Дэд хууль 31:1–30

  • Мосегийн сүүлчийн захиас (1-8)

  • Хуулийг ард түмэнд уншиж сонсгох (9-13)

  • Иошуа томилогдов (14, 15)

  • Израйл тэрслэхийг зөгнөв (16-30)

    • Израйлчуудад заах дуу (19, 22, 30)

31  Дараа нь Мосе израйлчууд руу дөхөж очоод ийн хэлжээ.  Тэрбээр: «Одоо би 120 настай. Ехова надад “Чи Иорданыг гатлахгүй” гэсэн учраас би цаашид та нарыг удирдахгүй.  Ехова Бурхан чинь та нарын өмнө гол гаталж, урд чинь байгаа тэдгээр үндэстнийг бүрмөсөн устгах бөгөөд та нар тэр нутгийг эзэмшинэ. Еховагийн айлдсанаар Иошуа та нарыг удирдан гол гатална.  Ехова аморичуудын хаад болох Сихон, Ог хоёрыг устгаж, газар нутгийг нь сүйрүүлсэн шигээ тэдэнд ч мөн тийнхүү хандана.  Тэднийг ялахад чинь Ехова тусална. Та нар миний өгсөн бүх тушаалын дагуу тэдэнд гүйцэтгэх ёстой.  Зоригтой, тууштай байгтун! Ехова Бурхан чинь та нартай хамт яваа учраас тэднээс бүү айж сүрд. Тэрбээр та нарыг хаяхгүй, орхихгүй» гэв.  Тэгээд Мосе Иошуаг дуудаж ирүүлээд израйлчуудын нүдэн дээр «Зоригтой, тууштай байгтун! Яагаад гэвэл энэ ард түмэнд өгнө гэж эцэг өвгөдөд нь Еховагийн тангарагласан нутагт чи тэднийг аваачиж, тэр нутгийг өв болгон өгнө.  Та нартай хамт яваа Ехова цаашдаа ч хамт байна, хаяхгүй, орхихгүй. Бүү айж зүрхшээ!» гэж хэлэв.  Дараа нь Мосе энэ хуулийг бичээд Еховагийн гэрээний авдрыг авч явдаг леви тахилчдад болон Израйлын бүх ахлагчид өгөв. 10  Мосе тэдэнд тушаан «Долоо дахь жил бүрийн эцэст, Чөлөөлөлтийн жилийн тогтсон цагт буюу Саравчинд суух баярын* үеэр 11  израйлчуудыг Ехова Бурхныхаа өмнө, сонгосон газарт нь цуглахад энэ Хуулийг уншиж тэдэнд сонсго. 12  Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хотуудад чинь суудаг харийн хүмүүс гээд ард олныг бүгдийг нь цуглуул. Тэгснээр тэд энэ хуулийг сонсоод Ехова Бурхны чинь тухай сурч, түүнээс эмээн, энэ Хуульд бичигдсэн бүхнийг хянуур дагаж мөрддөг болно. 13  Та нар Иорданыг гатлан очоод эзэмших гэж байгаа газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ Хуулийг мэддэггүй хүүхдүүддээ сонсгож, Ехова Бурхнаасаа эмээхийг сурга» гэв. 14  Ехова Мосед «Үхэх цаг чинь ойртож байна. Иошуаг дуудаад та хоёр цугларалтын асар луу яв. Би түүнийг томилъё» гэж айлдав. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж цугларалтын асар луу очлоо. 15  Тэгэхэд Ехова үүлэн багана дунд үзэгдэж, тэр үүл асрын үүд хавьцаа тогтов. 16  Ехова Мосед «Үхэх цаг чинь ойртож байна. Энэ ард түмэн очих гэж байгаа нутагтаа харийн бурхдыг шүтнэ*. Тэд намайг орхиж, өөрсөдтэй нь байгуулсан гэрээг зөрчинө. 17  Тэр үед би уурлан хилэгнэж, тэднийг орхих бөгөөд устаж үгүй болтол нь нүүр өгөхгүй. Тэд олон гай гамшиг, зовлон зүдгүүр үзээд “Бурхан дунд маань байхгүй байгаа болохоор л энэ бүх гай зовлон тохиолдож байгаа биш үү?” гэж хэлнэ. 18  Гэсэн ч би тэднийг өөр бурхад руу урваж, бузар мууг үйлдсэнээс нь болж тэр өдөр ч нүүр өгөхгүй. 19  Одоо энэ дууг өөрсдөдөө зориулж бичиж аваад израйлчуудад заа. Бурханд дуулгаваргүй байвал юу болохыг энэ дуу израйлчуудад сануулах учраас зааж өг. 20  Би эцэг өвгөдөд нь амласан сүү балаар бялхсан нутагт тэднийг аваачихад тэд идэж цадан, дэвжин дээшлээд өөр бурхад руу урван тэдэнд үйлчилж, намайг үл хүндэтгэж, гэрээг минь зөрчинө. 21  Тэдэнд олон гай гамшиг, зовлон зүдүүр тохиолдоход энэ дуу Бурханд дуулгаваргүй байвал юу болдгийг сануулна. (Тэдний үр удам энэ дууг мартах ёсгүй юм.) Би тэднийг амласан нутагтаа аваачаа ч үгүй байхад тэд ийм хандлагатай болсныг би мэдэж байна» гэж айлдав. 22  Тиймээс Мосе тэр өдөртөө энэ дууг бичиж аваад израйлчуудад заажээ. 23  Тэрбээр* Нуны хүү Иошуаг томилж «Зоригтой, тууштай бай! Яагаад гэвэл чи израйлчуудыг миний тэдэнд амласан нутаг руу аваачна. Би үргэлж чамтай хамт байна» гэжээ. 24  Мосе энэ хуулийн бүх үгийг номд бичиж дуусмагцаа 25  Еховагийн гэрээний авдрыг авч явдаг левичүүдэд тушаан 26  «Энэ Хуулийн номыг аваад Ехова Бурхныхаа гэрээний авдрын хажууд тавь. Энэ нь та нарын эсрэг гэрчлэх гэрч болно. 27  Би энэ ард түмнийг хэчнээн тэрслүү, хэчнээн зөрүүд* болохыг сайн мэднэ. Намайг амьд байхад Еховад ингэж их тэрсэлж байгаа юм чинь үхсэний дараа хэчнээн их тэрслэх бол! 28  Овгуудынхаа бүх ахлагч, удирдагчдыг над дээр авчир. Би тэдэнд энэ бүхнийг сонсгож, тэнгэр газрыг тэдний эсрэг гэрч болгоё. 29  Учир нь намайг үхсэний дараа та нар бузар мууг үйлдэж, тушаасан замаас маань хазайхыг би сайн мэдэж байна. Та нар Еховагийн буруу гэж үздэг зүйлийг хийж, гарынхаа үйлс бүхнээр түүнийг хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд гай гамшиг та нарын дээр гарцаагүй бууна» гэв. 30  Тэгээд Мосе израйлчуудыг сонсож байхад энэ дууны үгийг эхнээс нь дуустал ийн хэлж өгчээ.

Зүүлт

Бас «Майхан баяр» гэдэг.
Эсвэл «харийн бурхадтай завхайрна»
Бурхныг хэлсэн бололтой.
Үгч. «хөшүүн хүзүүтэй»