Дэд хууль 4:1–49

  • Дуулгавартай байхыг шаардав (1-14)

    • Бурхны үйлсийг бүү март (9)

  • Ехова өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг (15-31)

  • Еховагаас өөр бурхан байхгүй (32-40)

  • Иорданы зүүн тал дахь хоргодох хотууд (41-43)

  • Хуулийн оршил (44-49)

4  Израйл аа, та нарыг дагаж мөрдөг хэмээн миний зааж буй хууль тушаал, шийдвэрийг одоо анхааран сонс. Тэгснээр та нар амьд мэнд байж, эцэг өвгөдийнхөө Бурхан Еховагийн өгч буй газар нутаг руу орж эзэмших болно. 2  Та нар миний өгч байгаа тушаал дээр юу ч нэмж, юу ч хасаж болохгүй. Миний та нарт өгч байгаа Ехова Бурхныхаа тушаалуудыг сахь. 3  Пеорын Баалын хэрэг явдлаас болж Ехова юу хийснийг та нар нүдээрээ үзсэн. Ехова Бурхан чинь та нарын дундаас Пеорын Баалыг дагасан бүх хүнийг устгасан билээ. 4  Харин Ехова Бурхандаа үнэнч* байсан та нар өнөөдөр бүгд амьд байна. 5  Би Ехова Бурхныхаа тушааснаар хууль тушаал, зарлигийг нь та нарт заасан. Та нар эзэмшлээ болгон авах газар нутагтаа тэдгээрийг сахих ёстой. 6  Чанд сахигтун. Тэгвэл тэдгээр бүх хууль тушаалын тухай сонсох өөр үндэстнүүдэд та нар мэргэн ухаантай, ухааран ойлгох чадвартай гэж танигдана. Тэд: “Энэ агуу үндэстэн үнэхээр мэргэн ухаантай, ухааран ойлгох чадвартай юм” гэцгээнэ. 7  Бидний Бурхан Ехова залбирах бүрд маань хариулдаг. Бурхадтайгаа ийм дотно өөр ямар агуу үндэстэн байна вэ? 8  Миний та нарт өгч байгаа энэ бүх хууль шиг тийм шударга зарлиг, шийдвэртэй агуу үндэстэн байна гэж үү? 9  Үзсэн харснаа насан туршдаа зүрх сэтгэлдээ хадгалж, мартахгүйн тулд болгоомжтой байж, өөрийгөө хяна. Бас тэдгээрийг үр хүүхэд, ач зээ нартаа таниулж мэдүүлэгтүн. 10  Та нарыг Хоребт Ехова Бурхныхаа өмнө зогсож байсан тэр өдөр Ехова надад “Ард олныг нааш нь цуглуул. Би тэдэнд үгээ сонсгоё. Тэгснээр тэд газар дэлхий дээр амьд байх бүхий л хугацаандаа надаас эмээхэд суралцаж, сурснаа үр хүүхдэдээ зааж сургах юм” гэж айлдсан билээ. 11  Тэгээд та нарыг уулын хормойд ойртон зогсоход уул шатаж, гал нь тэнгэр өөд дүрэлзэн асаж байв. Эргэн тойронд нь түнэр харанхуй, өтгөн хар үүлтэй байлаа. 12  Ехова галан дундаас та нартай ярьсан. Та нар ярихыг нь сонссон ч ямар ч хэлбэр дүрс хараагүй. Зөвхөн дуу хоолой л сонссон. 13  Тэрбээр та нарын дагаж мөрдөх ёстой 10 тушаал бүхий гэрээг та нарт тунхагласан билээ. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр өөрөө бичсэн. 14  Тэдгээр хууль тогтоол, тушаал зарлигийг та нар эзэмших нутагтаа очоод сахих ёстой. Та нарт тэдгээрийг зааж өгөхийг Ехова тэр үед надад тушаасан. 15  Ехова та нартай Хоребт галан дундаас ярьсан тэр өдөр та нар ямар ч хэлбэр дүрс хараагүй учраас хянамгай бай. 16  Та нар өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрстэй шүтээн хийж завхарч болохгүй. Эр, эм хүнтэй төстэй зүйл, 17  газар дээрх амьтадтай төстэй зүйл, тэнгэрт нисэх жигүүртэн шувуудтай төстэй зүйл, 18  газар дэлхий дээрх хэвлээр явагч амьтадтай төстэй зүйл, усан доторх загас жараахайтай төстэй зүйл хийж болохгүй. 19  Та нар тэнгэр өөд хараад тэнгэрийн эрхэс болох нар, сар, оддод татагдаж тэдгээрт мөргөж, үйлчлүүзэй. Ехова Бурхан чинь тэдгээрийг тэнгэрийн доорх бүх хүний төлөө бүтээсэн юм. 20  Ехова та нарыг одоогийнх шигээ ард түмнээ болгож өмчлөхийн тулд та нарыг сонгож, төмөр хайлуулах зуухтай зүйрлэм Египетээс гаргаж авчирсан. 21  Ехова та нараас болж надад уурлаж, намайг Иорданыг гатлуулахгүй, Ехова Бурхны чинь өв болгон өгч байгаа тэр сайхан нутаг руу оруулахгүй гэж тангарагласан. 22  Би энэ нутагт үхэж, Иорданыг гатлахгүй. Харин та нар гаталж, тэр сайхан нутгийг эзэмшинэ. 23  Ехова Бурхныхаа өөрсөдтэй чинь байгуулсан гэрээг мартахгүйн тулд хянамгай байгтун. Ехова Бурхныхаа хориглосон ямар ч хэлбэр дүрстэй шүтээнийг өөрсдөдөө бүү сийл. 24  Учир нь Ехова Бурхан чинь шатаах гал мэт бөгөөд өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг Бурхан билээ. 25  Та нар тэр нутагт үр хүүхэд, ач зээ нартай болж урт удаан амьдрахдаа завхран гажуудаж, ямар нэг шүтээн сийлж, Ехова Бурхныхаа өмнө бузар мууг үйлдэн түүнийг уурлуулбал, 26  одоо Иорданыг гаталж очоод эзэмших гэж байгаа нутгаасаа даруй устгагдана гэдгийг би өнөөдөр тэнгэр, газрыг гэрч болгон тангараглаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, бүрмөсөн устгагдана. 27  Ехова та нарыг үндэстнүүдийн дунд тараах болно. Еховагийн та нарыг тараасан үндэстнүүдийн дунд та нар цөөхүүлээ амьд үлдэнэ. 28  Тэнд та нар хүний гарын бүтээл болох харж, сонсож, идэж, үнэрлэж чаддаггүй мод, чулуун бурхдад үйлчлэхэд хүрнэ. 29  Харин та нар тэнд Ехова Бурхнаа чин зүрхнээсээ эрэлхийлж, оюун ухаанаа* дайчлан хайвал түүнийг олно. 30  Хожим та нар зовж зүдэрч, энэ бүх зүйл та нарт тохиолдоход та нар Ехова Бурхандаа эргэн ирж, үгийг нь сонсоно. 31  Учир нь Ехова Бурхан чинь өршөөнгүй Бурхан. Тэрбээр та нарыг орхихгүй, сүйрүүлэхгүй, эцэг өвгөдтэй чинь байгуулсан гэрээгээ мартахгүй. 32  Та нарыг бий болохоос өмнөх, Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэн өдрөөс хойших урьдын өдрүүдийн талаар газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл асууж сурагла. Өмнө нь ийм агуу явдал болж байв уу? Үүн шиг юм урьд нь дуулдаж байсан уу? 33  Галан дундаас Бурхны айлдахыг сонсоод та нар шиг амьд үлдсэн ард түмэн байна уу? 34  Ехова Бурхан чинь та нарын нүдэн дээр Египетэд та нарын төлөө шийтгэл оноож*, тэмдэг, гайхамшиг үйлдэж, тулалдаж, айдас төрүүлэм зүйлсийг хийн та нарыг хүчирхэг, дийлдэшгүй мутраараа чөлөөлсөн шигээ нэг үндэстнийг нөгөө үндэстнээс чөлөөлж өөртөө авч байсан уу? 35  Ехова жинхэнэ Бурхан гэдгээ мэдүүлэхийн тулд энэ бүхнийг та нарт үзүүлсэн юм. Түүнээс өөр Бурхан байхгүй. 36  Тэрбээр та нарыг засаж залруулахын тулд тэнгэрээс дуу хоолойгоо сонсгож, газар дээр агуу их гал гаргахад та нар тэр галан дундаас үгийг нь сонссон. 37  Тэрбээр танай эцэг өвгөдийг хайрлаж, үр удмыг нь ард түмнээ болгон сонгосон учраас та нарыг Египетээс агуу хүчээрээ гарган, өөрөө хамт явсан. 38  Тэрбээр өнөөдрийнх шиг та нарыг өөрсдөөс чинь илүү агуу, хүчирхэг үндэстнүүдийн газар нутагт аваачиж та нарт нутгийг нь өв болгон өгөхийн тулд тэдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулсан. 39  Дээр тэнгэр, доор газарт Ехова бол жинхэнэ Бурхан гэдгийг та нар өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав. Түүнээс өөр бурхан байхгүй. 40  Та нар болон үр удам чинь сайн сайхан явахын тулд өнөөдөр миний өгч байгаа хууль, тушаалыг сахих ёстой. Тэгвэл та нар Ехова Бурхныхаа өгч байгаа газар нутаг дээр урт удаан амьдарна» гэжээ. 41  Тэр үед Мосе Иорданы зүүн талд гурван хотыг тусгаарлажээ. 42  Урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн алсан хүн тэдгээр хотын аль нэг рүү зугтан очиж амиа аврах ёстой. 43  Хоргодох хот болгож тэгш өндөрлөг дээрх цөлд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад өгөв. 44  Израйлын ард түмний өмнө Мосегийн тогтоосон хууль нь энэ юм. 45  Эдгээр сануулга, хууль тогтоол, зарлигийг Мосе израйлчуудыг Египетээс гарсны дараа өгсөн юм. 46  Ингэхдээ Иорданы бүс нутаг дахь Бет-пеорын эсрэг талын хөндийд байхдаа өгчээ. Тэр газар нь Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоны нутаг бөгөөд Сихоныг Мосе болон израйлчууд Египетээс гарсныхаа дараа ялсан билээ. 47  Тэд түүний газар нутгийг, бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэлсэн. Ийнхүү Иорданы зүүн бүс нутаг дахь аморичуудын хоёр хааны газрыг эзэлсэн юм. 48  Тэдний газар нутаг нь Арноны хөндийн* зах дахь Ароероос хойшоогоо Хермон буюу Сион уул хүртэл, 49  мөн Иорданы зүүн бүс нутаг дахь Арабагийн бүх нутаг, цаашлаад Писгагийн бэл дэх Арабагийн тэнгис* хүртэл байв.

Зүүлт

Эсвэл «Бурхнаасаа зуурч»
Еврей үг нь хүнийг тэр чигт нь хэлдэг.
Эсвэл «шүүлт явуулж», «сорьж»
Эсвэл «сайрын»
Давст тэнгис буюу Сөнөсөн тэнгис