төгсгөл ирж байна.
ק [көф]
19 Мөшгөгчид тэнгэрт нисэх бүргэдээс ч илүү хурдан байв.
Тэд уулан дээр биднийг мөшгөж зэлүүд газар отсон.
ר [рэш]
20 Амь амьсгал минь болсон, Еховагийн сонгосон* хүн дайснуудын ухсан том нүхэнд унав.
Бид түүний тухай «Үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарцгаая» гэж ярьдаг байлаа.
ש [син]
21 Уз нутагт амьдардаг Едомын охин* оо, баярлан баяс, хөгжин цэнгэ.
Гэхдээ чамд бас аягатайг өгнө. Чи ууж согтоод нүцгэн биеэ ил гаргана.
ת [тав]
22 Сионы охин* оо, гэм буруугийн чинь шийтгэл дууслаа.
Тэрбээр чамайг дахин олзлуулахгүй.
Харин Едомын охин* оо, тэрбээр гэм бурууг чинь анхаарч
Нүгэл хилэнцийг чинь илчилнэ.
Зүүлт
^ Эсвэл «тосолсон»
^ «Едомын охин» гэдгээр Едомын ард түмнийг уран яруу хэлжээ.
^ «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ «Едомын охин» гэдгээр Едомын ард түмнийг уран яруу хэлжээ.