Дэд хууль 15:1–23

  • Долоо дахь жил бүр өрийг цуцлах (1-6)

  • Ядууст туслах (7-11)

  • Долоо дахь жил бүр боолыг чөлөөлөх (12-18)

    • Боолын чихийг шөвгөөр цоолох (16, 17)

  • Ууган төлийг ариусгах (19-23)

15  Та нар долоо дахь жил бүр авлагаа цуцал*.  Өр авлагыг дараах маягаар цуцлах ёстой. Зээлдүүлэгч өөрөөс нь зээл авсан элэг нэгтнийхээ өрийг цуцална. Тэрбээр Еховаг хүндэтгэн, элэг нэгтнээсээ эсвэл ах дүүгээсээ өрөө нэхэх ёсгүй.  Харийн хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүгээсээ авах бүх авлагаа цуцал.  Та нарын дунд ядуу хүн бүү байг. Ехова Бурхны чинь та нарт өв болгон эзэмшүүлэхээр өгч байгаа нутагт Ехова та нарыг ивээхийн дээдээр ивээнэ.  Гагцхүү Ехова Бурхныхаа дууг сонсоод дуулгавартай дагаж, миний өнөөдөр өгч байгаа энэ бүх тушаалыг чандлан сахь.  Ехова Бурхан чинь амласан ёсоороо та нарыг ивээх учраас та нар олон үндэстэнд зээлдүүлнэ. Харин та нар тэднээс зээлэхгүй. Та нар олон үндэстнийг захирах ч тэд та нарыг захирахгүй.  Ехова Бурхны чинь өгч байгаа хотуудын аль нэгэнд ах дүүсийн чинь нэг нь ядуурвал хатуурхах юм уу гар татаж болохгүй.  Харин ч гар таталгүй өгөөмөр байж, дутагдсан гачигдсан юмыг нь боломжоороо зээлүүл.  Та нар: “Өр цуцлах долоо дахь жил ойртож байна даа” гэж хар санаа өвөрлөж ах дүүдээ харам сэтгэл гарган юу ч өгөхгүй байж болохгүй. Тэр хүн чиний талаар Еховад гомдол мэдүүлбэл чи нүгэлтэй болно. 10  Та нар түүнд дуртай дургүй биш, харин өгөөмрөөр өгөх ёстой. Ингэвэл Ехова Бурхан чинь та нарын бүх ажил үйлсийг ивээнэ. 11  Танай нутагт ядуу зүдүү хүмүүс үргэлж байх учраас би та нарт “Нутгийнхаа зовж зүдэрсэн ядуу зүдүү нэгнээсээ гар татаж болохгүй” гэж тушааж байна. 12  Чиний худалдаж авсан эрэгтэй юм уу эмэгтэй еврей ах дүү чинь чамд зургаан жил үйлчилсэн бол долоо дахь жилд нь чөлөөл. 13  Түүнийг чөлөөлөхдөө гар хоосон явуулж болохгүй. 14  Харин мал сүргээсээ, үтрэм дэхээсээ, шахуурган дахь тос, дарснаасаа өгөөмрөөр өг. Ехова Бурхан чинь чамайг ивээсэн шиг чи бас түүнд өгөгтүн. 15  Та нар Египетэд боол байснаа, мөн Ехова Бурхан чинь та нарыг чөлөөлснийг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд ингэж тушааж байгаа юм. 16  Харин боол чинь чамд болон гэрийнхэнд чинь хайртай, бас чамд үйлчлэх дуртай учраас “Би танайхаас явахгүй” гэж хэлбэл 17  түүнийг хаалга руу аваачаад чихийг нь шөвгөөр цоол. Тэгээд тэр хүн насан туршдаа чиний боол байна. Шивэгчний хувьд ч ялгаагүй. 18  Боол чинь зургаан жил чамд үйлчлэхдээ хөлсний ажилчнаас авч болохоос хоёр дахин илүү ашиг авч ирсэн учраас боолоо чөлөөлж явуулахдаа дурамжхан байж болохгүй. Ехова Бурхан чинь чамайг үргэлж ивээж байсан билээ. 19  Та нар үхэр, хонь, ямааныхаа ууган эр төл бүрийг Ехова Бурхандаа зориулж ариусга. Үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Хониныхоо ууган төлийн ноосыг хяргах ёсгүй. 20  Еховагийн сонгох газар жил бүр гэр хотлоороо тэдгээр малын махнаас Ехова Бурхныхаа өмнө идэж байгтун. 21  Сохор, доголон гээд өөр ямар ч согогтой малыг Ехова Бурхандаа тахил болгон өргөж болохгүй. 22  Бузартсан, цэвэр хүний аль аль нь зээр, бугын махнаас иддэг шигээ тэдгээрийн махнаас ч хотууддаа идэж болно. 23  Харин цусыг нь идэж болохгүй. Газарт ус шиг асгах ёстой.

Зүүлт

Эсвэл «авлагаа хойшлуул» гэсэн бололтой.