Дэд хууль 25:1–19

  • Жанчих тухай (1-3)

  • «Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү зүү» (4)

  • Ах дүүгийнхээ бэлэвсэн эхнэртэй гэрлэх (5-10)

  • Зодолдож байх үеийн ичгүүргүй хэрэг (11, 12)

  • Зөв туухай, хэмжүүр (13-16)

  • Амалекчуудыг устгах (17-19)

25  Хоёр хүн хоорондоо маргалдвал тэд шүүгчид дээр очих ёстой. Шүүгчид тэднийг шүүж, үнэнч шударгыг нь гэм буруугүй, хорон санаатайг нь буруутай гэж зарлана.  Хэрэв хорон санаатай тэр хүн жанчуулах юм хийсэн бол шүүгч өөрийнхөө өмнө доош нь харуулж хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хэрээр жанчуулна.  Дээд тал нь 40 жанчиж болох ч илүү жанчиж болохгүй. Түүнээс илүү жанчвал ах дүү чинь та нарын өмнө гутамшиг болно.  Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү зүү.  Ах дүүс ойрхон амьдарч байгаад нэг нь хөвгүүнгүй нас барвал бэлэвсэрсэн эхнэр нь нөхрийнхөө гэрийнхнээс өөр гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Нөхрийнх нь ах дүү түүн дээр очоод нөхрийн ах дүүгийн үүргээ биелүүлж түүнийг эхнэрээ болгон авах ёстой.  Талийгаачийн нэрийг тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү авч явна. Ийнхүү талийгаачийн нэр израйлчуудын дундаас арчигдахгүй юм.  Талийгаачийн ах дүү нь бэлэвсэрсэн эхнэртэй нь гэрлэхгүй гэвэл бэлэвсэн эмэгтэй хотын дааман хаалганы дэргэд ахлагчид дээр очоод “Миний нөхрийн ах дүү Израйлд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзсан. Нөхрийн ах дүүгийн үүргээ биелүүлэхгүй, надтай гэрлэхгүй байна” гэж хэлэх ёстой.  Хотын ахлагчид тэр эрэгтэйг дуудаж ярилцана. Тэгэхэд тэрбээр: “Тэр эмэгтэйтэй гэрлэхгүй” гэж шийдэмгий хэлбэл  ах дүүгийнх нь бэлэвсэн эхнэр ахлагчдын өмнө түүн рүү дөхөж очоод шаахайг нь мулталж, нүүр лүү нь нулиман “Ах дүүгийнхээ гал голомтыг сэргээдэггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлэх ёстой. 10  Ингээд тэднийх Израйлд “Шаахайгаа мултлуулсан хүний гэрийнхэн” гэгдэх болно. 11  Хоёр эрэгтэйг зодолдож байхад нэгнийх нь эхнэр нөхрөө хамгаалах гээд дундуур нь орж, нөхрийг нь зодож байсан хүний бэлэг эрхтнээс бариад авчихвал 12  тэр эмэгтэйн гарыг тасдаж хая. Өрөвдөж болохгүй. 13  Та нар уутандаа том жижиг, хэмжээ нь зөрүүтэй туухайтай байж болохгүй. 14  Бас гэртээ том жижиг, хэмжээ нь зөрүүтэй хэмжих сав байлгаж болохгүй. 15  Та нар бүрэн бүтэн, зөв туухай, хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл Ехова Бурхныхаа өгч байгаа нутагт урт удаан амьдарна. 16  Шударга бус юм хийдэг хүмүүсийг Ехова Бурхан чинь жигшдэг. 17  Та нарыг Египетээс гараад явж байхад амалекчууд яасныг сана. 18  Тэд та нарыг ядарч зүдэрч, тамир тэнхээ алдаж явахад ард чинь хоцорч явсан хүмүүс рүү дайрсан. Тэд Бурхнаас эмээгээгүй. 19  Ехова Бурхны чинь та нарт эзэмшүүлэхээр өв болгон өгч байгаа нутагт та нарын Бурхан Ехова бүх дайснаас чинь ангижруулж амраах цагт та нар амалекчуудыг тэнгэрийн дор дурсагдах юмгүй болтол нь арчиж хая. Үүнийг бүү март!

Зүүлт