Египетээс гарсан нь 10:1–29

  • 8-р гамшиг: Царцаа (1-20)

  • 9-р гамшиг: Түнэр харанхуй (21-29)

10  Дараа нь Ехова Мосед «Фараон дээр оч. Би түүнийг албат зарц нартайгаа зөрүүдлэхийг зөвшөөрсөн нь түүнд эдгээр тэмдгийг үзүүлэхийн тулд юм.  Бас чамайг хөвгүүд, ач нартаа миний египетчүүдэд хэчнээн хатуу ширүүн хандсаныг, тэдний дунд ямар тэмдгүүдийг үзүүлснийг яриасай гэснийх юм. Тэгээд та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно» гэж айлдав.  Мосе Аарон хоёр фараонд бараалхаж «Еврейчүүдийн Бурхан Ехова ингэж айлдаж байна. “Чи хэр удаан зөрүүдлэх юм бэ? Миний ард түмнийг явуул. Тэд намайг шүтэг*.  Ард түмнийг маань явуулахгүй байгаад байвал маргааш танай нутаг руу царцаануудыг явуулна.  Царцаанууд газрын гадаргууг бүрхэхэд газар харагдахгүй болно. Мөндөрт цохигдоогүй үлдсэн юмыг чинь идэж, хээр ургаж байгаа та нарын бүх модыг иднэ.  Чиний орд харш, орон гэрүүд, бүх албат зарцын чинь гэрүүд, египетчүүдийн бүх гэр царцаагаар дүүрнэ. Танай эцэг өвгөдийн үеэс өнөөг хүртэл болж байгаагүй, эцэг өвгөдийн чинь огт үзэж байгаагүй явдал болно”» гэлээ. Ингээд тэрбээр эргэж фараоныхоос гарав.  Албат зарц нар нь фараонд «Энэ хүн биднийг хэр удаан айлган сүрдүүлэх юм бэ? Хүмүүсийг нь явуулж, Ехова Бурхныг нь шүтүүлчихээч дээ. Египет сүйрч байгааг та ойлгохгүй байна гэж үү?» гэлээ.  Тэгэхэд нь фараон Мосе Аарон хоёрыг дуудаж авчруулаад «Явж, Ехова Бурхнаа шүтэцгээ. Харин хэн, хэн явах вэ?» гэхэд  Мосе: «Бид Еховад зориулж баяр тэмдэглэх учраас хүүхэд хөгшид, хөвгүүд охид, мөн хонь, үхрээ авч явна» гэж хэлэв. 10  Гэтэл фараон тэдэнд «Би та нарыг хүүхдүүдтэй чинь явуулчихвал, ёстой л Ехова та нарт тусалсан болог! Та нар л болсон хойно хорон муу юм сэдэж байгаа биз! 11  Санасны чинь гарз! Гуйснаараа танай эрчүүд л явж Еховаг шүтнэ биз» гэх нь тэр! Тэгээд тэр хоёр фараоныхоос хөөгдөж гарчээ. 12  Ехова Мосед «Гараа Египетийн нутаг дээгүүр сунгаж царцаануудыг оруул. Тэгвэл царцаанууд Египетийн нутгийг бүрхэж, мөндөрт цохиулаагүй үлдсэн бүх өвс ургамлыг иднэ» гэж айлдав. 13  Мосег тэр даруй Египетийн нутаг дээгүүр таягаа сунгахад Ехова зүүн зүгээс өдөржин, шөнөжин салхи салхилуулав. Маргааш өглөө нь гэхэд тэр салхи царцаануудыг авчирсан байлаа. 14  Царцаанууд Египетийн нутагт орж ирээд хамаг нутаг дэвсгэрийг нь нөмрөв. Үнэхээр гамшиг нүүрлэжээ. Урьд өмнө хэзээ ч үзэгдээгүй, хойшид ч гарч ирэхээргүй тийм их царцаа байлаа! 15  Царцаанууд Египет нутгийг тэр чигээр нь нөмөрсөн учраас газар нутаг харанхуйлав. Тэд мөндөрт цохиулаагүй үлдсэн тал хээрийн хамаг өвс ургамал, мод бутны үр жимсийг бүгдийг нь цөлмөсөн тул Египет даяар тал хээрийн өвс ургамал, мод бутнаас ногоон гэх юм юу ч үлдсэнгүй. 16  Тэгэхэд фараон Мосе Аарон хоёрыг яаравчлан дуудуулаад «Би танай Бурхан Еховагийн өмнө, та нарын өмнө гэм буруутай. 17  Ганцхан удаа миний нүглийг уучлаач. Бас миний дээр буулгасан энэ хөнөөлт гамшгаа зайлуулж өгөхийг Ехова Бурхнаасаа гуйж өгөөч» гэж хэлэв. 18  Тэгэхэд нь тэрбээр* фараоныхоос гарч яваад Еховагаас гуйжээ. 19  Тэр үед Ехова салхины чигийг өөрчлөн баруун зүгээс хүчтэй шуурга босгов. Шуурга царцаануудыг Улаан тэнгис рүү хаман одлоо. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй. 20  Ехова фараоныг зөрүүдлэн муйхарлахыг нь зөвшөөрсөн бөгөөд фараон израйлчуудыг явуулсангүй. 21  Ехова Мосед «Гараа тэнгэр өөд сунга. Тэгвэл Египетийн нутагт харанхуй болно. Бүр түнэр харанхуй болно» гэхэд 22  Мосе тэр даруй гараа тэнгэр өөд сунгав. Тэгтэл Египетийн бүх нутгийг гурван хоногийн турш түнэр харанхуй нөмөрлөө. 23  Ийнхүү тэд нэг нэгнээ харж чадахгүй, гэрээсээ гарч чадалгүй гурав хонов. Харин израйлчуудын байсан газар гэрэл гэгээтэй байлаа. 24  Тиймээс фараон Мосег дуудаж ирүүлээд «Явж, Еховагаа шүт. Хүүхдүүд чинь ч хамт явж болно. Хонь үхрээ л үлдээ» гэхэд 25  Мосе: «Та биднийг Ехова Бурхандаа өргөх тахил болон шатаалт тахилын малаар хангах ёстой*. 26  Бид мал сүргээ бас авч явна. Нэгийг нь ч үлдээж болохгүй. Яагаад гэвэл Ехова Бурхнаа шүтэхдээ заримаар нь тахил өргөх юм. Бас ямар малаар Еховад тахил өргөхөө тэнд очиж байж л мэднэ» гэжээ. 27  Ехова фараоныг зөрүүдлэн муйхарлахыг нь зөвшөөрсөн бөгөөд фараон тэднийг явуулсангүй. 28  Фараон түүнд «Нүднээс далд ор! Надад дахиж бүү үзэгд! Үзэгдэх юм бол тэр өдрөө үхнэ гэж мэдээрэй!» гэж хэлэв. 29  Мосе: «Хэлснээр тань болог. Би таны нүүрийг дахиж харахгүй» гэлээ.

Зүүлт

Үгч. «надад үйлчлэг»
Мосе бололтой.
Эсвэл «малыг авч явахыг зөвшөөрнө үү»