Дэд хууль 6:1–25

  • Еховаг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла (1-9)

    • «Сонс, Израйл аа!» (4)

    • Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах (6, 7)

  • Еховагаа мартуузай! (10-15)

  • Ехова Бурхнаа сорьж болохгүй (16-19)

  • Хойч үедээ хэлээрэй (20-25)

6  Эдгээр нь Иорданыг гатлан очоод эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх хууль, тушаал, шийдвэр бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг Ехова Бурхан чинь надад тушаасан юм. 2  Та нар, үр ач нар чинь урт удаан амьдрахын тулд Ехова Бурхнаасаа эмээж, миний та нарт өгч байгаа Бурхныхаа хууль тушаалыг насан туршдаа сахих ёстой. 3  Сонс, Израйл аа! Эдгээрийг чанд сахигтун. Ингэснээр та нар эцэг өвгөдийнхөө Бурхан Еховагийн та нарт амласан сүү балаар бялхсан нутагт сайн сайхан амьдарч, өнөр өтгөн болно. 4  Сонс, Израйл аа! Ехова бол бидний Бурхан. Ехова бол цорын ганц. 5  Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла. 6  Өнөөдөр миний өгч байгаа эдгээр тушаалыг та нар зүрх сэтгэлдээ нандигнах ёстой. 7  Бас үр хүүхдэдээ хичээнгүйлэн зааж*, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч ярьж байгтун. 8  Гаран дээрээ сануулга мэт уяж, духан дээрээ тэмдэг мэт байлга. 9  Эдгээр тушаалыг гэрийнхээ хаалганы хатавч, бас дааман хаалганууд дээрээ бич. 10  Ехова Бурхан чинь та нарт өгнө гэж танай эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаков нарт амласан тэр нутагтаа та нарыг аваачихад та бүхэн өөрсдөө барьж байгуулаагүй том сайхан хотууд, 11  өөрсдөө зүтгэж олоогүй мөртлөө сайн сайхан бүхнээр дүүрэн байшинд сууж, ухаагүй нөөцлүүрээсээ ууж, тарьж ургуулаагүй усан үзмийн талбай, чидун моддоос идэж цадах болно. 12  Тэр үед та нар сэрэмжтэй бай. Египетийн боолчлолоос чөлөөлсөн Еховагаа мартуузай! 13  Та нар Ехова Бурхнаасаа эмээж, түүнд үйлчилж, нэрээр нь тангарагла. 14  Өөр бурхдыг буюу эргэн тойрныхоо үндэстнүүдийн ямар ч бурхныг шүтэх ёсгүй. 15  Учир нь та нарын дунд байгаа Ехова Бурхан чин үнэнч байхыг шаарддаг Бурхан. Хэрэв өөр бурхдыг шүтвэл Ехова Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, та нарыг газрын хөрснөөс арчина. 16  Та нар Ехова Бурхнаа Массад сорьсон шигээ сорьж болохгүй. 17  Та нар Ехова Бурхныхаа сахь гэж өгсөн тушаал, сануулга, хуулийг хичээнгүйлэн сахигтун. 18  Сайн сайхан амьдаръя гэвэл, бас эцэг өвгөдөд чинь Еховагийн амласан тэр сайхан газар нутагт орж эзэмшье гэвэл Еховагийн зөв, сайн гэж үздэг бүхнийг хийх ёстой. 19  Еховагийн амласанчлан та нар хамаг дайснаа өмнөөсөө хөөн зайлуулна. 20  Хожим хүүхдүүд чинь “Ехова Бурхан маань яагаад энэ сануулга, шийдвэр, хуулиудыг өгсөн юм бэ?” гэж асуувал 21  та нар хүүхдүүддээ “Бид Египетэд фараоны боол байсан. Харин Ехова хүчит мутраараа биднийг Египетээс гаргаж авчирсан. 22  Ехова нүдэн дээр маань агуу аймшигтай тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэж, египетчүүд, фараон, мөн түүний гэр бүл, зарц шивэгчдийг зовоосон. 23  Тэрбээр эцэг өвгөдөд маань амласан энэ нутгийг бидэнд өгөхийн тулд биднийг тэндээс гаргаж авчирсан юм. 24  Тэгээд Ехова биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд үүрдийн сайн сайхны маань төлөө эдгээр бүх хуулийг сахихыг, Ехова Бурхнаасаа эмээхийг тушаасан юм. 25  Хэрвээ бид тушааснаар нь энэ бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж, Ехова Бурхандаа дуулгавартай байвал үнэнч шударга хүмүүс гэж тооцогдоно” гэж хэлээрэй.

Зүүлт

Эсвэл «үр хүүхдэдээ дахин дахин хэлж», «үр хүүхдийнхээ сэтгэлд хоногшуулж»