Дэд хууль 13:1–18

  • Тэрс явдалтай тэмцэх (1-18)

13  Та нарын дунд зөнч юм уу зүүдээр зөгнөгч гарч ирээд тэмдэг үзүүлж эсвэл ирээдүйд болох гайхалтай юмны талаар хэлж,  тэр тэмдэг, хэлсэн зүйл нь биелбэл, мөн тэрбээр: “Бүгдээрээ өөр бурхдыг шүтэж тэдэнд үйлчилцгээе” гэж та нарын мэддэггүй бурхдын талаар хэлбэл  тэр зөнч юм уу зүүдээр зөгнөгчийн үгэнд бүү ор. Яагаад гэвэл Ехова Бурхан чинь та нарыг Ехова Бурхнаа бүхий л зүрх сэтгэл, амь амьдралаараа хайрладаг уу, үгүй юү гэдгийг шалгаж байгаа юм.  Та нар Ехова Бурхныхаа заасан замаар явж, түүнээс эмээн, тушаалуудыг нь сахиж, үгийг нь сонсож байгтун. Зөвхөн түүнд үйлчилж, түүнээс зуурагтун.  Харин тэр зөнч юм уу зүүдээр зөгнөгчийг хөнөөх ёстой. Учир нь тэр та нарыг Ехова Бурхнаас чинь урвуулан тэрслүүлэхийг оролдсон. Та нарыг Египетийн боолчлолоос чөлөөлж гаргасан Ехова Бурхны чинь яв гэж тушаасан замаас гаргахыг санаархсан. Та нар дундаасаа бузар мууг ингэж зайлуулагтун.  Төрсөн ах дүү чинь, хүү эсвэл охин чинь, хайртай эхнэр эсвэл хамгийн дотнын* анд чинь “Явж өөр бурхдад үйлчилье” гэж сэмхэн ятган та нарын ч, эцэг өвгөдийн чинь ч мэддэггүй бурхдыг,  тухайлбал та нараас хол ч бай, ойр ч бай газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх үндэстнүүдийн бурхдыг шүтүүлэх гэвэл  та нар санаа нийлэх юм уу үгийг нь сонсож болохгүй. Өрөвдөж энэрэх юм уу өмгөөлж хаацайлах ёсгүй.  Харин заавал хөнөө. Эхлээд чи өөрөө, дараа нь бусад хүн тэр хүн рүү чулуу шидэх ёстой. 10  Египетийн боолчлолоос та нарыг чөлөөлж авчирсан Ехова Бурхнаас чинь тэр хүн та нарыг урвуулах гэсэн учраас түүн рүү чулуу шидэж алах ёстой. 11  Тэгвэл ард олон бүгдээрээ тэр тухай сонсоод айн эмээж, дахин хэн ч, хэзээ ч тийм муу юм хийж зүрхлэхгүй. 12  Та нарт эзэмшүүлэхээр Ехова Бурхны чинь өгч байгаа хотуудын аль нэгэнд 13  та нарын дундаас олиггүй хүмүүс гарч ирээд мэддэггүй бурхдын чинь талаар ярьж “Бүгдээрээ явж, өөр бурхдад үйлчилцгээе” гэж хотынхноо уруу татаж байгаа нь дуулдвал 14  тэр хэргийг авч үзэн сайтар шалгаж, асууж сурагла. Дунд чинь жигшүүртэй хэрэг гарсан нь үнэхээр батлагдвал 15  тэр хотын оршин суугчдыг илдээр хиаруул. Хотыг мал сүрэг гээд бүх юмтай нь устга. 16  Тэр хотын үнэтэй цайтай зүйлсийг гол талбайд нь цуглуулаад Ехова Бурхандаа зориулж бүгдийг нь тахил болгон шатаа. Тэр хот үүрдийн нуранги овоо болж, дахин босохгүй. 17  Та нар устгах ёстой зүйлсээс авч болохгүй. Тийм байваас Ехова уурлан хилэгнэхээ больж, та нарыг өршөөж энэрэн, эцэг өвгөдөд чинь амласнаараа өнөр өтгөн болгоно. 18  Өнөөдөр миний та нарт өгч байгаа Ехова Бурхныхаа бүх тушаалыг сахиж түүнд дуулгавартай байн Ехова Бурхныхаа зөв гэж үздэг бүхнийг хий.

Зүүлт

Эсвэл «амь шигээ хайрладаг»