Дэд хууль 26:1–19

  • Ургацынхаа дээжийг өргөх (1-11)

  • Өөр зориулалттай аравны нэг (12-15)

  • Израйл бол Еховагийн тусгай эзэмшил (16-19)

26  Та нар Ехова Бурхныхаа өв болгон өгч байгаа газар нутаг руу орж, эзэмшин суухдаа  Ехова Бурхныхаа өгч байгаа газраас хураах бүх ургацынхаа дээжээс авч сагсанд хийгээд Ехова Бурхныхаа нэрээ алдаршуулахаар сонгосон газар луу яв.  Та нар тухайн үеийнхээ тахилч дээр очоод “Еховагийн бидэнд өгнө гэж эцэг өвгөдөд маань тангарагласан нутагт хүрч ирснээ би өнөөдөр Ехова Бурхандаа мэдэгдэж байна” гэж хэлэх ёстой.  Тахилч гараас чинь сагсыг аваад Ехова Бурхны чинь тахилын ширээний өмнө тавина.  Тэгээд та нар Ехова Бурхныхаа өмнө “Миний өвөг эцэг хэрэн хэсэж явдаг* арам хүн байсан. Тэрбээр гэрийнхэнтэйгээ цөөхүүлээ Египетэд очиж суурьшаад олон хүнтэй, агуу, хүчирхэг үндэстэн болсон.  Гэхдээ египетчүүд бидэнтэй зүй бус харьцаж, дарлан зовоож, хүнд хүчир ажлаар нухчин дарсан.  Тиймээс бид эцэг өвгөдийнхөө Бурхан Ехова тан руу хашхирахад Ехова та дууг маань сонсоод биднийг зовж шаналж, дарлуулж байгааг харсан билээ.  Тэгээд Ехова та айдас төрүүлэм зүйлс хийж, тэмдэг гайхамшиг үзүүлж, хүчит гар, сунгасан мутраараа биднийг Египетээс гаргаад  ийшээ авчирч сүү балаар бялхсан энэ нутгийг өгсөн. 10  Би Ехова таны өгсөн газраас хураасан ургацынхаа дээжийг авчирлаа” гэж хэлэгтүн. Түүнийгээ Ехова Бурхныхаа өмнө тавиад Ехова Бурхныхаа өмнө мөргөх ёстой. 11  Дараа нь Ехова Бурхныхаа та нарт болон гэрийнхэнд чинь өгсөн сайн сайхан бүхний төлөө дунд чинь суудаг левичүүд, харийн оршин суугчидтай хамт баярлан баяс. 12  Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд та нар бүх ургацынхаа аравны нэгийг тусад нь тавьж, түүнийгээ левичүүд, харийн оршин суугчид, эцэггүй* хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдэд өг. Тэд хотуудад чинь цадталаа иднэ. 13  Тэгээд та нар Ехова Бурхныхаа өмнө “Би гэртээ байсан ариун хувийг таны тушааснаар левичүүд, харийн оршин суугчид, эцэггүй хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдэд өгсөн. Би таны тушаалуудыг зөрчих юм уу үл тоомсорлоогүй. 14  Би гашуудаж байхдаа ч түүнээс идээгүй, бузартсан байхдаа ч гар хүрээгүй, үхсэн хүний төлөө ч өгөөгүй. Ехова Бурхан минь ээ, би таны үгийг дагаж, бүх тушаалыг тань биелүүлсэн. 15  Та ариун орших газар болох тэнгэрээсээ харж, эцэг өвгөдөд маань тангарагласнаараа ард түмэн израйлчуудаа, бас бидэнд өгсөн сүү балаар бялхсан нутгаа ивээгээч” гэж хэлэгтүн. 16  Өнөөдөр Ехова Бурхан чинь та нараар сахиулахаар эдгээр хууль тушаал, шийдвэрийг өгч байна. Та нар тэдгээрийг сахихдаа бүхий л зүрх сэтгэл, амь амьдралаа зориулагтун. 17  Ехова та нарыг заасан замаар нь явж, хууль, тушаал, шийдвэрүүдийг нь даган мөрдөж, үгийг нь дуулгавартай дагаж байгаа цагт та нарын Бурхан байна гэдгээ өнөөдөр мэдэгдэж байна. 18  Та нар ч Еховагийн тусгай* өмч, ард түмэн нь болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс та нар түүний амласнаар ард түмэн нь болж, бүх хууль тушаалыг нь дуулгавартай дагах юм. 19  Та нар Еховагийн ариун ард түмэн гэдгээ баталсаар байвал тэрбээр амласан ёсоороо та нарыг өөрийнхөө бий болгосон бусад үндэстнээс дээгүүр өргөмжилж, магтаал сайшаал, нэр сүр, алдар хүндийг хүртсэн үндэстэн болгоно» гэжээ.

Зүүлт

Эсвэл «амь нас нь үхлийн ирмэг дээр байсан» гэсэн бололтой.
Эсвэл «өнчин»
Эсвэл «эрхэм нандин»