Дэд хууль 30:1–20
30 Миний хэлсэн ерөөл ба хараалын үг бүгд биелж, та нар Ехова Бурхандаа хөөгдөж очсон харийн нутагт энэ бүхнийг санаад
2 та нар болон үр хүүхдүүд чинь бүхий л зүрх сэтгэл, амь биеэрээ тэмүүлэн байж Ехова Бурхандаа эргэн ирж, дуулгавартай байн миний өнөөдөр тушааж байгаа бүхнийг биелүүлбэл
3 Ехова Бурхан чинь та нарыг олзноос чөлөөлж, өршөөл энэрлээ үзүүлж, Ехова Бурхны чинь та нарыг тараасан байсан үндэстнүүдээс буцаан авчирна.
4 Та нарыг дэлхийн хязгаар хүртэл тарсан байлаа ч Ехова Бурхан чинь цуглуулж, буцааж авчирна.
5 Та нарын Бурхан Ехова эцэг өвгөдийн чинь эзэмшиж байсан газар луу та нарыг аваачиж тэр нутгийг эзэмшүүлэн, сайн сайхан амьдруулж, эцэг өвгөдөөс чинь илүү өнөр өтгөн болгоно.
6 Ехова Бурхан чинь та нарыг өөрийг нь бүхий л зүрх сэтгэл, бүхий л хүч чадлаараа хайрлаж, тэгснээр амьд яваасай гэсэндээ Ехова Бурхан чинь та нарын болон үр удмын чинь зүрхийг ариусгана.
7 Та нарыг үзэн ядаж хавчдаг дайснууд дээр Ехова Бурхан чинь тэр хараалуудыг буулгана.
8 Та нар дахин Еховагийн үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр тушааж байгаа түүний бүх тушаалыг сахина.
9 Та нарын Бурхан Ехова гарын чинь үйл бүхнийг арвин ихээр ивээж, үр хүүхэд, мал сүрэг, газрын ургацыг чинь өсгөн нэмэгдүүлнэ. Ехова танай эцэг өвгөдийг сайн сайхан амьдруулахдаа баярласан шигээ та нарыг ч сайн сайхан амьдруулахдаа баярлана.
10 Учир нь та нар Ехова Бурхныхаа үгийг сонсож, Хуулийн энэ номд бичигдсэн тушаал, зарлигуудыг нь сахиж, Ехова Бурхандаа бүхий л зүрх сэтгэл, бүхий л амь биеэрээ тэмүүлэн байж эргэж ирэх юм.
11 Миний өнөөдөр өгч байгаа тушаал биелүүлэхийн аргагүй хэцүү биш, алс хол ч байдаг юм биш.
12 Тэнгэр огторгуйд ч байдаг юм биш. Тиймээс “Хэн бидний өмнөөс тэнгэр өөд гарч, түүнийг авчран бидэнд сонсгож, мөрдүүлэх юм бэ?” гэж хэлэх хэрэггүй.
13 Тэнгисийн цаад захад ч байдаг юм биш тул “Хэн бидний өмнөөс тэнгисийг гаталж нөгөө талд нь очоод, түүнийг авчран бидэнд сонсгож, мөрдүүлэх юм бэ?” гэх хэрэггүй.
14 Харин ч тэдгээр үг нь та нарт тун ойрхон, аманд чинь, зүрх сэтгэлд чинь байгаа учраас даган биелүүлэх боломжтой билээ.
15 Би өнөөдөр та нарт амь амьдрал ба сайн сайхан, үхэл ба муу муухай гэсэн сонголтыг өгч байна.
16 Өнөөдөр миний хэлсэн Ехова Бурхныхаа тушаал ёсоор Ехова Бурхнаа хайрлаж, заасан замаар нь явж, хууль тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь мөрдвөл та нар амьд явж, өнөр өтгөн болно. Ехова Бурхан чинь эзэмших гэж байгаа нутагт чинь ивээнэ.
17 Гэхдээ зүрх сэтгэл чинь хувирч, дуулгаваргүй болж, өөр бурхдад уруу татагдан мөргөж, үйлчилбэл
18 та нар зайлшгүй устгагдах бөгөөд Иорданыг гатлаад эзэмшиж авах газар нутаг дээрээ урт удаан амьдрахгүй гэдгийг би өнөөдөр хэлж байна.
19 Би өнөөдөр амь ба үхэл, ерөөл ба хараалаас сонгуулахаар өмнө чинь тавьж, тэнгэр газрыг та нарын эсрэг гэрч болгож байна. Та нар болон үр удам чинь амьд явахын тулд амийг сонгох ёстой.
20 Өөрөөр хэлбэл Ехова Бурхнаа хайрлаж, дуулгавартай байн, түүнээс зуурах ёстой. Яагаад гэвэл тэрбээр та бүхэнд амь амьдрал бэлэглэдэг бөгөөд түүний ачаар та нар урт удаан амьдарна. Эцэг өвгөд чинь болох Абрахам, Исаак, Иаков нарт өгнө гэж Еховагийн тангарагласан нутагт аж төрөн сууна» гэжээ.