Дэд хууль 21:1–23
21 Ехова Бурхны чинь эзэмшүүлэхээр өгч байгаа газар нутагт хэнд алуулсан нь тодорхойгүй үхсэн хүн хээрээс олдвол
2 танай ахлагчид, шүүгчид гарч ирээд цогцсоос эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмжих ёстой.
3 Тэгээд цогцсоос хамгийн ойрхон хотын ахлагчид нь буулганд огт оруулаагүй, ажилд зүтгүүлж байгаагүй залуу үнээг үхэр сүргээс авна.
4 Тэгээд тэр ахлагчид залуу үнээг урсгал устай, хагалаагүй, тариалаагүй хөндий* рүү хөтөлж аваачаад хүзүүг нь хугална.
5 Левичүүд болох тахилчид бас очно. Учир нь Ехова Бурхан чинь тэднийг өөртөө үйлчлүүлж, Еховагийн нэрээр ерөөл хэлүүлж байхаар сонгосон юм. Тэд хүчирхийлэлтэй холбоотой аливаа хэрэг маргааныг яаж шийдэхийг хэлж өгнө.
6 Дараа нь цогцост хамгийн ойрхон хотын бүх ахлагч хөндийд хүзүүг нь хугалсан залуу үнээний дээр гараа угаагаад
7 “Бид тэр хүнийг алаагүй, алуулахыг нь ч хараагүй.
8 Ехова минь ээ, та өөрийнхөө аварсан ард түмэн болох израйлчууддаа энэ хэргийн бурууг бүү тохооч. Гэмгүй хүнийг хөнөөсөн гэм бурууг ард түмнээсээ зайлуулаач” гэж хэлэх ёстой. Тэгснээр тэд гэмгүй хүнийг хөнөөсөн гэм бурууг үүрэхгүй.
9 Ийнхүү та нар Еховагийн зөв гэж үздэг зүйлийг хийж, гэмгүй хүнийг хөнөөсөн бурууг дундаасаа арилга.
10 Та нарыг дайснуудтайгаа тулалдахаар явахад Ехова Бурхан чинь та нарт ялалтыг өгч, та нар тэднийг олзолно.
11 Чи олзны хүмүүсийнхээ дундаас үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харан түүнд татагдаж эхнэрээ болгон авахыг хүсвэл
12 гэртээ аваачиж болно. Тэр эмэгтэй үсээ хусаж, хумсаа арчилж,
13 олзлогдохдоо өмссөн хувцсаа сольж, гэрт чинь амьдрах ёстой. Тэр эмэгтэйг эцэг эхийнхээ хойноос нэг сар гашуудсаны дараа түүнтэй унтаж болно. Чи түүний нөхөр болж, тэр чиний эхнэр болно.
14 Хэрэв тэр эмэгтэй таалагдахгүй бол хүссэн газар луу нь явуул. Чи түүнийг доромжилсон учраас мөнгөөр зарах юм уу хатуу ширүүн хандаж болохгүй.
15 Хоёр эхнэртэй хүн нэгэнд нь нөгөөгөөс нь илүү хайртай байгаад хоёр эхнэр нь хөвгүүд төрүүлж өгөхөд ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан бол
16 хөвгүүддээ өв хөрөнгө өвлүүлэх өдрөө хайртай эхнэрийнхээ хүүг хайргүй эхнэрийнхээ хүү болох ууган хүүгийнхээ өмнүүр оруулж болохгүй.
17 Хайргүй эхнэрийнхээ ууган хүүг хүлээн зөвшөөрч, бусад хөвгүүддээ хүртээснээсээ хоёр дахин илүү өмч хөрөнгийг өгөх ёстой. Яагаад гэвэл тэр бол чиний эр чадлын охь бөгөөд ууган хүүгийн эрх түүнийх билээ.
18 Хэрэв хүн гөжүүд, тэрслүү хүүтэй байгаад хүү нь эцэг эхийнхээ үгэнд орохгүй байвал, мөн засаж залруулах гэхэд нь ч сонсохгүй бол
19 эцэг эх нь түүнийг барьж аваад хотынхоо дааман хаалганы дэргэд ахлагчид дээр авч очих ёстой.
20 Тэгээд хотын ахлагчдад “Манай энэ хүү гөжүүд, тэрслүү, бид хоёрын үгэнд ордоггүй юм. Бас ховдог, архичин” гэж хэлнэ.
21 Тэгэхэд нь хотын эрчүүд бүгдээрээ түүн рүү чулуу шидэж алах ёстой. Та нар муу муухай явдлыг ингэж дундаасаа арилга. Израйлчууд тэр тухай сонсоод айж эмээнэ.
22 Үхвэл зохих нүгэл үйлдсэн хүнийг хөнөөж, шонд өлгөх ёстой.
23 Харин цогцсыг нь шон дээр шөнөжин байлгаж болохгүй. Заавал тэр өдөрт нь булшил! Шонд өлгөгдсөн хэн боловч Бурхнаар хараагдсан гэсэн үг. Хэрэв тэр өдөр нь булшлахгүй бол Ехова Бурхны чинь та нарт өв болгон өгч байгаа газар нутаг бузартана.
Зүүлт
^ Эсвэл «сайр»