Дэд хууль 29:1–29

  • Моабт израйлчуудтай байгуулсан гэрээ (1-13)

  • Дуулгаваргүй байвал яах тухай (14-29)

    • Нууц зүйлс, илчлэгдсэн зүйлс (29)

29  Хоребт байгуулсан гэрээнээс гадна дараах гэрээг Моабын нутагт израйлчуудтай байгуулахыг Ехова Мосед тушаасан билээ.  Мосе израйлчуудыг дуудаж «Та нар Египетэд Ехова Бурхнаа фараон болон түүний бүх албат, газар нутагт нь юу хийснийг нүдээрээ үзсэн.  Агуу тэмдэг, гайхамшгууд үйлдэж хатуу шийтгэхийг нь* харсан.  Гэхдээ Ехова та нарт ойлгох зүрх сэтгэл, харах нүд, сонсох чихийг өнөө хүртэл өгөөгүй.  Тэрбээр: “Би та нарыг цөлөөр 40 жил удирдахад өмссөн хувцас, угласан шаахай чинь элэгдээгүй.  Бас та нар талх идээгүй, дарс юм уу өөр ямар ч согтууруулах ундаа уугаагүй. Гэлээ ч би та нарын Бурхан Ехова гэдгээ мэдүүлэхийн тулд анхаарч халамжилсаар байсан” гэсэн.  Эцэст нь энэ газар ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй тулалдахаар ирсэн ч бид ялсан билээ.  Тэгээд бид газар нутгийг нь эзлэн авч реубенчүүд, гадчууд болон Манассе овгийнхны хагаст өв болгон өгсөн.  Бурхан энэ бүхнийг та нарын төлөө хийсэн учраас энэ гэрээний үгсийг сахиж, дуулгавартай дагагтун. Тэгвэл ажил үйлс чинь бүтэмжтэй байна. 10  Өнөөдөр Ехова Бурхныхаа өмнө та бүхэн зогсож байна. Танай овгуудын тэргүүнүүд, удирдагчид гээд израйл эр хүн бүр, 11  танай хүүхэд багачууд, эхнэрүүд, хуаранд чинь суудаг мод бэлтгэгчээс авхуулаад ус татдаг харийн оршин суугчид хүртэл 12  Ехова Бурхныхаа гэрээ тангарагт нэгдэхээр зогсож байна. Ехова Бурхан чинь та нартай энэхүү гэрээг байгуулж байгаа нь 13  танай эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковт тангараглаж, та нарт амласнаараа та нарыг ард түмнээ болгож Бурхан чинь болохын тулд юм. 14  Ам тангараг өргөж байгуулсан энэхүү гэрээг би зөвхөн та нартай байгуулж байгаа юм биш. 15  Өнөөдөр энд Ехова Бурхны маань өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй мөн өнөөдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй байгуулж байна. 16  (Та нар Египетэд хэрхэн амьдарч байснаа, янз бүрийн үндэстний нутгаар хэрхэн явж ирснээ сайн мэднэ. 17  Тэдний дунд байсан бузар булай зүйлс, мод, чулуу, алт, мөнгөн жигшүүрт шүтээнүүдийг* та нар харсан.) 18  Тэдгээр үндэстний бурхдыг шүтэж Ехова Бурхнаасаа нүүр буруулах эрэгтэй, эмэгтэй хүн, гэр бүл, овог та нарын дунд өнөөдөр бүү байг. Та нарын дунд хортой, гашуун ургамал ургуулдаг үндэс шиг тийм хүн байж болохгүй. 19  Хэн нэгэн хүн энэ тангаргийн үгийг сонсоод “Би хүссэнээрээ амьдарсан ч надад юу ч тохиолдохгүй” гэж хэлэн бардамнаж, түүнээс болоод эргэн тойрных нь хүмүүс хохироход хүрвэл 20  Ехова тэр хүнийг уучлахгүй. Харин ч Ехова уурлан хилэгнэнэ. Энэ номд бичигдсэн бүх хараал түүн дээр заавал бууна. Ехова тэр хүний нэрийг тэнгэрийн доороос арчин хаях болно. 21  Ехова Израйлын бүх овгийн дундаас ганцхан тэр хүний дээр энэ Хуулийн номд бичигдсэн гэрээн дэх бүх хараалын дагуу гамшиг буулгана. 22  Ирээдүй хойч үеийнхэн чинь, мөн алс холоос ирэх харийн хүмүүс Еховагийн буулгах гай гамшгийг харна. 23  Ехова уурлан хилэгнэхдээ Содом, Гоморра, Адма, Зебойимыг хөмрүүлсэн шигээ тэр нутагт хүхэр, давс, гал буулгаж тэр нутгийг үр ч тарьж болохгүй, өвс ногоо ч ургахгүй, үржил шимгүй болгоно. 24  Хойч үеийнхэн чинь, харийн оршин суугчид, бусад бүх үндэстэн: “Ехова яагаад энэ нутгийг ийм болгочихов оо? Яагаад ингэж их хилэгнэсэн юм бол оо?” гэхэд нь 25  хүмүүс: “Эцэг өвгөдийнх нь Бурхан Ехова тэднийг Египетээс гаргаад гэрээ байгуулсан боловч тэд гэрээг нь дагаагүй юм. 26  Тэд явж өөрсдийнхөө ч мэдэхгүй, түүний шүтэхийг хориглосон бурхдад үйлчилж, мөргөсөн. 27  Тэгээд Ехова тэр нутгийн хүмүүст уурлан хилэгнэж энэ номд бичигдсэн бүх хараалыг буулгасан. 28  Ехова ихэд зэвүүцэн, уурлан хилэгнэж тэднийг хөрснөөс нь суга татаж гарган одоо байгаа газар нь аваачсан” гэж хэлнэ. 29  Ехова бүх нууцыг мэддэг бөгөөд илчлэхийг хүссэн бүхнээ бидэнд болон үр удамд маань үеэс үед илчилнэ. Энэ нь биднээр энэ Хуулийн бүх үгсийг сахиулах зорилготой.

Зүүлт

Эсвэл «сүрдмээр шүүлт явуулахыг нь», «сайтар сорихыг нь»
Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.