Дэд хууль 23:1–25

  • Бурхны хуралд орж болохгүй хүмүүс (1-8)

  • Хуаранг цэвэр ариун байлгах (9-14)

  • Зугтаж ирсэн боол (15, 16)

  • Янхан болж болохгүй (17, 18)

  • Хүү нэхэх, тангараг өргөх (19-23)

  • Хүний талбайгаас идэж болох зүйлс (24, 25)

23  Төмсгөө няцлуулсан юм уу бэлэг эрхтнээ огтлуулсан хэн боловч Еховагийн хуралд орох ёсгүй*.  Хууль ёсны гэрлэлтээс гадуур төрсөн хэн ч Еховагийн хуралд орж болохгүй. Үр удам нь, тэр байтугай арав дахь үеийнхэн нь ч Еховагийн хуралд орох ёсгүй.  Аммончууд, моабчуудаас хэн нь ч Еховагийн хуралд орж болохгүй. Тэдний үр удам нь, бүр арав дахь үеийнхэн нь ч Еховагийн хуралд орох ёсгүй.  Яагаад гэвэл тэд та нарыг Египетээс гараад явж байх замд хоол унд өгөөгүй. Бас та нарыг хараалгахаар Месопотамийн Петороос Беорын хүү Балаамыг хөлсөлсөн.  Гэхдээ Ехова Бурхан чинь Балаамын гуйлтыг сонсоогүй. Та нарын Бурхан Ехова та нарт хайртай учраас та нарыг хараах гэж байхад нь Ехова Бурхан чинь түүгээр та нарыг ерөөлгөсөн.  Та нар амьд явах бүхий л хугацаандаа тэдний сайн сайхан болон ашиг тусын төлөө юу ч битгий хий.  Едомчууд танай ах дүү учраас тэднийг үзэн ядаж болохгүй. Та нар Египетийн нутагт харийн оршин суугчид байсан учраас египетчүүдийг үзэн ядах учиргүй.  Тэдний гурав дахь үеийнхэн нь Еховагийн хуралд орж болно.  Та нар дайснуудтайгаа тулалдахаар хуарагнахдаа бузартахаас сэргийл. 10  Хэрэв эрэгтэй хүн нойрон дундаа дур тавиад бузартсан бол хуарангаас гараад буцаж орох ёсгүй. 11  Харин орой болоход усанд ороод нар жаргасны дараа хуаранд орж болно. 12  Та нар хуарангийн гадна бие засах газар гаргаад тэндээ бие засаж бай. 13  Багажнуудын чинь дунд газар ухах хэрэгсэл байх ёстой. Бие засахдаа түүгээрээ нүх ухаад ялгадсаа бул. 14  Ехова Бурхан чинь та нарыг аврахаар, дайснуудыг чинь та нарын эрхшээлд оруулахаар дунд чинь явах учраас хуаран чинь ариун байх ёстой. Эс бөгөөс тэрбээр та нарын дундаас ямар нэг зохисгүй зүйлийг олж хараад нүүр буруулна. 15  Эзнээсээ зугтааж чам дээр ирсэн боолыг эзэнд нь бүү буцааж өг. 16  Тэрбээр та нарын дунд аль дуртай хотоо сонгоод хүссэн газартаа амьдарч болно. Түүнтэй зүй бус харьцаж болохгүй. 17  Израйлын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс хэн нь ч сүмийн янхан болж болохгүй. 18  Янхан эмэгтэй ч бай, янхан эрэгтэй ч бай янхны хөлсөө тангаргынхаа төлөө Ехова Бурхныхаа өргөөнд өгч болохгүй. Учир нь тэд Ехова Бурхныхаа хувьд жигшүүртэй юм. 19  Та нар ах дүүдээ мөнгө, хоол хүнс гээд юу ч зээлдүүлсэн хүү нэхэж болохгүй. 20  Харин харийн хүнээс хүү нэхэж болно, ах дүүгээсээ нэхэж болохгүй. Тэгвэл Ехова Бурхан чинь та нарын эзэмшихээр очиж байгаа газар нутагт бүх ажил үйлсийг чинь ивээнэ. 21  Та нар Ехова Бурхандаа тангараг өргөсөн бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Яагаад гэвэл Ехова Бурхан чинь заавал биелүүлэхийг шаардана. Биелүүлэхгүй бол та нар нүгэлтэй болно. 22  Хэрэв тангараглаагүй бол нүгэлгүй байх сан. 23  Та нар хэлсэн үгэндээ хүр. Та нарын тангараг Еховад зориулсан сайн дурын өргөлтэй адил юм. Тиймээс амаараа юуг тангараглана, түүнийгээ биелүүл. 24  Чи хөршийнхөө усан үзмийн талбайд ороод ханаж цадталаа идэж болох ч савандаа нэгийг ч хийж болохгүй. 25  Та нар хөршийнхөө тариан талбайд ороод тариан түрүүнээс гараараа шувтраад идэж болох ч хадаж авч болохгүй.

Зүүлт

Энэ хүмүүс израйлчуудын эдэлдэг бүх эрх, завшааныг эдэлдэггүй байсан байж болох юм.