Дэд хууль 14:1–29
14 Та нар бол Ехова Бурхныхаа хүүхдүүд. Үхсэн хүний төлөө биеэ зүсэх юм уу магнайгаа халзалж болохгүй.
2 Учир нь та нар Ехова Бурхныхаа ариун ард түмэн. Ехова та нарыг хөрст дэлхий дээрх үндэстнүүдээс өөрийнхөө ард түмэн, тусгай* өмчөө болгон сонгож авсан.
3 Жигшүүртэй ямар ч юмыг бүү ид.
4 Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,
5 буга, зээр, эрэгчин бор гөрөөс, янгир, урт эвэрт гөрөөс, аргаль, уулаар нутагладаг хонь юм.
6 Туурайнх нь салаа бүрэн салангид бөгөөд сэвсээ хивдэг ямар ч амьтныг идэж болно.
7 Харин сэвсээ хивдэг эсвэл салаа туурайтан амьтдаас дараах амьтдыг идэж болохгүй. Тэмээ, молтогчин туулай, хадны дорго сэвсээ хивдэг ч салаа туурайтан биш тул та нар бузар гэж үзээд бүү ид.
8 Гахай салаа туурайтай ч сэвсээ хивдэггүй учраас бузар гэж үзэх ёстой. Эдгээрийн махыг идэх юм уу хүүрт нь хүрч болохгүй.
9 Усанд амьдардаг аливаа амьтдын дотроос сэлүүр, хайрстай ямар ч амьтныг та нар идэж болно.
10 Харин сэлүүр, хайрсгүй ямар ч амьтныг идэж болохгүй. Бузар гэж үз.
11 Та нар бүх цэвэр шувууг идэж болно.
12 Идэж болохгүй шувууд нь бүргэд, загасч явлаг, хар тас,
13 улаан элээ, хар элээ, бусад төрлийн элээ,
14 бүх төрлийн хэрээ,
15 тэмээн хяруул, шар шувуу, цахлай, бүх төрлийн шонхор,
16 жижиг шар шувуу, урт чихтэй шар шувуу, хун,
17 хотон, тас, гогой,
18 өрөвтас, хөх дэглий, бүх төрлийн өвөөлж, сарьсан багваахай юм.
19 Мөн та нар бүх далавчит шавжийг бузар гэж үзэх ёстой. Идэж болохгүй.
20 Харин цэвэр жигүүртэн амьтдыг идэж болно.
21 Үхсэн амьтны махыг идэж болохгүй. Харин түүнийгээ хотуудад чинь суудаг харийн хүнд хүнс болгон өгч болно. Бас харийн хүнд зарж болно. Яагаад гэвэл та нар Ехова Бурхныхаа ариун ард түмэн.
Ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.
22 Жил бүр талбайнхаа ургацын аравны нэгийг тусад нь тавь.
23 Та нар үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг, үхэр, хонь, ямааныхаа ууганыг Ехова Бурхныхаа нэрээ алдаршуулахаар сонгосон газарт түүний өмнө идэгтүн. Ингэснээр үргэлж Ехова Бурхнаасаа эмээхийг сурна.
24 Харин Ехова Бурхны чинь нэрээ алдаршуулахаар сонгосон газар хэтэрхий хол, мөн та нар тэдгээрийг тэр хол замд авч явах боломжгүй бол (Учир нь Ехова Бурхан чинь та нарыг ивээнэ)
25 зарж мөнгө болгоод Ехова Бурхныхаа сонгосон газар луу авч яв.
26 Тэгээд тэр мөнгөөрөө хонь, үхэр, ямаа, дарс болон бусад хатуу ундаа гээд хүссэн бүхнээ авч болно. Та нар ч, гэрийнхэн чинь ч Ехова Бурхныхаа өмнө идэж уун, баярлан баясна.
27 Мөн та нарын дундах левичүүдэд хувь ч, өв ч өгөөгүй учраас та нар хотуудад чинь суудаг левичүүдийг тоохгүй орхиж болохгүй.
28 Гурван жил бүрийн эцэст тэр жилийнхээ ургацын аравны нэгийг хотууддаа хадгал.
29 Тэгвэл хувь ч, өв ч ноогдоогүй левичүүд, та нартай хамт хотуудад чинь байгаа харийн оршин суугчид, эцэггүй* хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүд очиж цадталаа иднэ. Тэгснээр Ехова Бурхан чинь та нарын бүх ажил үйлсийг ивээнэ.