Гашуудал 5:1–22
5 Ехова минь ээ, бидэнд юу тохиолдсоныг санаач.
Гутамшиг болсныг маань үзээч, хараач.
2 Өв хөрөнгө маань танихгүй хүмүүсийн гарт, гэр орон маань харь хүмүүсийн гарт орсон.
3 Бид эцэггүй хүүхдүүд болов. Ээжүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд шиг болов.
4 Бид мөнгө төлж усаа уудаг, үнэ төлж түлээгээ авдаг.
5 Мөшгөгчид биднийг гэзэг даран хөөж байна.
Тэнхээ барагдсан ч амсхийх арга алга.
6 Бид идэх талхтай байх гэсэндээ Египет, Ассири луу гараа сарвайдаг.
7 Нүгэл үйлдсэн эцэг өвгөд маань одоо байхгүй ч тэдний нүглийн төлөөсийг бид төлдөг.
8 Зарц нар одоо биднийг захирч байна. Тэдний гараас аврах хэн ч байхгүй.
9 Хээр талд зэвсэглэсэн хүмүүс* байгаа учир бид амь өрсөн байж талхаа олдог.
10 Өлсөж зовсноос болж арьс маань зуух мэт халуун болжээ.
11 Тэд Сионд эхнэрүүдийг маань, Иудагийн хотуудад онгон охидыг маань доромжилсон*.
12 Ноёдыг гараас нь оосорлон дүүжилж, ахлагчдыг үл хүндэлсэн.
13 Залуус гар тээрмийн чулуу үүрч, хөвгүүд бүдчин байж мод зөөдөг.
14 Ахлагчид хотын хаалган дээр суухаа, залуус хөгжим тоглохоо болив.
15 Зүрх сэтгэл маань баяр баясгалангүй болж, дуу бүжиг уй гашуугаар солигдов.
16 Бидний толгой дээрх титэм унав. Нүгэл үйлдсэн бид золгүй еэ!
17 Үүнээс болж зүрх сэтгэл өвчлөн
Нүд сүүмийв.
18 Сион уул эзгүйрч, үнэг тэнүүчлэх болов.
19 Ехова минь ээ, та хаан сэнтийд мөнхөд залардаг.
Таны сэнтий үеэс үед оршино.
20 Та юунд биднийг үүрд мартаж, ийм удаан орхив?
21 Ехова минь ээ, биднийг буцааж аваач. Бид тан руу дуртайяа буцаж очно.
Бүхнийг урьдынх шиг болгож өгөөч.
22 Гэсэн ч та биднийг бүрмөсөн голж хаясан.
Та бидэнд ихэд уурласаар байна.