Дэд хууль 1:1–46

  • Хореб уулаас хөдлөв (1-8)

  • Дарга, шүүгчдийг томилов (9-18)

  • Кадеш-Барнеад Бурханд дуулгаваргүй загнав (19-46)

    • Израйлчууд амласан нутаг руу явахаас дургүйцэв (26-33)

    • Канаанчуудад ялагдав (41-46)

1  Мосе Иорданы бүс нутагт израйлчуудад эдгээр үгийг хэлжээ. Тэд Суфын урдах цөлд буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын дунд байжээ.  (Хореб уулаас Сеир уулын замаар Кадеш-барнеа хүртэл 11 өдөр явдаг. )  Дөч дэх жилийн* 11 дэх сарын эхний өдөр Мосе Еховагийн хэлээрэй гэсэн бүхнийг израйлчуудад дамжуулжээ.  Энэ явдал Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштаротод сууж байсан Башаны хаан Огийг Едреид* ялсных нь дараа болсон юм.  Мосе Моаб дахь Иорданы бүс нутагт Бурхны хуулийг ийн тайлбарлажээ.  «Ехова Бурхан маань биднийг Хоребт байхад “Та нар энэ уулархаг нутагт өчнөөн удаан байлаа.  Та нар одоо аяны жолоогоо эргүүлж аморичуудын уулархаг нутаг, бас ойролцоох бүс нутгууд нь болох Араба, уулархаг нутаг, Шефела, Негев, тэнгисийн эргийн бүс нутаг руу яв. Ийнхүү канаанчуудын нутаг, цаашлаад Ливан*, Их мөрөн Евфрат хүртэл явагтун.  Би тэр нутгийг та нарт зориулж бэлдсэн. Танай эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаковт, бас үр удамд нь өгнө гэж Ехова миний тангарагласан нутагт очоод эзэлж ав” гэж айлдаж байсан.  Тэр үед би та нарт “Би ганцаараа та нарыг авч явж чадахгүй. 10  Ехова Бурхан маань та нарыг өсгөн нэмэгдүүлсэн учраас одоо та нар тэнгэрийн одод мэт олон болсон. 11  Эцэг өвгөдийн чинь Бурхан Ехова та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, амласан ёсоороо ивээг. 12  Харин би яаж ганцаараа та нарын ачааг үүрч, асуудал, маргааныг чинь шийдвэрлэх юм бэ? 13  Та нар овгуудаасаа мэргэн, хэрсүү, туршлагатай эрчүүдийг сонго. Би тэднийг та нарын удирдагчдаар томилъё” гэхэд 14  та нар: “Та зөв юм хэллээ” гэсэн. 15  Тэгэхээр нь би танай овгуудын тэргүүнүүд болох мэргэн ухаантай, туршлагатай эрчүүдийг мянгат, зуут, тавьт, аравтын дарга, мөн бусад даргаар томилсон. 16  Тэр үед би танай шүүгчдэд заавар өгч “Та нар хоёр израйл хүний хоорондох эсвэл израйл хүн харийн хүний хоорондох хэргийг шударгаар шүүгтүн. 17  Шүүхдээ нүүр тал харж болохгүй. Дээдэс доодсын үгсийг нэгэн адил сонсогтун. Та нар Бурхныг төлөөлж шүүх учраас хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахааргүй хэцүү хэргээ над дээр авчир. Би шүүнэ” гэсэн. 18  Тэр үед би та нарын хийх хэрэгтэй бүх юмыг хэлж зааварласан. 19  Дараа нь бид Ехова Бурхныхаа тушаасан ёсоор Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн. 20  Тэгэхэд би та нарт “Ехова Бурхны маань бидэнд өгч байгаа аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. 21  Ехова Бурхан чинь энэ нутгийг та нарт өгсөн. Одоо эцэг өвгөдийнхөө Бурхан Еховагийнхаа хэлсэн ёсоор явж, эзэлж авцгаа. Айх хэрэггүй!” гэсэн билээ. 22  Харин та нар над руу ирээд “Тэр газрыг тандах хүмүүсийг түрүүлээд явуулъя. Тэд явж ирээд, ямар замаар явах, ямар хотуудад очихыг маань хэлэг” гэцгээсэн. 23  Та нарын санал надад таалагдаж, би овог бүрээс нэг хүнийг, нийтдээ 12 хүнийг сонгосон. 24  Тэгээд тэд явж, уулархаг нутгаар өгсөөд Ешколын хөндийд* очиж газар нутгийг тандсан. 25  Тэндээсээ жимс авчраад “Ехова Бурхны маань бидэнд өгч байгаа нутаг сайхан нутаг байна” гэсэн. 26  Тэгтэл та нар тийшээ явахаас дургүйцэж, Ехова Бурхныхаа үг тушаалыг эсэргүүцсэн. 27  Та нар майхнууд дотроо үглэж гомдоллон “Ехова биднийг үзэн яддаг болохоороо л аморичуудын эрхшээлд оруулж устгуулахаар Египетээс гаргаж авчирчээ. 28  Бид ямар гээчийн газар луу яваад байгаа юм бэ? Ах дүү нар маань «Тэндхийн хүмүүс биднээс илүү хүчтэй, өндөр, хотууд нь маш том, тэнгэрт тулам хана хэрэмтэй. Тэнд анакчууд байсан» гэцгээж бидний зүрхийг үхүүлсэн” гэж байсан шүү дээ. 29  Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай! 30  Ехова Бурхан чинь Египетэд та нарын урд явж нүдэн дээр чинь тулалдсан шигээ одоо ч мөн тэгнэ. 31  Эцэг хүн хүүгээ анхаарч халамжилдаг* шиг Ехова Бурхан чинь та нарыг энд хүрч иртэл цөлд явсан бүх л замд чинь хэрхэн анхаарч халамжилсныг* та нар өөрсдөө үзсэн” гэж хэлсэн. 32  Тийн атал та нар Ехова Бурхандаа итгэж найдаагүй. 33  Тэрбээр та нарт буудаллах газар олж өгөхөөр урд чинь явдаг байсан. Та нарын явах ёстой замыг зааж өгөхийн тулд шөнө нь галаар, өдөр нь үүлээр удирдан дагуулдаг байсан. 34  Ехова та нарын хэлсэн бүхнийг сонсоод маш их уурлаж, ингэж хатуу тангарагласан. 35  “Танай эцэг өвгөдөд миний өгнө гэж тангарагласан тэр сайхан нутгийг энэ хорон муу үеийнхнээс нэг нь ч үзэхгүй. 36  Харин Иефуннегийн хүү Калеб үзнэ. Калеб Ехова намайг хоёргүй сэтгэлээр дагасан* учраас хөл тавьсан газрыг нь би түүнд болон үр удамд нь өгнө. 37  (Ехова та нараас болж надад уурласан. Тэгээд «Чи ч гэсэн тийшээ явахгүй. 38  Чиний туслах Нуны хүү Иошуа тэр газар луу орно. Тэрбээр израйлчуудад тэр нутгийг эзэмшүүлэх учраас түүнийг зоригжуулагтун*» гэж хэлсэн. ) 39  Бас та нарын олзлогдчих вий гэж айж байсан, хараахан зөв бурууг ялгаж сураагүй хүүхдүүд чинь тийшээ орно. Би тэдэнд тэр нутгийг эзэмшүүлэхээр өгнө. 40  Та нарын хувьд буцаад Улаан тэнгисийн замаар цөл рүү хөдлөгтүн” гэж айлдсан билээ. 41  Тэгэхэд нь та нар надад “Бид Еховагийн эсрэг нүгэл үйлджээ. Одоо бид явж Ехова Бурхныхаа тушааснаар тулалдъя” гэцгээсэн. Тэгээд та нар уул өөд явахыг хялбар гэж санан зэвсгээ үүрцгээсэн. 42  Харин Ехова надад “«Би хамт явахгүй учраас та нар тулалдахаар явж болохгүй. Та нар явбал дайснууддаа ялагдана» гэж тэдэнд хэл” хэмээсэн билээ. 43  Би үгийг нь дамжуулсан ч та нар үл тоомсорлосон. Еховагийн тушаалыг эсэргүүцэж, бардам загнан уул руу явах гэж зүтгэсэн шүү дээ. 44  Дараа нь тэр ууланд суудаг аморичууд та нарын өөдөөс зөгийнүүд шиг дайрч, элдэн хөөгөөд Сеирээс Хорма хүртэл тараасан. 45  Тэгээд та нар буцаж ирээд Еховагийн өмнө уйлсан ч Ехова та нарыг ойшоон сонсоо ч үгүй, анхаараа ч үгүй. 46  Тэгээд л та нар Кадешт удаан амьдарсан.

Зүүлт

Египетээс гарснаас хойших 40 дэх жил
Эсвэл «Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг» гэсэн бололтой.
Ливаны уул нуруудыг хэлсэн бололтой.
Эсвэл «сайрт»
Эсвэл «тэвэрч явдаг»
Эсвэл «тэвэрч явсныг»
Үгч. «бүрэн дагасан»
Эсвэл «Бурхан түүнийг хүчирхэгжүүлсэн» гэсэн бололтой.