Дэд хууль 16:1–22

  • Дээгүүр өнгөрөх баяр, Исгээгүй талхны баяр (1-8)

  • Долоо хоногуудын баяр (9-12)

  • Саравчинд суух баяр (13-17)

  • Шүүгчдийг томилов (18-20)

  • Хориотой шүтээн (21, 22)

16  Абиб* сарыг чухалд үзэж, уг сард Дээгүүр өнгөрөх баярыг Ехова Бурхандаа зориулж тэмдэглэгтүн. Учир нь Ехова Бурхан чинь та нарыг Абиб сард Египетээс шөнөөр гаргасан.  Еховагийн нэрээ алдаршуулахаар сонгосон газар хонь, ямаа, үхрээсээ Ехова Бурхандаа зориулж Дээгүүр өнгөрөх баярын тахилыг өргөх ёстой.  Исгэсэн ямар ч юмыг тахилын махтай бүү ид. Харин долоон хоног зовлонгийн талх болох исгээгүй талх ид. Яагаад гэвэл та нар Египетээс яаравчлан гарсан билээ. Египетээс гарсан өдрөө насан туршдаа санаж явахын тулд ийнхүү үйлдэгтүн.  Долоон хоног нутагтаа ямар ч хөрөнгө бүү байлга. Эхний өдрийнх нь орой өргөх тахилын махыг маргааш өглөө нь болтол шөнөжин байлгаж болохгүй.  Дээгүүр өнгөрөх баярын тахилыг Ехова Бурхныхаа өгч байгаа хотуудын алинд нь ч хамаагүй өргөж болохгүй.  Харин Ехова Бурхныхаа нэрээ алдаршуулахаар сонгосон газар өргөх ёстой. Дээгүүр өнгөрөх баярын тахилаа Египетээс гарсан өдрөө, орой нь нар шингэмэгц өргөгтүн.  Та нар түүнийг Ехова Бурхныхаа сонгосон газар шарж ид. Өглөө нь тус тусынхаа майхан руу буцаж яв.  Зургаан өдөр исгээгүй талх идэх ёстой. Долоо дахь өдөр нь Еховад зориулсан ариун чуулгантай учраас ажил хийж болохгүй.  Та нар тарианд хадуур хүргэсэн цагаасаа долоон долоо хоногийг тоол. 10  Тэгээд Ехова Бурхандаа зориулж Долоо хоногуудын баярыг тэмдэглэн Ехова Бурхныхаа ивээсний хэрээр сайн дураараа өргөлүүдээ авчир. 11  Ехова Бурхныхаа нэрээ алдаршуулахаар сонгосон газар та нар хөвгүүд охид, зарц шивэгчидтэйгээ, мөн хотуудад чинь амьдран суудаг левичүүд, дунд чинь амьдран суудаг харийн оршин суугчид, эцэггүй* хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдтэй хамт Ехова Бурхныхаа өмнө баярлан баяс. 12  Та нар Египетэд боол байснаа санаж, эдгээр тушаалыг дагаж мөрдөгтүн. 13  Та нар үтрэмээсээ үр тариагаа, шахуургаасаа тос, дарсаа авч дуусаад Саравчинд суух баярыг* долоон хоног тэмдэглэ. 14  Баярын үеэр та нар хөвгүүд охид, зарц шивэгчидтэйгээ, мөн хотуудад чинь суудаг левичүүд, харийн оршин суугчид, эцэггүй хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдтэй баярлан баяс. 15  Ехова Бурхныхаа сонгосон газар Ехова Бурхандаа зориулж уг баярыг долоон хоног тэмдэглэ. Ехова Бурхан чинь та нарт арвин их ургац өгч, бүх ажил үйлсийг чинь ивээх бөгөөд та нар асар их баярлана. 16  Жилд гурван удаа буюу Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Саравчинд суух баяраар танай бүх эрчүүд Ехова Бурхныхаа өмнө очих ёстой. Еховагийн өмнө нэг нь ч гар хоосон очих ёсгүй. 17  Хүн бүр Ехова Бурхнаасаа хүртсэн ивээлийнхээ хэрээр бэлгүүдээ авч очигтун. 18  Та нар овог бүрийн төлөө, Ехова Бурхныхаа өгч байгаа бүх хотуудад шүүгчид, удирдагчдыг томил. Тэд ард олныг шударгаар шүүх ёстой. 19  Та нар шударга ёсыг гуйвуулж, нүүр тал харах юм уу хээл хахууль авч болохгүй. Яагаад гэвэл хээл хахууль мэргэдийн нүдийг сохолж, шударга хүний үгийг гуйвуулдаг. 20  Шударга ёсыг сахь. Тийм ээ, шударга ёсыг дээдэл. Тэгвэл та нар амьд мэнд байж, Ехова Бурхныхаа өгч байгаа нутгийг эзэмшин суух юм. 21  Ехова Бурхандаа зориулан босгох тахилын ширээнийхээ дэргэд ариун шон* болгох зорилгоор ямар ч мод бүү тарь. 22  Бас Ехова Бурхныхаа жигшдэг ариун баганыг өөртөө зориулан босгож болохгүй.

Зүүлт

Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Эсвэл «өнчин»
Бас «Майхан баяр» гэдэг.
«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.