Дэд хууль 24:1–22

  • Гэрлэлт ба салалт (1-5)

  • Бусдыг хүндлэх (6-9)

  • Ядуусыг бодох (10-18)

  • Ургацынхаа үлдэгдлийг түүхгүй байх (19-22)

24  Эр хүн эхнэр авсан ч эхнэртээ гутамшигтай зүйл байгааг олж мэдэн, цаашид эхнэр нь таалагдахаа боливол салсныг гэрчилсэн бичиг хийж гарт нь атгуулаад гэрээсээ явуулах ёстой.  Тэр эмэгтэй гэрээс нь явж өөр хүний эхнэр болж болно.  Хэрэв хоёр дахь нөхөр нь түүнийг жигшиж, салсныг гэрчлэх бичиг хийж гарт нь атгуулаад гэрээсээ явуулбал эсвэл хоёр дахь нөхөр нь нас барвал  тэр эмэгтэйг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Учир нь тэр эмэгтэй түүний хувьд бузар юм. Ийм гэрлэлтийг Ехова жигшдэг. Та нар Ехова Бурхныхаа өв болгон өгч байгаа газар нутаг дээр ийм нүгэл үйлдэж болохгүй.  Дөнгөж гэрлэсэн эрэгтэй цэрэгт явах юм уу өөр ямар нэгэн үүрэг даалгавар хүлээх ёсгүй. Нэг жил гэртээ байж эхнэртээ баяр хөөр бэлэглэх ёстой.  Хэн нэг хүний гар тээрэм юм уу тээрмийн дээд талынх нь чулууг зээлийн барьцаа болгож авч болохгүй. Яагаад гэвэл тэр нь амьжиргаагаа залгуулах хэрэгсэл нь юм.  Хэн нэгэн хүн израйл ах дүүгийнхээ нэгийг барьцаалж, зүй бус харьцан, түүнийг зарвал барьцаалагчийг хөнөөх ёстой. Та нар ингэж муу муухай явдлыг дундаасаа арилга.  Уяман* өвчин гарвал леви тахилчдын та нарт өгөх бүх зааврыг чандлан сахиарай. Миний тэдэнд тушаасныг ёсчлон биелүүлэгтүн.  Та нарыг Египетээс гараад явж байх замд Ехова Бурхан чинь Мириамыг яасныг сана. 10  Хөршдөө юу ч зээлүүлсэн бай барьцаанд өгөх юмыг нь авахаар гэр лүү нь орж болохгүй. 11  Харин гадаа нь зогсох ёстой. Зээл авсан хүн барьцаанд өгөх юмаа гэрээсээ гаргаж ирнэ. 12  Хэрэв зээлдэгч чинь ядуу бол барьцаанд өгсөн юмыг нь гэртээ хонуулж болохгүй. 13  Чи барьцаанд авсан юмаа нар жаргамагц заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн түүнийгээ нөмөрч унтаад чамайг ерөөнө. Ехова Бурхан чинь чамайг сайн үйл хийсэн гэж үзнэ. 14  Чи гачигдаж дутагдсан ядуу зүдүү хөлсний ажилчнаа ах дүү чинь ч байсан, танай нутагт хотод чинь суудаг харийн хүн ч байсан бүү залилж мэхэл. 15  Цалинг нь өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Яагаад гэвэл тэр ядуу, бас цалингаараа амиа зогоодог. Цалинг нь өгөхгүй бол тэр хүн чиний талаар Еховад гомдол мэдүүлэн хашхирч, чи нүгэлтэй болно. 16  Хүүхдийнх нь хийсэн юмнаас болж эцгийг нь, эцгийнх нь хийсэн юмнаас болж хүүхдийг нь хөнөөх ёсгүй. Хүн өөрийнхөө үйлдсэн нүглээс болж л цаазлуулбал зохино. 17  Харийн хүн юм уу эцэггүй* хүүхдийг шударга бусаар бүү шүү. Бэлэвсэн эмэгтэйгээс зээлийнх нь барьцаанд хувцсыг нь авч болохгүй. 18  Та нар Египетэд боол байснаа, мөн Ехова Бурхан чинь та нарыг чөлөөлснийг санаж явах ёстой. Тийм учраас би та нарт ийм тушаал өгч байгаа юм. 19  Та нар талбайнхаа ургацыг хураахдаа багцалсан ургацаасаа мартчихвал буцаж очиж авч болохгүй. Харийн хүн, эцэггүй хүүхэд, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. Тэгвэл Ехова Бурхан чинь та нарын бүх ажил үйлсийг ивээнэ. 20  Та нар чидуны мөчрийг цохиж жимсийг нь хураахдаа дахин цохиж болохгүй. Үлдсэн нь харийн хүн, эцэггүй хүүхэд, бэлэвсэн эмэгтэйнх болно. 21  Усан үзмийн талбайгаасаа усан үзэм хураахдаа үлдэгдлийг нь түүхээр битгий буцаж яв. Харийн хүн, эцэггүй хүүхэд, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. 22  Та нар Египетэд боол байснаа санаж явах ёстой. Тийм учраас би та нарт ийм тушаал өгч байгаа юм.

Зүүлт

«Уяман» гэж орчуулсан еврей үг нь өргөн утгатай бөгөөд арьсны янз бүрийн халдварт өвчнийг илэрхийлэх нь бий. Бас хувцас, байшин дээр уямангийн халдвар илэрдэг.
Эсвэл «өнчин»