Дэд хууль 2:1–37

  • Цөлөөр 38 жил тэнүүчлэв (1-23)

  • Хешбоны хаан Сихоныг ялав (24-37)

2  Дараа нь Еховагийн надад хэлснээр бид эргэж, Улаан тэнгисийн замаар цөл рүү хөдлөн Сеир уулын эргэн тойронд олон хоног тэнүүчилж явсан.  Тэгээд Ехова надад  “Та нар энэ уулын эргэн тойронд их удаан тэнүүчилж явлаа. Одоо хойд зүг рүү эргэ.  Чи ард түмэнд ингэж тушаа. «Та нар Сеирт суугаа Есавын үр удам болох ах дүү нарынхаа нутгийн хилийн дагуу явна. Тэд та нараас айна. Та нар тун болгоомжтой яваарай.  Тэдэнд битгий дайсагна*. Яагаад гэвэл би Есавт Сеир уулыг эзэмшил болгож өгсөн учраас та нарт нутгаас нь өгөхгүй. Хөлийн улын чинээ газар ч өгөхгүй.  Та нар идэх хоол, уух усныхаа мөнгийг төлөх ёстой.  Учир нь Ехова Бурхан чинь та нарын хийсэн бүхнийг ивээсэн. Энэ их цөлийг хэрхэн туулсныг чинь тэрбээр сайн мэднэ. Энэ 40 жил Ехова Бурхан чинь та нартай хамт байж, юугаар ч дутаагаагүй» гэж хэл” хэмээн айлдсан.  Тиймээс бид Арабагийн зам, Елат, Езион-геберээс холуур явж Сеирт суудаг Есавын үр сад болох ах дүүгийнхээ хажуугаар өнгөрсөн. Дараа нь бид эргэж Моабын цөлийн замаар явсан билээ.  Ехова тэгээд надад “Моабчуудад дайсагнаж тэдэнтэй тулалдаж болохгүй. Яагаад гэвэл би Арыг Лотын үр удамд эзэмшил болгон өгсөн учраас та нарт газар нутгаас нь өгөхгүй. 10  (Урьд нь тэнд емимчүүд хэмээх асар олон, хүчирхэг, анакчууд шиг өндөр хүмүүс амьдарч байжээ. 11  Рефаимчууд бас анакчууд шиг харагддаг байсан бөгөөд моабчууд тэднийг емимчүүд гэдэг байв. 12  Өмнө нь бас хоричууд Сеирт нутагладаг байсан боловч тэднийг Есавын үр сад үлдэн хөөж, бут цохин устгаад газар нутагт нь амьдран суусан. Энэ нь израйлчууд Еховагийн өгөх газар нутгийг эзлэн авахтай адил үйл явдал байсан юм. ) 13  Одоо явж Зередийн хөндийг* дайран өнгөр” гэж айлдсан. Тэгэхээр нь бид тэр хөндийг дайран өнгөрсөн. 14  Биднийг Кадеш-барнеагаас хөдөлж, Зередийн хөндийг* дайран өнгөртөл 38 жил өнгөрч, тэр хооронд, Еховагийн андгайлснаар тухайн үеийн ард түмний дундах цэргийн насны эрчүүд бүгд үхэж үрэгдсэн юм. 15  Еховагийн мутар тэдний эсрэг байж нэгийг нь ч үлдээлгүй устгасан билээ. 16  Цэргийн насны тэр эрчүүдийг ард олны дундаас устаж үгүй болмогц 17  Ехова надад 18  “Та нар өнөөдөр Моабын хил Арыг давна. 19  Та нар аммончуудын ойрхон очихоороо тэдэн рүү дайрах юм уу өдөөн турхирч болохгүй. Би аммончуудын нутгийг Лотын үр удамд эзэмшил болгон өгсөн учраас тэр нутгаас та нарт өгөхгүй. 20  Энэ нутаг ч бас өмнө нь рефаимчуудынх гэгддэг байсан. (Рефаимчууд урьд нь тэнд амьдарч байсан бөгөөд аммончууд тэднийг Замзуммим гэж нэрлэдэг байсан. 21  Тэд хүчирхэг, асар олуулаа бөгөөд анакчууд шиг өндөр хүмүүс байв. Гэсэн хэдий ч тэднийг ялахад нь Ехова аммончуудад тусалсан юм. Тиймээс аммончууд тэднийг хөөн зайлуулж нутагт нь суурьшжээ. 22  Тэрбээр бас Сеирт одоо суудаг Есавын үр удамд хоричуудыг ялахад нь ийнхүү тусалж байсан юм. Тиймээс Есавын үр удам тэднийг хөөн зайлуулаад нутагт нь одоог хүртэл амьдран сууж байна. 23  Аввимчуудын хувьд Газ хүртэлх тосгодод оршин сууж байсан бөгөөд тэднийг Кафтороос* ирсэн кафторчууд устгаж, газар нутагт нь суурьшсан юм.) 24  Явж Арноны хөндийг* дайран өнгөр. Би Хешбоны хаан, амори хүн Сихоныг ялахад чинь та нарт тусална. Түүнтэй тулалдаж, газар нутгийг нь эзэлж ав. 25  Та нарын тухай сонсох тэнгэрийн доорх бүх хүнийг өнөөдрөөс эхлээд би айдас хүйдэст автуулна. Тэд та нараас болж айж түгшиж, дагжиж чичирнэ” гэж айлдсан. 26  Тэгээд би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихон руу эвийг эрхэмлэн хэл хүргүүлж 27  “Танай нутгаар дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч. Би баруун тийшээ ч, зүүн тийшээ ч хазайхгүй, замаараа л явна. 28  Идэх хоол, уух усаа та нараас худалдаж авъя. Газар нутгаар тань явган явж өнгөрөхийг л зөвшөөрнө үү. 29  Сеирт суудаг Есавын үр сад, Арт суудаг моабчууд надад тэгж тус хүргэсэн. Та Ехова Бурхны маань бидэнд өгч байгаа нутаг руу намайг Иорданыг гаталж очтол нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрөөч” гэж хэлүүлсэн билээ. 30  Гэхдээ Хешбоны хаан Сихон биднийг дамжин өнгөрүүлээгүй. Яагаад гэвэл Ехова Бурхан чинь түүнийг зөрүүд муйхар, хатуу сэтгэлтэй хэвээр нь орхисон. Энэ нь Сихоныг та нарын эрхшээлд оруулах гэснийх байсан юм. Үнэхээр ч тэр ёсоор болсон. 31  Дараа нь Ехова надад “Би Сихоныг газар нутагтай нь та нарт аль хэдийн өгсөн. Газар нутгийг нь эзэлж ав” гэсэн. 32  Сихоныг бүх цэрэгтэйгээ Иахазад бидэнтэй тулалдахаар ирэхэд нь 33  Ехова Бурхан маань түүнийг бидэнд тушааж бид түүнийг хөвгүүд, бүх цэрэгтэй нь бут цохисон билээ. 34  Бүх хотыг нь эзэлж эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй нь устгасан. Нэг ч хүн үлдээгээгүй. 35  Эзлэн авсан хотуудаасаа зөвхөн мал сүрэг, эд юмсыг нь л авсан. 36  Арноны хөндийн* захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй нэг ч хот байгаагүй. Ехова Бурхан бүгдийг нь бидний эрхшээлд оруулсан. 37  Харин бид аммончуудын нутаг, Иаббокийн хөндий*, тэр хавийн уулархаг нутгийн хотууд гээд Ехова Бурхныхаа хориглосон ямар ч газар луу дөхөж очоогүй.

Зүүлт

Эсвэл «Тэднийг бүү өдөөн турхир»
Эсвэл «сайрыг»
Эсвэл «сайрыг»
Бас Крит гэдэг.
Эсвэл «сайрыг»
Эсвэл «сайрын»
Эсвэл «сайр»