Дэд хууль 27:1–26

  • Хуулийг чулуунууд дээр бичих (1-10)

  • Ебал, Геризим уулан дээр (11-14)

  • Хараалыг чангаар хэлэх (15-26)

27  Тэгээд Мосе Израйлын ахлагчдын хамтаар ард олонд тушаан «Миний өнөөдөр та нарт өгч байгаа бүх тушаалыг сахигтун.  Та нар Ехова Бурхныхаа өгч байгаа газар нутаг руу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож шавард*.  Та нар Иорданыг гаталсныхаа дараа энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бичигтүн. Тэгвэл эцэг өвгөдийнхөө Бурхан Еховагийн амласан ёсоор, Ехова Бурхныхаа өгч байгаа сүү балаар бялхсан нутаг руу орох юм.  Та нар Иорданыг гатлаад миний өнөөдөр та нарт тушааснаар чулуунуудаа Ебал уулан дээр босгоод шавард*.  Бас тэнд Ехова Бурхандаа зориулж чулуунуудаар тахилын ширээ босго. Та нар чулуунуудаа төмөр багажаар засаж болохгүй.  Ехова Бурхандаа зориулж хагарч цуураагүй чулуугаар тахилын ширээ босгож дээр нь Ехова Бурхандаа шатаалт тахилууд өргө.  Та нар тэнд эвийн тахилууд өргөж түүнээсээ идээд Ехова Бурхныхаа өмнө баярлан баяс.  Тэр чулуунууд дээрээ энэ хуулийн бүх үгийг гаргацтай бичээрэй» гэв.  Дараа нь Мосе болон леви тахилчид израйлчуудад «Израйл аа, чимээгүй сонсоцгоо! Та нар өнөөдөр Ехова Бурхныхаа ард түмэн боллоо. 10  Та нар Ехова Бурхныхаа дуу хоолойг сонсож, миний өнөөдөр өгч байгаа түүний бүх тушаал, зарлигийг сахих ёстой» гэжээ. 11  Тэр өдөр Мосе ард олонд тушаан 12  «Та нарыг Иорданыг гаталсны дараа Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгийнхон ард түмэнд ерөөл хэлэхээр Геризим уулан дээр зогсох ёстой. 13  Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгийнхон ард түмэнд хараал хэлэхээр Ебал уулан дээр зогсох ёстой. 14  Левичүүд чанга дуугаар израйлчуудад ингэж хэлнэ. 15  “Сийлмэл юм уу металл шүтээн хийгээд нууцаар шүтсэн хүн хараагдана. Дархан хүний урласан иймэрхүү зүйлийг Ехова жигшдэг”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен*!” гэнэ. ) 16  “Эцэг эхээ үл тоомсорлодог хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 17  “Хөршийнхөө эзэмшлийн зах хязгаарыг өөрчилсөн хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 18  “Хараагүй хүнийг төөрүүлсэн хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 19  “Харийн оршин суугч, эцэггүй* хүүхэд, бэлэвсэн эмэгтэйд шударга бус хандсан хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 20  “Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн хараагдана. Учир нь тэр эцгээ хүндэтгээгүй юм”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 21  “Мал амьтантай хурьцсан хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 22  “Төрсөн эгч дүүтэйгээ буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой унтсан хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 23  “Хадам эхтэйгээ унтсан хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 24  “Хүнийг отож байгаад хөнөөсөн хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 25  “Гэмгүй хүнийг хөнөөхөөр хахууль авсан хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. ) 26  “Энэ хуулийг сахин биелүүлээгүй хүн хараагдана”. (Тэгэхэд нь ард олон бүгдээрээ “Амен!” гэнэ. )

Зүүлт

Эсвэл «шохойд»
Эсвэл «шохойд»
Эсвэл «Ёсоор болтугай»
Эсвэл «өнчин»