Дэд хууль 19:1–21

  • Хүн алсан этгээд, хоргодох хотууд (1-13)

  • Зах хязгаарыг өөрчилж болохгүй (14)

  • Шүүх дэх гэрчүүд (15-21)

    • Хоёр юм уу гурван гэрчийн мэдүүлэг (15)

19  Та нарын Бурхан Ехова эдгээр үндэстнийг устгаад, Ехова Бурхан чинь газар нутгийг нь та нарт өгөхөд та нар эзэлж аваад хотууд, орон байрнуудад нь амьдран суухдаа  Ехова Бурхныхаа эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газар нутагт гурван хотыг тусгаарлагтун.  Ийнхүү Ехова Бурхныхаа та нарт эзэмшүүлэхээр өгч байгаа газар нутгийг гурав хувааж, хүн алсан этгээдийг тэдгээр хотын нэг рүү зугтаалгахын тулд зам гарга.  Хүн алсан этгээд дараах нөхцөлд тийшээ зугтаж амиа аварч болно. Урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн албал,  жишээлбэл, мод авчрахаар хүнтэй хамт ой руу ороод сүхээрээ мод цавчих гээд далайтал сүхнийх нь толгой мултран нөгөө хүнийг нь онож, тэр хүн үхвэл хүн алсан этгээд амиа аврахын тулд тэдгээр хотын нэг рүү зугтах ёстой.  Хүн алсан этгээд урьдаас өс хонзон санаагүй учраас алуулах ёсгүй юм. Хэрэв хот хэтэрхий хол байвал цусан өшөө авагч нь араас нь хөөж гүйцээд уурлан хорссондоо алчхаж мэднэ.  Тиймээс би та нарт “Гурван хотыг тусгаарла” гэж тушааж байна.  Ехова Бурхан чинь танай эцэг өвгөдөд амласнаараа газар нутгийг чинь тэлж, эцэг өвгөдөд чинь өгнө гэж амласан бүх газар нутгаа та нарт өгнө.  Хэрэв та нар өнөөдөр миний өгч байгаа эдгээр бүх тушаалыг үнэнчээр сахивал тэрбээр өгнө. Өөрөөр хэлбэл, та нар Ехова Бурхнаа хайрлаж, заасан замаар нь үргэлж явах ёстой гэсэн үг. Илүү өргөн уудам газар нутагтай болохоороо дахиад гурван хотыг хоргодох хот болгоорой. 10  Ийнхүү Ехова Бурхны чинь өв болгон өгч байгаа газар нутагт буруугүй хүн алуулахгүй бөгөөд та нар хүн алсан буруутайд тооцогдохгүй. 11  Нэг нь нөгөөгөө үзэн ядаж, отож байгаад дайран хүнд шархдуулахад нөгөөх нь үхэж, харин өөрөө тэдгээр хотын аль нэг рүү зугтаж очвол 12  тэр хүний амьдарч байсан хотынх нь ахлагчид түүнийг тэндээс дуудаж авчруулаад цусан өшөө авагчийнх нь гарт тушааж алуулах ёстой. 13  Та нар түүнийг бүү өрөвд. Гэмгүй хүний аминд хүрсэн гэм бурууг Израйлаас зайлуулах ёстой. Тэгж байж та нар сайн сайхан амьдарна. 14  Та нар Ехова Бурхныхаа эзэмшүүлэхээр өгч байгаа газар нутагт өвөө авахаараа эцэг өвгөдийнхөө тогтоосон, хөршийнхөө эзэмшлийн зах хязгаарыг өөрчилж болохгүй. 15  Хүнийг алдаа гаргасан юм уу нүгэл үйлдсэн эсэхийг ганцхан гэрчийн мэдүүлгээр тогтоож болохгүй. Харин хоёр юм уу гурван гэрчийн мэдүүлгээр тогтоох ёстой. 16  Хэн нэг хүн хорон санаа өвөрлөн өөр хүний эсрэг мэдүүлэг өгч, хэрэг үйлдсэн хэмээн буруутгавал 17  маргаантай талууд хоёулаа Еховагийн оршихуйд тухайн үеийн тахилчид, шүүгчдийн өмнө зогсоно. 18  Шүүгчид сайтар шалгаж үзэхэд мэдүүлэг өгсөн хүн нь хуурамч гэрч байгаад ах дүүгээ гүтгэсэн нь тогтоогдвол 19  ах дүүгийнхээ эсрэг төлөвлөсөн зүйлийг нь өөрт нь үйлдэгтүн. Та нар бузар мууг дундаасаа ийнхүү арилга. 20  Бусад хүн үүнийг сонсоод айн эмээж, та нарын дунд хэзээ ч тийм муухай юм хийхгүй. 21  Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр төлөх ёстой тул тийм хүнийг бүү өрөвд.

Зүүлт